Сонирхуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөөхөн УИХ-ын дарга болохоор улайран зүтгэж, ёстой л "Үхэн хатан дурлагч” нэр бүхий тав, зургаан товариштай уулзаж, саналыг нь сонссон нь маргашгүй үнэн билээ. Харин Монголын улстөрийн гурван дээд суудлын нэгнийг өөрийнх болгохоор "Үхэн хатан дурлагч” этгээдүүд юунаас ч ичиж нэрэлхэлгүй, өөрийг нь зүглэн айсуй байгаа тэр их амтат хоол, ашиг орлогогыг яагаад ч алдаж болохгүй гэхдээ бүгдээрээ л нэр дэвшиж, "Азгүй хөөгдмөл” М.Энхболдынхоо сууж байсан зөөлөн суудал, туйлын бахархалтай, ашиг орлоготой эрх мэдлийг өөрийн болгох сонирхолтой байгаагаа илэрхийлцгээж байсан. Ер нь бол уржигдараас хойш ихээхэн цуурайтаж байгаа мэдээллээр бол УИХ-ын дараагийн дарга буюу эрх мэдлийн ноён оргил, "Амтат хоол”-ны эзнээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэрс толгойн байрлалд л шуугиулаад байсан.
Гэхдээ эдгээр их эрх мэдэл, амтат халуун хоолонд "Үхэн хатан дурлагсад”-аас УИХ-ын дараагийн "Ноён”-оор тодрох хамгийн боломжтой эрхмүүдээр Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр гэх этгээдүүдийн нэрс л тун хүчтэй яригдаж байгаа юм билээ. За ямар боловч яг өдийд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын өрөөнд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал гэгч нь дараагийн УИХ-ын даргаар хэнийгээ тавьчихъя даа байз хэмээсэн их шуналтнууд, басхүү эрх мэдлийн халуун хоолноос хамтран халбагдахыг "Үхэн хатан дурлагсад”-ын хэрүүл тэмцэл бужигналдаж байгаа нь тодорхой. Тэдгээр их эрх мэдлийг хамтран барилцахаар ханцуйгаа шамлан дайрагсадын дунд УИХ-ын чуулганы хуралдаанд суухаараа байнга л "Унтаж байдаг” нэг ажаа, за тэгээд олон үгтэй, авир ихтэй гишүүд тун ч олон байгаа нь ойлгомжтой. Тэдний эрх мэдлийг хамтран атгах гэсэн, ашиг орлогоос нь ч бага сага ч болтугай хүртчих юмсан гэсэн шунал хүслийн их давалгаа нь утгаа арай л өөр өөрийнхөөрөө илэрхийлэгдэхээс өөрөөр огтхон ч ялгаа байхгүй, өнгө зүс нь ч МАНАН-таад байдгаараа тун ойролцоо юм даа.
Д.Энхтүвшин