|

Ерөнхийлөгч БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Түүнийг дагалдан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал  Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид уулзалтад оролцов. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, албаны бусад хүмүүс оролцсон юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпиний халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлав. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээг талархан хүлээж аваад БНХАУ-ын даргад хариу мэндчилгээ дэвшүүлж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойг БНХАУ ёслол төгөлдөр зохион байгуулсанд болон БНХАУ байгуулагдсаны 66 жилийн ойд баяр хүргэлээ. Мөн 2022 оны өвлийн олимп, 2019 оны цэргийн олимпийг тус тус зохион байгуулах эрхийг БНХАУ авсанд баяр хүргэж эдгээрийг 2008 оны зуны олимпийн нэгэн адил өндөр түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь өнгөрсөн 2014 онд БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хөрш хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дэвшүүлсэн түүхэн айлчлал болсныг тэмдэглэлээ. Мөн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал нь гурван том ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. Үүнд:

Нэгд, Хоёр орны Иж бүрэн стратегийн түшлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хоёрт, Батлан хамгаалах салбарын дээд хэмжээний айлчлал болж байгаа нь энэ салбарын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үйл явдал юм.

Гуравт, Айлчлалын мөрөөр хамтын ажиллагаа өргөжиж, тодорхой ажлууд хийгдэх байх хэмээн үзэж буйгаа хэллээ.

Хурандаа генерал Чан Ваньцюань "Монгол Улс эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна” гээд хоёр орны харилцаа амжилтай хөгжиж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Хоёр тал цаашид Энхийг сахиулах чиглэл зэрэгт хамран ажиллах боломжтойг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж байв.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хятадын ардын чөлөөлөх арми 2013 онд хоёр талын хамтарсан "Талын манлайлагч” гамшгийн уршгийг арилгах, авран хамгаалах ажиллагааны хээрийн сургалт дадлага хийсэнд баяртай байна гээд жил бүр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг "Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагагааны сургалтад энэ жил БНХАУ-аас анх удаа салааны бие бүрэлдэхүүнээ илгээн оролцуулсанд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харилцааны бүхий л чиглэлээр эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын "Талын зам” санаачилгыг Хятадын "Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь хоёр улсын цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болно гэж Монголын тал үзэж буйг мөн дурдаж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалд өндөр амжилт хүсэн ерөөснөөр уулзалт өндөрлөв.

zaluu.com