Алдарт дуучин, хөгжмийн зохиолч Шарль Азнавур 94 насандаа Францын зүүн өмнөд нутаг дахь гэртээ таалал төгсжээ. Энэ тухай телевизийн "BBC” суваг мэдээлэв.
Армен цагаачийн гэр бүлд төрсөн Ш.Азванур нь дэлхий даяар 180 сая гаруй цомог борлуулж, 60 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн юм. 1974 онд гаргасан "She” дуугаараа олонд танигдсан түүний одыг 2017 онд Холливудын Алдрын гудамжинд байрлуулж байсан билээ.
Тэрбээр 1998 онд "CNN” сувгийн "Зууны уран бүтээлч”-ээр шалгарч байсан ба 7 хэл дээр 1200 гаруй дуу бичүүлж, 94 оронд тоглолтоо хийж байжээ. Ш.Азванур нь хандивын ажилд идэвхийлэн оролцдог байсан бөгөөд 1988 онд Арменд болсон газар хөдлөлтийн дараа найз Левон Саяны хамтаар байгууллага байгуулж байжээ.
2009 онд түүнийг Арменаас Швейцарьт суух элчин сайдаар томилж байсан бөгөөд тэрбээр мөн НҮБ-ын Женев дэх Арменийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.
Дэлхий даяарх түүний олон мянган шүтэн бишрэгч цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж байгаагийн дунд олны танил олон хүн байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг