Дархан хотод шинээр баригдах "Хүүхэд хөгжлийн ордон”-ы барилгын шав тавих ёслол болов.
Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй уг барилгын шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ оны хоёрдугаар сарын 23-нд аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, "Хүүхэд хөгжлийн ордон"-д хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хүүхэд хөгжлийн ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сард зарлагдаж улмаар тавдугаар сард ажил нь эхлэж ирэх оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Б.Норовсамбуу