Хөдөлмөрийн үндэсний нам хэнийх нь мэдэгдэхгүй болчихлоо. Шинээр байгуулагдаж, өндөр боловсролтой залуусаар хүчээ нэмсэн ХҮН-ынхан хоёр хуваагдчихлаа. Өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Доржханд тэргүүтэй нөхөд өнөөдөр намын төв хорооны хурлаа хийж, намын дарга С.Ганбаатарыг огцруулчихав. Д.Доржхандын хэлж байгаагаар "Хөдөлмөрийн Үндэсний нам ёс зүйтэй нам. Монгол Улсад институцийг бий болгох, дүрэм журмаа сахиж ажиллана. Тэрнийхээ хүрээнд өнөөдрийн хурлаар ХҮ намын дарга С.Ганбаатарын асуудлыг хэлэлцэж намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн 2016 оны сонгуульд ажиллах багийг өнөөдрийн хуралдаанаар баталгаажууллаа” гэнэ.
Гэтэл С.Ганбаатарын талын тайлбар өөр. Тэдний хэлснээр бол намын төв хорооны гишүүдээ цуглуулж, 30 орчим гишүүнтэйгээр хурлаа хийн, намын даргаа чөлөөлсөн гэсэн нь хууль ёсных биш аж. Учир нь намын төв хорооны гишүүд нь маргааш хуралдах их хуралдаа бэлдэж байх хойгуур Д.Доржханд нарын нөхдийн хүмүүсийг суулган даргаа чөлөөлчихсөн болж таарах нь. Нийт аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 42 хүн сургалттай байх зуур 30 хүн хаанаас ч юм гарч ирэн хурал зохион байгуулчихсан бололтой. ХҮН-ын хувьд аймаг, нийслэлийн хорооны 56 гишүүнтэй аж.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил хэлэхдээ "Албан тушаалаас нь чөлөөлсөн ЕНБД асан Доржханд өнөөдөр өөрийг нь дэмждэг хэдэн хүмүүсийг цуглуулж Төв хорооны хурал гэж зарлаад ийм шийдвэр гаргасан байна. Намын дарга С.Ганбаатарыг огцруулсан гэж олон нийтэд цацсанд харамсаж байгаа. Намын дарга ажлаа хийгээд явж байна” гэв.
Тэгэхээр ХҮН хэнийх болж таарах вэ. Намын дарга С.Ганбаатарыг огцруулсан гэх нэг хэсэг байна. Харин нөгөө талд С.Ганбаатар огцроогүйгээр барахгүй маргааш Төв хорооны хурал болж, дотоод журамдаа өөрчлөлт оруулна гэх хэсэг байгаа юм.