АН, МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүний тоо ойролцоо, эсвэл ирц бүрдүүлэхэд нөлөөлөх хэмжээний төлөөлөлтэй байх үед сөрөг хүчин болсон тал нь эрх баригчдын явуулж буй бодлого, гаргах гэж байгаа шийдвэрийг эсэргүүцэхдээ хуралд суухгүй ирцийн бойкот хийдэг байсан сан. Түүнийг нь "Төрийн ажил гацаалаа, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой атал саад боллоо” гэхчлэн буруутгаж, сөрөг хүчнийг их л баалдаг байв даа. Харин энэ удаа МАН дангаараа парламент бүрдүүлэх шахаж, үнэмлэхүй олонх болсон, ажлыг ёстой "эвхээд, эвхээд” явчих байх гэтэл дотроо хуваагдаж байгаад нэг хэсэг нь нөгөөдөө ирцийн бойкот хийчихдэг юм байна.
Хэд хоногийн өмнө МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбум”-ын асуудалд холбогдож, намын нэр хүндийг унагасныхаа төлөө хариуцлага хүлээж, УИХ-ын даргын суудлаас өөрийн хүсэлтээр буу хэмээн шаардсан. Энэ нь түр зуур "хөөс нь дарагдаад” байсан эрх баригч намынхны хагарлыг дэврээж, гал өрдөж орхив. Нам дотроо нөлөөгөө алдаагүй хэвээр байгаа М.Энхболд тийм ч амархан буугаад өгчихийг хүссэнгүй. Түүний талыг баримтлагчид намын даргынхаа өөдөөс тэрсэлж, Засгийн газраа огцруулах бичигт яах ийхийн зуургүй гарын үсэг зураад, эргэлзэж, тээнэгэлзэлгүй өргөн барьж орхив.
...Олон нийтэд нэгэнт итгэл үнэмшил, хүндлэл төрүүлэхээ больсон, яаж ч хичээгээд хүлээн зөвшөөрөгдөхөөсөө өнгөрсөн улс төрийн "босоо ороолонгууд” хагарсан намаа эвлүүлэх нэр цэвэр, шинэ залуу үед зоригтойгоор зайгаа тавьж өгөх цаг нь ирснийг энэ өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд хангалттай тод харууллаа. Тиймээс Засгийн газраа ч огцруул. УИХ-ын дарга нь ч ажлаа өг...
УИХ дахь МАН-ын бүлэг дэх М.Энхболдын талынхан намын дарга У.Хүрэлсүхийн явуулж буй бодлогыг дэмжихгүй, Засгийн газрыг нь унагах гэж байгаа шалтгаанаа "Дүн өвлөөр эхэлсэн улс төрийн солиорол ирэх хаваржин, зунжин үргэлжилж, сонгуулийн жилтэй золгоно. У.Хүрэлсүхийг одоо л зогсоохгүй бол тэр юу ч хийж мэднэ. Олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, төрийн эргэлтэд бэлтгэж байна” хэмээцгээж буй. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы танхимаас "Энэ Засгийн газрыг унагах нь Ерөнхийлөгчийн засаглал руу гулган орж, парламентын засаглалыг устгах оролдлогыг таслах хамгийн сүүлийн боломж” хэмээн мэдэгдсэн.
Улс төрд ойрын эх сурвалжийн хэлж буйгаар М.Энхболд болон түүний фракцынхан У.Хүрэлсүхийн Ардын Засгийн газрыг огцруулах, түүгээр зогсохгүй намын онц их хурал зарлан, Засгийн газар тэргүүлж чадаагүй огцорсон Ерөнхий сайдад намаа удирдуулан итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцүүлж, намын даргын суудлаас нь буулган, алдсан эрх мэдлээ буцааж авахаар хоол идэх завгүй хор найруулж яваа гэх. Тэдний хагарал ямар гүн гүнзгий, өшөө хорсол нь хэрхэн буцалж, эрх мэдлээ булаацалдан улайрч байгааг Засгийн газрыг огцруулахыг шаардсан албан бичиг дээрх УИХ-ын дарга М.Энхболдын гарын үсэг илэрхийлэн дурайж буй. Тэр энэ олон жил нам, төр удирдахдаа хол явахгүй, ойр зуурын улс төр хийсэн бичигт мутраа үлдээхээргүй чанагдсан нэгэн билээ. Тэд Засгийн газрыг, У.Хүрэлсүхийг унагахаар нэгэнт шийдсэн, үүний төлөө чадах бүхнээ хийж, бүх хүчээ шавхан зүтгэхэд бэлэн байгаагийн нэг илэрхийлэл нь УИХ-ын даргын гарын үсэг юм.
У.ХҮРЭЛСҮХ ИТГЭЖ БОЛОХ ХҮН МӨН ҮҮ
Манай Ерөнхий сайд хурандаа У.Хүрэлсүх гэж дуудуулах, хатуухан хурандаагийн дүр бүтээх дуртай. Тэр төрийг цэвэрлэнэ, сахилга хариуцлага, шударга ёс тогтооно хэмээн тунхагласаар Ерөнхий сайдын суудалд суусан. Түүний хэлсэн "Амь биеэ алдахаас айхгүй байна. Ард түмнийхээ итгэлийг алдахаас л айж байна” гэх мэтийн "алдарт” үгс олон нийтэд тун ч таалагдан, түүнээс ихийг хүлээж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд түүний сүржин мэдэгдлүүдийн тоо л өссөнөөс өөр олигтой үр дүн гараагүй нь харамсалтай.
Эцэст нь түүний хэт сүржин мэдэгдлүүд утгаа алдаж, угаасаа хагарсан намаа бүр ч бутаргаад зогсохгүй нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан, Үндсэн хуулийн бус аргаар төр эргүүлэх гээд байна уу хэмээн хардахаас аргагүй байдал үүсгэснээс хэтэрсэнгүй. Улс төр судлаачид түүнийг "Бие даан шийдвэр гаргах чадваргүй, баримталсан хатуу бодлогогүй эмоцоороо явж байна” хэмээн дүгнэсэн.
У.Хүрэлсүх улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, сонгогчдын дуртай тэмцэгчийн дүр бүтээгээд явахад л хангалттай улстөрч болохоос нам зангидаж, Засаг толгойлж, төр улс авч явах хэмжээний бодлоготон биш гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Тэр Засгийн газраа огцруулах нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн. Олон нийтийн итгэл, хүлээлтэд хүрч ажилласангүй. Төрийг луйварчин, хулгайчдаас цэвэрлэж, шударга ёс тогтоох У.Хүрэлсүхийн зорилго үнэн байсан бол ядаж л ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон сайд нар, тойрон хүрээлэгчдэдээ ялгаваргүй хариуцлага тооцох ёстой байв. Тэгсэн бол нам доторх дайснууддаа Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавих барьц өгөхгүй байсан юм. Тэр иймхэн зориг гаргаж чадаагүйгээр барахгүй нам, төрийг хямрал руу хөтөлж байна.
УЛСТӨРЧДӨӨС УЧИРЛАЖ ГУЙХ ҮГ
Эрх баригчид аа, та бүхэн намын хагарлаа төрийн хямрал бүү болгооч. Тэр тусмаа хэн нэгний хэмжээгүй эрх ямба хүсэмжилсэн өчүүхэн зорилгын төлөө эмх замбараагүй байдал үүсгэж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх замыг бүү засалцаач.
Хамгийн тогтвортой, ноён нуруутай, нэгэн цул байж чаддаг хэмээн давуу талаа тодорхойлдог улс төрийн хүчний 100 шахам жилийн түүх, шинэ дүр төрх, бодлого чиглэлээ олж, төлөвших гэж унаж босон бэдэрсэн сүүлийн 30 жилийг бодсон ч, танай намын мөхөл хэнд ч ашиггүй. Улс төрийн тогтворгүй байдал, бослого тэмцэл бүр ч хэрэггүй. Эрх баригч хүчнийхэн төрт ёсыг биш юм гэхэд сонгогч олноо хүндэтгээд намын асуудлаа нам дотроо шийдэж, төрөө бусниулчихалгүй, эв эеэ ололцон албаа үргэлжлүүлээд явах хэмжээний улс төрийн соёл, ухамсар гаргана гэдэгт итгэж байна.
Олон нийтэд нэгэнт итгэл үнэмшил, хүндлэл төрүүлэхээ больсон, яаж ч хичээгээд хүлээн зөвшөөрөгдөхөөсөө өнгөрсөн улс төрийн "босоо ороолонгууд” хагарсан намаа эвлүүлэх нэр цэвэр, шинэ залуу үед зоригтойгоор зайгаа тавьж өгөх цаг нь ирснийг энэ өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд хангалттай тод харууллаа. Тиймээс Засгийн газраа ч огцруул. УИХ-ын дарга нь ч ажлаа өг. "60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг гэдгийг нотлох үндэслэлтэй тайлбар олж хэлж чадаагүй өнөөг хүрсэн нь УИХ-ын дарга М.Энхболдыг унагах ганцдахгүй шалтгаан. Шударга ёс хэмээн хамгийн чанга дуугарсан хэрнээ өөрийгөө тойрсон ЖДҮХС-гаас хувь хүртэгчдийн толгойг илсээр өдий хүрч, шударга ёсыг өөрийн тааллаар "тогтоон”, Засгийн газрыг огцруулах дээр нь тулгаад буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэл алдрах хангалттай баримт. Тиймээс намаа хагалж, "дайн” дэгдээчихээд, өөд өөдөөсөө галлаж суугаа, өнгөрсөн хугацаанд болох, болохгүй бүхэнд гар бие оролцож, удирдан зохион байгуулсаар ирсэн дарга нар хоёулаа огцор. Монголын төрийг жаахан ч гэсэн цэвэршиж, ганц ч болов батга, хатигнаасаа салахад ингэж л тус бол, та минь. Парламентын засаглалыг монголчуудад үлдээж хайрла. Тэгэхгүй бол батганаа алах биш, байшингаа шатаах нь, та бүхэн.
Unuudur.mn