|

Музейн 35 мянга гаруй үзмэр шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байна гэв

Музейн 35 мянга гаруй үзмэр шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байна гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
 
Тайланг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан.
 
Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Үндэсний номын сан, ГЕГ-ын харьяа Сайншанд дахь Гаалийн газар, говийн бүсийн аймгуудын байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчинг шинэчлэх талаар байгүуллагууд болон иргэдийн саналыг авч, төсөв, орон тоо, хамгаалалт, ажиллагсдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг асуудалтай танилцан, Байнгын хорооны тогтоолд тусган Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Соёлын тухай хуулийн 21 зүйл, заалтаас үр дүнтэй буюу 90-100 хувийн хэрэгжилттэй 13 заалт, тодорхой үр дүнтэй буюу 70 хувийн хэрэгжилттэй 4 заалт, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн биелэлттэй 1 заалт, үр дүнгүй буюу 0-30 хувийн хэрэгжилттэй 2 заалт байна хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.
Тэрбээр, "Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихтай холбоотой 7 заалт байгаа ба бүгд эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй, хэрэгжилт удаан зорилтот түвшиндээ хүрээгүй байгаа нь соёлын асуудал хариуцсан нэгжийн удирдлага, зохион байгуулалтын хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байгааг харуулж байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлан, хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоон хяналт тавих асуудал хангалтгүй, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй цаасан болон цахимаар бүрдүүлэх байдал буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг баяжуулах, тоон мэдээллийг шинэчлэх ажлыг Соёлын өвийн үндэсний төв хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны байдлаар Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон 212 дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжуулан, 11 дурсгалт зүйлийн тоон мэдээллийг 3D сканнер ашиглан цуглуулж боловсруулалт хийн мэдээллийг баяжуулжээ. Мөн хууль хяналтын холбогдох байгууллага /цагдаа, тагнуул, гаалийн байгууллага/-д хураагдаж, шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн 262 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг үйлдэж хадгалсан байгаа бөгөөд тус төвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчийн 36 музей, мөн Монголбанкны Эрдэнэсийн сан, Үндэмний номын сангийн Үнэт ховор номын музей, Төвхөн хийд, Шанхын Баруун хийд, Гандантэгчилэн хийд, Данзанравжаа музей болон 20 аймгийн 257 сумын орон нутаг судлах музейд хадгалагдаж байгаа 35 мянга 955 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, соёлын биет бус өвийн 6700 гаруй өвлөн уламжлагчийн бүртгэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт 9537 газрын бүртгэл холбогдох гэрэл зураг, дүрс бичлэг бусад мэдээллийн хамт хадгалагдаж байна.
Мөн Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын ажлын гүйцэтгэлд цэвэр, бохир, халуун хүйтэн усны шугамыг татах, гадна тохижилт, дэд бүтцийн ажилд 334 сая төгрөг, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх 371 сая төгрөг шаардлагатай байгааг анхаарч, 2019 оны Улсын төсөвт нэмж тусгах нэн шаардлагатай байна” хэмээн танилцуулсан.          
Ажлын хэсэг ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ЮНЕСКО-д соёлын өвийг бүртгүүлж буй ажлын явц төлөвлөгөөтэй танилцан, Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт эрсдэлийн менежмент, олон улсын зах зээл, үнэлгээ, хамтын ажиллагаа, гааль, татвар, даатгалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар болон Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, ажлын байр нэмэгдүүлэх боломжийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсож, Шинжлэх ухааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, байгаль дээрх биет өвийн хамгаалалтын талаархи мэдээлэл, судалгааг холбогдох байгууллагаас гаргуулан авах зэрэг ажлыг хийжээ.
2018 оны байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн 430 байгууллагад 5496 хүн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 29 урлагийн байгууллага, 338 соёлын төв, соёлын ордон, 36 музей, 27 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Соёл, урлагийн салбарт ажиллагсдын 53 хувь нь мэргэжлийн, 47 хувь нь мэргэжлийн бус ажилтнууд байна гэсэн судалгаа, мэдээлэл байгаа аж.
2017 оны байдлаар соёлын ажилчдын дундаж цалин 563.4 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 389.6 мянган төгрөгөөр бага гэсэн тооцоолол гарсан бөгөөд мэргэжлийн зэрэг, ур чадвар, үр дүнгийн болон орон нутагт ажилласан нэмэгдэл байдаггүй, цалингийн ангилал, зэрэглэл хэт доогуур байгаа нь соёл, урлагийн салбарын албан хаагчдын цалин, хөлс, нийгмийн баталгааны зардлыг нэмэгдүүлэх бодит шаардлагатайг харуулж байна гэлээ.
Соёлын салбарын төсөв нь 2010 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 0.6 хувь, улсын төсвийн орлогод 2.2 хувийг эзэлж байсан бол 2017 он дотоодын бүтээгдэхүүнд 0.28 хувь, улсын төсвийн орлогод 1.2 хувь болж буурсан байна.
Соёлын биет өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалахад музейн үүрэг чухлаар тавигддаг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн өмчийн 9 музейн эзэмшилд 27 барилга байгууламж, орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшилд 56 барилга байгууламж, нийт 83 барилга байгууламж ашиглагдаж байна. Төрийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа 2 музей /Монголын Театрын музей, Монголын Уран зургийн галерей/, төрийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 1 /Төрийн түүхийн музей/ музей байгаа бол, орон нутгийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 5 /Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн музей/ музей байгаа аж.
Төрийн өмчийн 9 музейн эзэмшиж байгаа 27 барилга байгууламжийн 4 нь музейн зориулалттай, 16 нь сүм хийд, ордны зориулалттай, 2 нь музейн сан хөмрөг, оффисын зориулалттай, 5 нь орон сууц, агуулах, худалдаа үйлчилгээ, сургуулийн зориулалттай барилга байгууламж байна. Орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшиж байгаа 56 барилга байгууламжийн 13 нь музейн зориулалттай 27 нь сүм хийд, ордны зориулалттай, 1 нь музейн сан хөмрөг, оффисын зориулалттай, 15 нь орон сууц, зочид буудал, худалдаа үйлчилгээ, номын сан, гэрэл зургийн студи гэх мэт музейн зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн эзэмшиж байгаа барилга байгууламжид Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар Байгалийн түүхийн музей, Хөшөө цайдам музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймгийн музейн эзэмшиж байгаа 12 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах боломжгүй, зарим барилга байгууламжид их, бага хэмжээний засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн өнөөдрийн байдлаар түүх, соёлын дурсгалт зүйлс шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байна гэж Ажлын хэсэг үзжээ.
Төрийн болон орон нутгийн музейгээс хулгайд алдагдсан үзмэр, эд өлгийн зүйлийн талаар болон музейн үзмэр, эд өлгийн зүйлийг гадаадад үзэсгэлэнд оролцуулахаар явуулж эргэж ирээгүй асуудлуудад холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхааран ажиллах шаардлага байгааг Ажлын хэсгийн ахлагч дурдсан.
Тус салбарт тулгамдаж байгаа нэг чухал асуудал бол Үндэсний урлагийн театр байгуулах асуудал бөгөөд 2008 оны улсын төсөвт 8 тэрбум төгрөг тусгагдсан боловч газрын асуудал шийдэгдээгүйгээс хөрөнгө хураагдсан, 2010 онд Тасганы овоонд 1.0 га газар олгосон боловч орох, гарах гарц дутмаг, орчны төлөвлөлт хийх зай талбай хүрэлцээгүй учир зураг төсөв хийх боломжгүй болсон зэрэг шалтгаанаас сүүлийн 20 гаруй жил хөөцөлдөж байгаа ч дээрх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна.
Дээр дурьдагдсан соёл, урлагийн байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, тогтоолын төсөл боловсруулсан байна.
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, түр хойшлуулав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг