|

Түүхий нүүрсний “ноёрхлыг” түлхэн унагах Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү

Нийслэлийн агаар уржигдар бохирдлынхоо дээд хязгаар давсныг мэргэжилтнүүд анхааруулав. Монголчууд утаа хэмээх аймшигт "мангас” тэжээгээд өчнөөн жилийн нүүр үзлээ. Түүнийг буулгаж авахаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, аяны тоо хэдэн зууг давсан. Утаа бууруулах нэрийдлээр зөвхөн 2008-2016 онд 850 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэснийг Үндэсний аудитын газрынхан шалгалтаараа ил болгов. Тайлан, тооцооноос гадна ил, далд идсэнийг нь нэмэх юм бол энэ мөнгөний хэмжээ хэдэн зуун саяар өсөх нь гарцаагүй. Гэвч ингэж их "хөдөлмөрлөснийх” нь үр дүн гарсангүй. Улаанбаатарын утаа улам л өтгөрч, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон хэвээр. Энэ бүхэн нэгдүгээрт бидний хариуцлагагүй, хуумгай шийдвэртэй, хоёрдугаарт, эл чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд байгаа онодоггүйтэй холбоотой.

Агаарын бохирдол бууруулах зорилгоор үе үеийн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр голдуу гэр хорооллынхон руу чиглэдэг. Учир нь нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Харин тээврийн хэрэгсэл 10, ДЦС-ууд зургаа, тоос, үнс, карьер зэрэг бусад эх үүсвэр дөрвөн хувийг нь "үйлдвэрлэдэг”. Агаар бохирдуулагч гол эх үүсвэртэй тэмцэх хамгийн оновчтой шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах. Зуух, утаа шүүгч тараах бус, яндангийн тоог цөөрүүлж, бүрмөсөн халах юм. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай.

Тэгвэл бид одоо юу хийх ёстой вэ. Гэр хорооллынхныг орон сууцаар бүрэн хангах хүртэл хүлээх үү, эсвэл "Урт хугацааны шийдэл” гээд цаг хугацаанд даатгаж орхих уу. Агаарын бохирдол үндэсний аюулгүй байдалд заналхийлээд байгаа энэ үед ингэж алгуурлаж боломгүй. Агаар дахь хорт бодисуудын "тээгч эх” болсон түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солих нь ойрын хугацааны хамгийн оновчтой шийдэл гэдгийг судлаач, эрдэмтдээс эхлээд жирийн иргэд ч хэлдэг. Энэ тухай улиг болтол ярьсан ч хэлцэж, хэрэлдсээр хэрэгжүүлж чадалгүй өдий хүрэв. Харин энэ Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сараас бүрмөсөн хориглох шийдвэр гаргасан. Тэдний тооцооллоор, ирэх хавраас түүхий нүүрс үзэгдэхээ больж, сайжруулсан түлш зах зээлийн "гол тоглогч” болох нь. Нийслэлийн гэр хорооллын 202 мянган өрхийн хэрэгцээг бүрэн хангахад жилд хамгийн багадаа 600-800 мянган тонн сайжруулсан түлш хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Үүний 150 мянган тонныг нь сайжруулсан түлшний 12 үйлдвэр, үлдсэнийг нь "Эрдэнэс Тавантолгой”-н охин компани "Тавантолгой түлш”-ээр хангуулах зохицуулалтыг Засгийн газар хийсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн нийлсэн 13 үйлдвэр нийслэлчүүдийн сайжруулсан түлшний хэрэгцээг бүрэн хариуцах болсон юм.

Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулсан орнууд нэг бол түүхий нүүрсээс татгалздаг, эсвэл ийм түлш хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн газруудаа цөөлөх замаар эл бэрхшээлээ шийдэж ирсэн байх юм. 12 000 хүний амь авч одсон Лондоны хорт утааг ч ийм аргаар дарсан гэдэг. Энэ үүднээс иргэд Засгийн газрын зоримог шийдвэрт ам сайтай байв. Нөгөөтээгүүр "Яах бол” гэсэн тээнэгэлзээ ч бий болсон. Арга ч үгүй биз. Сайжруулсан түлштэй холбоотой сайнгүй түүх бидэнд өчнөөн бий.

Г.Мөнхбаярыг хотын дарга байх үеэс буюу 2010 оноос сайжруулсан түлшний хэрэглээг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн гурван дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр хангах шийдвэр гаргаж байж. Дараа нь 2011-2012 онд Баянгол дүүрэгт "Утаагүй хороо” төсөл хэрэгжүүлж, долоон хорооны өрхөд сайжруулсан түлш түгээжээ. Гэвч эдгээр ажил удаан үргэлжлээгүй төдийгүй амжилтгүй болжээ. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтнүүд "Үйлдвэрүүд гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, түлш нь чанарын шаардлага хангаагүйгээс тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийг зогсоосон. Тэд өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний 5-10 хувийг л нийлүүлсэн” гэсэн бол шахмал түлш үйлдвэрлэгчид "Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид судалгаа, тооцоогүй хөдөлснөөс болсон. Мөн үйлдвэрүүд хүчин чадал, зардлаа буруу тооцсоноос гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэй нэлээд олон зөрчил илэрсэн” хэмээн зовлон тоочиж байв. 20 хорооны өрхийг сайжруулсан түлшээр хангах гэж ингэж зүдэрч, хэцүүдсэн. Муу амлаж байгаа ч юм биш, ирэх хавраас хэрэгжүүлэх шийдвэр ч энэ замаар орохгүй гэх баталгаа алга. Төсөлд сонгогдсон 12 компани нэгдэж "Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл” ХХК байгуулсан. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 15-наас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх байсан ч төлөвлөгөөгөө биелүүлээгүй. Зарим нь хамтран ажиллахаас татгалзаж, өдгөө ердөө таван компани улстай гэрээ байгуулсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. "Тавантолгой түлш” компанийнхан агаарын бохирдлын голомт бүхий бүсүүдэд өнгөрсөн сараас сайжруулсан түлшээ борлуулж эхэлсэн ч үйлдвэрт нь гэмтэл гарсан гэсэн мэдээлэл байна.

Нэгдэж нийлсэн компаниуд нь тарж бутарсан, асуудал, зовлон тоочсон байдлаараа тэд ирэх онд 600 000 тонн байтугай хагастай нь тэнцэх хэмжээний түлш үйлдвэрлэж чадахгүй гэж учир мэдэх хүмүүс хэлэх болов.

Ирэх хавраас хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан юу хийж буй, бэлтгэлээ хэр зэрэг хангасан, сайжруулсан түлшний үйлдвэрүүд яагаад хамтран ажиллахаас татгалзсан зэрэг асуултад БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос хариулт авах гээд барсангүй. Дарга нь байхгүй, мэргэжилтнүүд нь ийш тийш явсан, "Арга хэмжээнд оролцож байна” гэж элдэв шалтаг тоочсоор хоёр хонов. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал хариуцдаг мэргэжилтнүүд ийм сэтгэлгүй, хариуцлагагүй байж таарахгүй.

Сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг дэмжих замаар түүхий нүүрсийг үлдэн хөөх ажил ийнхүү барцадтай эхэлж буй нь агаарын бохирдол хариуцсан байгууллагуудад цаашид илүү няхуур, хариуцлагатай ажиллах сануулга өгч байна. БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гэлтгүй Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг шат шатныхан энэ асуудалд анхаарахгүй бол ирэх жил утаа хэвээрээ, Засгийн газрын шийдвэр биелэхгүйд хүрэх вий. Ерөнхий сайдын амлалтыг биелүүлэх гэж иргэд галаа түлэхгүй, хоол, цайгүй сууна гэж лав байхгүй. Дэлхийн хамгийн бохир, агаарын бохирдлоороо толгой цохиод буй нийслэлд амьдарч байгаа ч энэ асуудал өнөө маргаашдаа улстөрчдийн хэлэлцэх асуудал биш болов. Тэд ширээ, сандлынхаа хэрүүлийг дуусгах гэсээр байтал иргэд утаанд хордсоор байх нь дээ.

 

Unuudur.mn