Хориг ярьсаар хоёр сар боллоо. Хойшилсон зүйл ч байхгүй, урагшилсан зүйл ч гэж бараг л байхгүй дээ. Хориг тавих гэж зүтгэсэн нэг хэсэг, хоригийг тойрох гэж улайрсан бас нэг хэсэг байна.
Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиад сар гаруй, өршөөлийн хууль нь өөрөө батлагдаж гараад яг хоёр сарыг ардаа орхилоо. Авилга, хээл хахуулийн гэмт хэргийг өршөөхгүй гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг ээлжит бус чуулганаар хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш харин улстөрчид хэн нэгний далд эрх ашигт нууцхан үйлчлэх гэж үйлээ үзэж эхлэв. Ээлжит бус чуулганы үеэр Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн боловч ирц нь бүрдэхгүй байсаар намар болтол хойшлуулсан түүхтэй.
Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр "Н.Энхбаяр энэ зун ордонд зуслаа" гэж нэгэн хэвлэлд ярьсан байсан. Одоо тэрбээр, зусах биш бүр намаржиж дуусаад өвөлжих бэлтгэлээ хангаж байгаа харагдана. Мэдээж шалтгаан нь Өршөөлийн хуульд хамрагдаж гэмт хэргийн хуудсаа цэвэрлэж, улс төрийн замналаа дахин эхлүүлэх. Хэрвээ түүнийг өршөөлийн хуульд хамруулбал улс төрд Н.Энхбаяр гэгч хүн дахин "мэндлэх" болно. Харин хортой юу, хоргүй юу гэдгийг тухайн үед нь л харж байж мэдэх байх. Одоо Н.Энхбаяр Өршөөлийн хуулийг өөрийн талд шийдүүлэх зорилгоор арга зам зохиож байгаа сурагтай. Эх сурвалжаас авсан мэдээллийг сонсоход Н.Энхбаярын Өршөөлийн хуулиар өршөөгдөх бодол үндсэндээ замрах тийшээгээ хандаж буй гэнэ. Хилээр гарах эрхийг нь хаасан учир одоо түүнд ордноос өөр очихгүй газаргүй болсон гэх. Тиймдээ ч маш их уурсаж, бухимдаж яваа сурагтай. Ямар сайн даа л О.Баасанхүү гишүүнийг гадны төлөөлөгчтэй уулзаж байхад хаалгыг нь өшиглөж ороод "байнгын хорооны хуралдаа суу" гэж хүүхэд шиг хөөж гаргаж байх вэ дээ. О.Баасанхүүг хөөж явуулсан байнгын хороогоор нь Ерөнхийлөгчийн хоригийг Өршөөлийн хуульд тусгах асуудлыг хэлэлцэж байсан юм.
Улстөрчид наашаа харж хоригийг дэмжээд, цаашаа харж хоригийг будилуулж байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ярихдаа "Өршөөгдөх хүмүүсийн нэрсийн жагсаалтад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр байхгүй” гэчихлээ. Мөн Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэргүүд дотор авлига, албан тушаалын хэргээс гадна залилангийн хэрэг багтаж байгаа” гэжээ.
Авлига, албан тушаалын хэргийг залилангийн гэмт хэрэгтэй хамт хөтлөөд яваагийн цаана жижиг гэмт хэрэг дотор томыг нь нааж, "гуя дагаж хүзүү” гэдэг шиг явуулах болхи арга яваад байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаа хүн залилан хийх тохиолдол тун ховор. Хэрэв тухайн авлигачин албан тушаалтныг залилан хийсэн гэж үзвэл ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг гэж байхгүй болно. АТГ ч хэрэггүй гэсэн үг.
Тэгэхээр албан тушаалтнуудаас илүүтэй жирийн иргэдийн жижиг залилангийн хэрэгтэй хольж хутган Өршөөлийн хууль руу "урсах” гэсэн энэ башир аргыг ялгаж салгах нь зүйтэй. Ерөнхийлөгч хоригтоо залилан, бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилан дээр нэмээд буюу хольж авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих хэмээн долоон зүйл ангийг багтааснаас эсэргүүцэлтэй тулгарсан нь зөвхөн авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих.
Гэтэл Өршөөлийн тухай хуульд хориг тавьсан хэсэгт өөрчлөлт оруулах асуудал цаанаа ийм маапаантай байгаа учраас МАН-ын бүлэг завсарлага авахад хүрсэн. Сүүлд өнгөрсөн баасан гарагт дахиад нэмж гурав хоногийн завсарлага авлаа.
Завсарлага авахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Байнгын хороо нь улс төрд барцаалагдаад хуралдаж чадахаа болив. Өршөөлийн хуультай холбоотойгоор байнгын хороо өдөр болгон хуралдах үүрэг авсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо өршөөлийн хуулиар хоёр ч удаа хуралдах гээд чадсангүй. Эцэст нь байнгын хорооны даргад Өршөөлийн хуульд "элэгтэй" Д.Ганбатыг тавихаар улайран зүтгэж байгаа нь олны нүдэн дээр өрнөж байна шүү дээ. Д.Ганбатыг байнгын хороон даргад заавал зүтгүүлэх нь шалтагтай. Шалтаг, шалтагдаа Өршөөлийн хуульд өөрсдийн хүссэн шийдвэрээ шигтгэж өгөх зорилготой юм.
Ямартаа ч өршөөлийн хууль гэдэг зүйлд тавьсан хориг замхарч дууслаа. Н.Энхбаяраас болж энгийн иргэд хохирч үлдэх ёсгүй. Өршөөлийн хуулийг хүлээсэн хэдэн зуун залуус, аав ээж, ах дүү, үр хүүхэд байгаа гэдгийг санахад илүүцгүй биз ээ. Ерөнхийлөгчийн хүссэнээр хориг тавьсан зүйл заалт бүр дээр нь санал хураагаад хурдхан батлан гаргавал хэн хэндээ өлзийтэй юмсан.
Г.Ган
zaluu.com