Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зохион байгуулалттайгаар УИХ-ын зарим гишүүд сайд нар тэргүүтэй олон албан тушаалтан хууль бусаар зээл авсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа. Ноднин уг санд 90.6 тэрбум төгрөг байршууллаа гэхэд жирийн иргэд, баялаг бүтээгчид таатай угтсан байх. Гэтэл тэр их мөнгө зохих эзэндээ хүрэлгүй дээдчүүл нь хувааж авсан нь өнөөдөр бүлэг хулгайд тооцогдчихоод байна. Тэгэхээс ч аргагүй. Жирийн иргэдэд болохоор зээлийн шаардлага хангахгүй гэсэн хариу өгчихдөг. Араар нь эрх мэдэлтэй бүлэглэл тэрбум, тэрбумаар нь ив ижилхэн хэмжээтэйгээр хувааж авсан нь ноцтой баримт бүгд л үнэн болж таарч буй юм.
Гэтэл төрийн зүгээс шударга ёс зүйгүй нөхөддөө хариуцлага тооцохын оронд ёс төдий хандаж эхэллээ. ЖДҮХС-тай холбоотой хэргийн эзэн ХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг өөрөө хүсэлт гаргасан нэр зүүж сайдын албанаас зайлууллаа. Дараа өдөр нь түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж чуулганы хуралдаан жинхэнэ хадуурна гэгчийг үзүүлэв.
Яагаад гэвэл Б.Батзоригийн тухай биш Ерөнхий прокурорыг "яллах” хурал болчихдог юм. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан энэ байдалд жаахан эгдүүцэхдээ,
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр асуудал. ЖДҮХС-гийн удирдлагаас нэг биш хүнийг цагдан хорьчихоод байхад шийдвэр гаргаж гарын үсэг зурсан хүн нь энд зүгээр мэт сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Уг нь шударга ёсыг УИХ-ын танхимаас эхлэх ёстой биш үү гэсэн юм. Гэсэн ч нөхөр Б.Батзориг буруутан гэж хэлэх зүрхтэн хүн бараг байсангүй. Нөгөө цэгц шударга нь би шүү гэдэг байсан Ц.Нямдорж хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзүүлнэ гэдэг УИХ-д ч, Засгийн газарт ч халтай асуудал учир болгоомжтой хандах ёстой гэсэн маягийн юм хэлж бөөрөнхийлөв.
Тэр ч байтугай С.Бямбацогт өнгөрсөн жил сайд Б.Батзориг сайн ажилласан. Харин ЖДҮХС-ийн асуудлаар бол уучлалт гуйх ёстой гэлээ. Юун уучлал вэ? хүний хөл дээр санамсаргүй гишгэсэн хүн л уучлаарай гэдэг биз дээ.
Түүнээс биш хууль зөрчихөөд, хулгай хийчихээд уучлал гуйна гэж байдаг юм уу. Тэгвэл айлын гэр орон ухсан хулгайч бас уучлал гуйж хэргээс зайлдаг болж таарах нь ээ дээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн үг бас утгагүй.
-Б.Батзориг сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь улстөрчийн зангараг гэж хэлэв тэр.
Эцэг, элэнцгийнх нь зангараг байх юм. Ичмээр ёс төр, хууль бус хэргийг нь ингэж өмгөөлнө гэдэг хачин хэрэг. УИХ-ын гишүүн хүн "Төрийн хууль ёсыг дээдэлж гишүүний бүрэн эрхээ чин шударгаар биелүүлнэ” гэж тангарагладаг биз дээ. Гэтэл тэр тангарагаа гишүүд таг мартжээ. Бас нэг зүйлийн асуудал хөндөгдөөд хариуцлага яригдахаар л УИХ-ын гишүүд, эрхэм улстөрчид Үндсэн хуулиа өөрчлөх тухай юм ярьдаг болсон. Тэгэхээр яг өнөөдрийн нэг асуулт ЖДҮХС-гийн хөрөнгийг нэг сайд нь тушаал гаргаад бусад нь хувааж авсан хууль бус хэрэг Үндсэн хуулийн буруу болж байгаа юм уу.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл чуулганы хуралдаан дээр "Хүч хүрэхгүй асуудал бас байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь хариуцлага тооцох эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Хуулиа өөрчилж чадахгүй бол хэчнээн ч Ерөнхий сайд байгаад нэмэр алга” гэсэн тун арга ядсан үг хэлнэ лээ. Ер нь улстөрчид буруугаа хууль руу чихдэг жишээ энэ.
Зууны мэдээ
Д.Жаргалсүрэн