Гал түймрийн улмаас гэр нь шатаж өмссөн хувцастайгаа үлдсэн иргэн А.Баасандоржийн гэр бүлд туслах аян үргэлжилсээр байна. Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн хорооны 13 дугаар анхан шатны хорооны онцгой гишүүд татвар, хандивын хуримтлалаасаа шалны хулдаас авч өгөөд бас таван хүүхдийнх нь бичиг баримтуудыг гаргаж өглөө.
Мөн "Энхийн тун" ХХК-иас хүүхдүүдийг нь үнэ төлбөргүй витаминжуулж "Монголын гэр бүл алдаршуулах төв"-ийн нэрэмжит шагналт манлайлагч эмэгтэй Д.Таня өөрийнхөө үйлдвэрлэдэг эсгий шаахайнуудаасаа бэлэглэв. Түүнчлэн хөрш С.Сэржхорлоо, Ч.Норов нар сэтгэлийн бэлгээ өгсөн аж. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд өрнүүлсэн аянд нэгдсэн олон иргэдээс гадна "Оюуны Ирээдүй" цогцолбор сургууль, "Дэлхийн Зөн" ОУБ, "Кама сервис" ОУБ, "Амьд үг" сүм, "Улаан Загалмайн Хороо", "Төгс орших" ТББ, "Шүтэн-Уул" ХХК-ий хамт олон дэмжиж ажиллажээ.