|

Байр суурь: ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг биелүүлэх эсэх талаар ХУУЛЬЧИД ЮУ ХЭЛЭВ

Байр суурь: ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг биелүүлэх эсэх талаар ХУУЛЬЧИД ЮУ ХЭЛЭВ

 

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны хамгийн сонирхол татсан хэсэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг юм. Уг нь өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас өнөөдөр өглөө хуралдах чуулганаар уг асуудлыг оруулж хэлэлцүүлээд үдийн завсарлагаар дахин Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулна. Ингээд маргаашийн чуулганаар хэлэлцэж тохироод асуудлыг эцэслэх төлөвлөгөөтэй байгаа. Харин улс төр хэрхэн өрнөх талуудын байр сууриа илэрхийлж байгаагаас дүгнэхэд бэрх байна.

Үндэсгүй аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) энэ сарын 10-ны өдөр хуралдаж, УИХ-ын даргыг олонхоороо огцруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх зөвлөмж гаргасан. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах ёстой гэсэн юм. 

Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүд хоёр хэсэгт хуваагдаж, УИХ ҮАБЗ-ийн зөвлөмжийг заавал дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн бол өнөө хэсэг нь зөвлөмж гаргасан нь бол заавал биелүүлэх учиртай хэмээн маргалдсаар байна. Тиймээс ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ заавал дагаж мөрдөх ёстой юу, үгүй гэдэг дээр хуульчдын байр суурийг сонслоо.

Ямартаа ч гишүүдийн дунд "хэрүүлийн алим" болчихоод зөв, буруу гээд бие бие рүүгээ "шидэж" буй асуудлыг хуулийн талаас нь мухралыг хичээлээ. 

Монгол Улсын гавьяат хуульч доктор, профессор С.Нарангэрэл: ҮАБЗ-ийн зөвлөмж нь зөвлөмж нэрийн дор улс орны аюулгүй байдалтай холбогддог чухал асуудал

 Төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хэлэлцээд, улмаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Тэгэхээр үүнийг бүгд биелүүлэх үүрэгтэй. Жишээлбэл, 2008 оны долдугаар сарын 1-нд онц байдал тогтооход, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмж гарсан учраас онц байдал тогтоосон байдаг. УИХ ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг биелүүлнэ, биелүүлэхгүй гээд байх шаардлагагүй. Зөвлөмжийн хувьд зөвлөмж боловч зөвлөмж нэрийн дор улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал явж байна шүү дээ. Зарим нэг нь хууль биш. Хуулиа  дагана гээд байгаа. Долдугаар сарын 1-нд их хурал тарчихсан үед зөвлөмж гаргаснаар асуудал шийдэгдэж байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хууль эрх зүйн хувьд их хурал нь хэлэлцдэг л юм байгаа биз. Биелүүлэх, биелүүлэхгүй хамаагүй гэж үзэж болохгүй шүү дээ.

Хуульч О.Алтангэрэл: ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ хэлэлцэх ёстой. Харин ямар шийдвэр гаргах нь УИХ-ын эрх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж хоёр талтай. Хэлэлцэх асуудлаа бол хэлэлцэх ёстой. Гэхдээ ямар хуулийг яаж батлахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхгүй. Юуг хэлэлцэх вэ, ямар асуудалд хандуулах вэ гэдэг чиглэл өгөх үүрэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдаг. Хугацааных нь талаар ямар ч хуульд заагаагүй. Тиймээс тэдний дотор заасан зүйлийг мөрдөөгүй бол яах вэ, мөрдвөл яах вэ гэсэн зүйл огт байхгүй. Хуулиараа ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ хэлэлцэх ёстой. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь УИХ-ын эрх. Хугацаа нь бол зөвлөмжид заасаг хугацааг дагана. Гэхдээ тэр хугацааны талаар ингэнэ, тэгэнэ гэсэн зохицуулалт ерөөсөө байхгүй. Ийм л учиртай юм. 

 Хуульч Б.Мэргэн: Манай парламентын тогтолцоог харахаар ҮАБЗ гэдэг өөрөө "гаж" бүтэц

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэдэг хууль зүйн утгаараа зөвлөмж. Тэгэхээр заавал биелүүлэх шаардлагагүй гэж ойлгож болно. Гэхдээ ҮАБЗ-ийн тухай хуулийн 9.2-т зааснаар ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэр боловсруулан гаргаж, зохих журмаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Хэрэгжүүлэхгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ. Улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн байгууллагуудын дарга нар хуульд заасан хариуцлагаа хүлээгээд ажлаасаа халагдаж байсан тохиолдол бий. Тэгэхээр УИХ-ын гишүүд, сайд зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэхээр хуульд заасан хариуцлагын зүйл заалт байдаггүй. Эргүүлэн татах гэхээр үндэслэл нь байхгүй. Хамгийн хачирхалтай нь хуулиндаа төрийн болон төрийн дээд байгууллага биелүүлнэ гээд заасан байгаа. Төрийн дээд байгууллагын чиг үүргийг үндсэн хуульд заасан үг үсгээр нь хөөгөөд үзвэл заавал хэрэгжүүлнэ гэдэг үг нь бий.

Үндсэн хуулиа тайлбарлаад бодит байдалтай дүйцүүлээд манай парламентын тогтолцоог харахаар ҮАБЗ гэдэг өөрөө "гаж" бүтэц байгаа юм. Засгийн газар байж байхад дахиад нэг Засгийн газар байгаа юм шиг тийм бүтэц. Манайхаас өөр ямар ч улсад ийм юм байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн засаглал дор явдаг. Парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байдаг. Өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээд л явж байдаг. УИХ бол хууль тогтоох байгууллага. Түүний бүрэн эрхэд хэнч халдах ёсгүй. Гэтэл УИХ руу ийм хууль батал гээд үүнийгээ заавал хэрэгжүүл гэхээр халдашгүй байдалд нь шууд халдаж байгаа юм. Хуулиндаа хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн УИХ-д л байна гэж заасан байдаг шүү дээ.

Практикаар бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг өөрсөддөө ашигтайгаар л хэрэглэдэг. Өмнөх бүх аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хараад шийдээд явах юм бол хэрэгтэй үедээ биелүүлээд хэрэггүй үед нь хэнч тоодоггүй. Тэгээд аюулгүйн зөвлөмжийг биелүүлээгүй учир хариуцлага тооцно гэхээр ямар ч хариуцлага тооцох заалт байдаггүй.

Үндсэн хуулийнхаа зүйл заалтад нийцүүлэн тайлбар гаргах ёстой. Үндсэн хууль дээр хууль тогтоох эрх мэдэл гагцхүү парламентэд хадгалагдана гээд заачихсан байдаг. Үндсэн хуулиа бариад шийдчихвэл шийдэгдэх л асуудал юм.

Засгийн газрын дор байсан бол биелүүлэхээс өөр аргагүй байдалд орно. Тэрнээс УИХ руу Засгийн газар халдаж болохгүй. Харин ч хянуулах ёстой байгууллага. Дээрээс нь Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. Ажлаа тайлагнаж байна гэдэг чинь даргадаа л тайлагнаж байна гэсэн үг биз дээ. Тэгээд тэр даргадаа үүрэг даалгавар өгөөд байж таарахгүй биздээ.

Х.Соёл-Эрдэнэ