Тус цэцэрлэгт хүрээлэнд Монголын 21 аймгийн нэрийн хуудас болсон уул усны онцлог, байгалийн сайхныг баримлаар бүтээн байгуулах юм байна. Тухайлбал, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ мөрөн, Архангайгаас Тайхар чулуу зэрэг бүх аймгийн нэрийн хуудас болсон уул, усыг тус цэцэрлэгт хүрээлэнд дүрслэх юм. Аймаг бүрийн бэлгэдэл болсон уул, усыг 1.5-3 метрийн баримлаар хийх юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд бортгон малгайн хэлбэртэй өргөө барьж байгаа бөгөөд нэг давхарт нь үндэсний урлалын дэлгүүр, 5D кино театр байрлах бол хоёрдугаар давхарт 52 метр урттай эзэнт гүрний түүхийг харуулсан уран зургийг байрлуулах юм байна. Кино театрт Эрдэнэт хотын тухай 15 минутын баримтат киног хийж, үзүүлэх бөгөөд цаашдаа 21 аймгийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа юм байна.
1976 онд "Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад 21 аймгаас хүмүүс ирж суурьшиж Эрдэнэт хотыг байгуулсан учраас ийнхүү 21 аймгийн онцлогийг нэг дор урлаж үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм байна.
Хүрээлэнгийн гол ажил болох таван давхар байшинтай тэнцэх өндөртэй Монгол гэрийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 21 аймгийн онцлогийг харуулсан хөшөө, дурсгалуудын ихэнх нь баригдаж дуусчээ. Цэцэрлэгт хүрээлэнг хоёр тэрбум 300 сая төгрөгийн өртөгөөр босгож байгаа юм.
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцолборын ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Батбилэгээс ажлын явцын талаар тодруулахад "Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 60 хувьтай явж байна. Ихэнх ажил нь гадаа хийгдэх учраас дулаан орохыг хүлээж байна. Дөрөвдүгээр сараас ажил эрчимтэй явагдаж зургадугаар сарын дундуур ашиглалтад өгнө. 21 аймгийн удирдлагаас цэцэрлэгт хүрээлэнд аймгийнхаа ямар уул, усыг оруулах саналтай байгааг нь асууж, санал ирсний үндсэн дээр сонгосон. 21 аймгаас гадна Улаанбаатар хотоос Сүхбаатарын хөшөөг урлах юм. Үндэсний паркын нийт газрын хэмжээ нэг га учраас талбайдаа тааруулаад олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Мөн нэг аймгийн сурталчилгааны самбарыг найман метр урттай гантиг чулуун дээр хийж байна. Улаан цутгалангаас Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрнөөс горхи яваад Хөвсгөл далайд цутгахаар хийж байна. Нэг үгээр хэлбэл гол мөрөн, далайн харилцан уялдааг харуулан бүтээж байна” гэв.
"Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд дүрслэгдэх аймаг тус бүрийн уул, ус :
1. Архангай-Тайхар чулуу
2. Баянхонгор- Их богд
3. Баян-Өлгий-Алтай таван богод
4. Булган-Уран тогоо
5. Говь-Алтай- Ээж хайрхан
6. Говьсүмбэр- Чойрын богд уул
7. Дархан-Уул- Найрамдлын хөшөө
8. Дорнод –Хэрлэн Барс хотын туйрь
9. Дундговь- Дэлгэр хангай уул
10. Завхан- Отгонтэнгэр
11. Орхон- Уулын баяжуулах үйлдвэр
12. Өвөрхангай- Улаан цутгалан
13. Өмнө-говь- Ёолын ам
14. Сүхбаатар- Шилийн богд
15. Сэлэнгэ- Сэлэнгэ мөрөн
16. Төв-Мэлхий хад
17. Увс- Харихраа уул
18. Хэнтий- Чингис хааны хөшөө
19. Ховд-Цэнхэрийн агуй
20. Хөвсгөл- Хөвсгөл далай
21. Дорноговь- Хүслийн хар уул
22. Улаанбаатар- Сүхбаатарын хөшөө