УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ. Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувь нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү сүүлийн хоёр сарын хугацаанд улс төрийн хүрээнд яригдаж, гацалт үүсгээд байсан асуудал нэг тийш болов.
Одоо УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэсэн асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Эрх баригч нам дотооддоо УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гэсэн тулхтай гишүүдээ томилохоор ярьж байгаа. Нөгөө талаар тэмцэгч таван гишүүнээс Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр ч УИХ-ын даргын албан тушаалд боломжтой гэсэн хувилбар байгаа юм. Тэгвэл МАН ойрын хугацаанд Удирдах зөвлөл, бүлгийн хурлаа хийж дараагийн парламентын спикерийг тодруулна. Намын Бага хурал зарлан хуралдуулж ч магадгүй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. Мөн тэрээр дараагийн УИХ-ын даргад МАНАН-ын төлөөллийг томилуулахгүй. Тэгвэл бидний тэмцэл ямар ч үр дүнгүй, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг юм болно” гэдгийг онцолсон. Тэгэхээр энэ удаа парламентын спикер хэн болох вэ гэдгээс улс төрийн дараагийн дүр зураг харагдах юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өглөөний 09:00 цагт эхэлсэн. Яг өмнөх өдөр нь буюу даваа гаригт болох байсан намын бүлгийн хуралд 25 гишүүн орон нутагт томилолттой яваа гэх шалтгаанаар ирээгүй, хойшилсон. Харин өчигдөр улс төрийн томилгоотой холбоотой асуудалд гишүүд идэвхийлэн ирсэн харагдав. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэй, өчигдрийн хуралд 17 гишүүн оролцож, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураав. Санал хураалт 8:8 харьцаатайгаар тэнцэж, нэг гишүүний саналыг хүчингүйд тооцсон юм. Ийнхүү УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал байнгын хорооны хурал дээр унасан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11:00 цагт эхлэв. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулсан. Ийнхүү гишүүн үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Ойрд барааг нь хараагүй олон гишүүн ирснийг нь хараад баярлаж байна. Ер нь хувь хүмүүсийн, намын удирдлагуудын үл ойлголцол төр, засгийн үйл ажиллагааг гацааж нийгэмд хүндрэлтэй байдал бий болгосонд харамсч байна. Олон чухал асуудал УИХ-ын даргыг огцруулах дүйвээн дор дарагдаж өнгөрлөө. Нийгэмд тулгамдсан байдал их байна. Ханиад томуу, хүүхдүүд өвдөж нийгэмд бухимдал бий болсон. Тийм асуудал ярихаар таг байснаа сандал суудал ярихаар бүгд ороод суучихдаг. Ийм байдлаа цэгцэлмээр юм гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "60 тэрбумын асуудлыг та нар ганцхан хүндээ үүрүүлээд өөрсдөө гэмгүй үлдэх гэж байна уу. Танай нам хууль бус. Та нар огцрох ёстой. Шударга үнэний дуу хоолой болсон Ц.Нямдорж сайд өөрөө огцрооч. МАНАН-гийн гол зохион байгуулагч нь Ц.Нямдорж шүү дээ” гэв.
Уг асуултад УИХ-ын дарга М.Энхболд "60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа шалгасан. Одоо ч гэсэн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Үнэн мөнийг нь тогтоож, олон нийтэд ил тод мэдээлээсэй гэж хүсч байна. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг сонгуульд нэр дэвшихэд нь би гарын үсгээ зурж, сонгуулийн байгууллагад хүргүүлсэн. Нэр дэвшигчдийн туршлагыг ч судалсан. Хэн нэгнээс төлбөр тооцоо авч нэр дэвшүүлсэн асуудал байхгүй. Тиймээс асуудлыг ялгаж салгах ойлгох хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас нэг тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг улс төрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Эрдэнэтийн хувьд 2016 оны зургадугаар сарын 28-нд би намын дарга байхдаа үүрэг өгч, мэдэгдэл хийлгэж байсан. Дараа нь 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг байгуулан, УИХ-ын тогтоолыг дэмжсэн. Гэвч хоёр Засгийн газар дамжсан ч 49 хувийн маргаан гацчихлаа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой намайг гүжирдэж, гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байгаа үйлдлийн нэг юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-60 тэрбумын асуудлыг ярьж, ярьж М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас нь огцруулж байна л даа. Яг үнэндээ энэ схемийн төлөвлөгөөг ярьсан, танилцсан гэвэл олон хүн байгаа байх. Өнөөдөр эрх барьж буй МАН үнэхээр 60 тэрбумын хэрэг юм бол тэр схемээрээ төр барьж байгаа болж хувирна шүү. Цаашид манай намын гишүүд бодож ярих хэрэгтэй. Хэрэв 60 тэрбум үнэхээр үнэн бол энд сууж байгаа 64 хүн ч мөн төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн хам хэрэгтэн болно. Дараагийн УИХ-ын даргаар МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Дан ганц УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг бид хөндөөгүй. Сүүлийн 28 жил тогтсон системийг нураахын төлөөх үйл явцыг хийж байна. Орд газруудыг эзэмших, Эрдэнэтийг авах зэрэг системийг бий болгосон байна. Урд нь явж байгаа хэсэг нөхдийг харлуулж гүтгэхийг оролдож хуулийн байгууллагад шургуулсан гар хөлдөө хэрэг тох гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Миний гэрт хүртэл чагнах төхөөрөмж байршуулсан. Энэ асуудал шийдэгдсэний дараа бид комисс ажиллуулна. Хүсвэл та тэр комисст нь орж ажиллаж болно. Бүх хууль бус үйлдлийг илчилнэ. Хуулийн байгууллага машин машинаар нь нотлох баримтуудыг жалганд аваачиж шатаасан баримт ч байна. Хуулийн байгууллага улс төрийн нөлөөнд автдаггүй байдлыг таслан зогсооно. Хариуцлагыг нь тооцох ёстой гэсэн юм.
Ийнхүү УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаарх санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжлээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин