|

Гараагаа муу эхлүүлсэн зэсийн ханшийн бариа нь сайн байх төлөвтэй

Дэлхийн зэсийн хэрэглээний 70 орчим хувь нь Ази тивд ногдож буй. Тэгвэл үүний 50 хувийг дангаар "залгидаг” өмнөд хөршийн экспорт, импорт өнгөрсөн арванхоёрдугаар сард багассантай холбоотойгоор Лондон, Шанхайн биржид уг металлын үнэ хямдраад байна. Цэнхэр гаргийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын экспорт дээрх хугацаанд сүүлийн хоёр жилд байгаагүйгээр буурсан нь тавааруудын үнэд нөлөөлж буй хэрэг. Тэгвэл боловсруулаагүй, хагас боловсруулсан зэсийн импорт нь 431 мянган тонн болсон нь өмнөх сарынхаасаа 6.3 хувиар багассан үзүүлэлт гэдгийг "Shanghai metals market” тодотгожээ. Урд хөршийн зэсийн импорт хоёр сар дараалан буурсан нь ханшид яах аргагүй нөлөөлөх үзүүлэлт. Хэдий өнгөрсөн жилийн байдлаарх гадаад худалдааны хэмжээ нь нэмэгдсэн ч оны эцэст багассан нь зэс, хөнгөн цагаан зэрэг таваарын ханш уруудахад голлон нөлөөллөө.

"Хятад улсын худалдааны үзүүлэлт таамагласнаас доогуур байлаа. Иймээс АНУ-тай худалдааны маргаантай асуудлаараа хийж буй хэлэлцээндээ илүү анхаарах болов уу” хэмээн "Argonaut securities” компанийн шинжээч Хелэн Лау ярьжээ. Өчигдрийн байдлаар тонн зэс 5861 ам.доллартой тэнцэж байсан нь өмнөх долоо хоногийн эцсээс гэхэд 65.5 "ногоон”- оор хямдарсан гэсэн үг. Тэгвэл 2018 оны энэ үед тонн нь 7180 ам.доллар байсантай харьцуулахад 23 хувиар хямдарчээ. Суурь металлын фьючерс ханш ч өдгөө Лондоны металлын биржид доошлоод байна. Тус биржид гурван сарын дараа нийлүүлэх зэсийн үнэ 0.6 хувиар буурч тонн нь 5889 ам.доллар, бас Шанхайд дээрхтэй адил хувиар багасаж 46 890 юань (6923.29 ам.доллар)-тай дүйлээ.

Зэсийн томоохон худалдан авагч нь БНХАУ, АНУ, Энэтхэг, Испани, Өмнөд Солонгос юм. Тэгвэл топ таван экспортлогч нь Перу, Чили, Австрали, Индонез, Монгол Улс. Манай улсын төсвийн орлого 2018 онд хоёр их наяд төгрөгөөр давж биелсний 670 тэрбумыг уул уурхайн салбар бүрдүүлсэн. Үүнд зэсийн баяжмал, нүүрсний экспорт голлон нөлөөлсөн нь тодорхой. Төсвийн орлогод ихээхэн нөлөөтэй, өнгөрсөн зургадугаар сард сүүлийн дөрвөн жилийнхээ дээд түвшинд хүрсэн ч түүнээс хойш даруй 20 орчим хувиар хямдраад буй зэсийн ханш цаашид хэрхэх бол?

Лондоны металлын биржид энэ сарын эхээр гурван сарын дараа нийлүүлэх зэсийн ханш 5855-5860 ам.доллар байсан. Энэ нь өнгөрсөн жил фьючерс ханш хамгийн багадаа 5862 "ногоон” байснаас ч доогуур үзүүлэлт болсон билээ. Хэдий энэ оныг ийнхүү тааруу эхлүүлж байгаа ч зэсийн ханш цаашид өснө гэж "Goldman sachs” банк тооцжээ. Тодруулбал, ирэх гурван сард суурь металлын ханш 6100-6500 ам.долларт хэлбэлзэх магадлалтай гэнэ. Тэгвэл оны эцэст дээрх дүн 7000 "ногоон”-д хүрэх боломжтой гэж таамагласан аж. Дээрх банкны мэдээлэлд "БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 3-4 дүгээр сард удаашрах төлөвтэй гэж бид тооцож байна. 

Иймээс аж үйлдвэрийн металлуудын ханш 2019 оны нэгдүгээр улиралд "даруухан” байх болов уу” хэмээн дурджээ. Энэ онд тонн зэсийн ханш дунджаар 6450 ам.доллар байна хэмээн таамаглаж буй юм байна, тус банкныхан. Японы нэгэн үйлдвэрлэгч энэхүү төлөвтэй санал нэг байгаагаа дурдаад, "Зах зээл дэх зэсийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байгаа. Энэ жилийн дундаж үнэ нь 6450 ам.доллар орчим байна” гэж ярьжээ. Түүнчлэн Торонто дахь "Cormark securities” компанийн шинжээч Стефан Иоанноу "Энэ онд тонн зэсийн дундаж ханш 6613 ам.доллар байх болов уу. Уг металлын ханш 2021, 2022 онд өсөхөд гайхах зүйлгүй” хэмээн тэмдэглэжээ. Лондоны металлын биржийн тооцоолсноор 2019 оны эцэст тонн зэсийн үнэ 7000 ам.долларт хүрэх ("Goldman sachs”- ын таамаглалтай адил) магадлалтай гэнэ. 

"Barclays” банкныхны үзэж буйгаар энэ онд тонн зэсийн ханш 6263 ам.доллар байх гэнэ. Үүнээс гадна "Commerzbank” 2019 оны хоёрдугаар улиралд дээрх дүн 6800 "ногоон” байх бол жилийн эцэст 6500 болж буурна хэмээн тооцсон байна. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн таамагласнаар энэ онд тонн зэсийн дундаж ханш 6540, ирэх жил 6581 ам.доллар байх нь. Тус банкныхан 2021 онд дээрх тоо 6622, дараа жил нь 6663, 2023 онд 6704 "ногоон” байна гэж үзжээ. Тэгвэл 2024 онд тонн зэс 6745, 2025 онд 6787, 2030 онд 7000 ам.долларын ханштай байна гэж төсөөлсөн аж. Уг таамгийг өнгөрсөн аравдугаар сарын эцсээр гаргасан бөгөөд энэ сард шинэчлэх хүлээлттэй байгаа юм. Ер нь Дэлхийн банк, ОУВС, Зэсийн олон улсын судалгааны групп, "Bloomberg”-ийн таамаглаж буйгаар 2021 он гэхэд суурь металлын үнэ өсөх төлөвтэй гэцгээж буйг шинжээчид тэмдэглэжээ. Энэ онд зэсийн нөөц багасахыг эдийн засагчид үгүйсгэхгүй байгаагаас гадна Энэтхэг, Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжлэх, цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэх зэрэг нь зэсийн ханшид эергээр нөлөөлөхөөр буй. Дээрх хоёр улс нь 2030 он гэхэд АНУ-аас дэлхийн хамгийн том эдийн засагтай улс гэх "гуншин”-г нь булааж, өмнө нь гишгэх таамгийг ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байгаа билээ. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд томоохон уурхай ашиглалтад оруулсан нь цөөн юм. Хэдийгээр дээр дурдсанчлан зэсийн ханш энэ оны эхэнд хямдарч гараагаа муу эхлүүлсэн ч бариа нь сайн байх төлөвтэй.

Ц.Болормаа