|

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

 

Манай Монгол ер нь их амар амгалан улс  юм. Ард түмэн маань ч үнэхээрийн аядуу зөөлөн голдуу хүмүүс ажээ.

Учир юу хэмээвээс хоёр гуравхан жилийн өмнө гуйж гувшсаар УИХ-д сонгогдсон хүмүүс нь төрийн, түмний хөрөнгөөс улайм цайм хулгай хийчихээд байхад ард түмэн тоохгүй л сууж байдаг. Нөгөөдүүл нь ч цайрчихсан. Гуян дээрх "гурил”-аа ч гөвөхгүй.

Эрхэм гишүүд хэдэн арваараа, хүн тус бүр  ЖДҮХС-гаас 950 сая, түүнээс дээш тэрбум гаруй төгрөгийг туучихлаа. Тэр нь баригдлаа. Хуулийн байгууллага шалгаж үзээд гэмт хэрэг гэж үзэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал орууллаа. Гэвч УИХ ард түмний хөрөнгөөс шуусан гишүүдээ бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэрийг гаргав.

Уг нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-г цөлмөсөн гишүүдийг шалгахаар УИХ-ыг царайчилж суух шаардлагагүй юм. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.9.1-т "…гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” бол асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа.

Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдож,тэр нь тогтоогодож буй УИХ-ын гишүүнийг "…гэмт үйлдлийнх нь явцад баривчилж” болно гэсэн үг.

Ийм жишээг бид урд, хойд хөршөөсөө хангалттай л харж байгаа. Тиймээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан АТГ, цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг дагуулж ороод л чирээд аваад гарах хуулийн эрхтэй юм. Угтаа УИХ-ын тэрбумтан гишүүд ЖДҮХС-гийн хөрөнгийг ийн цөлмөчихсөн л байгаа юм. УИХ-ын 16 орчим гишүүн өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь хуулийн байгууллагын мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Шалгалтын явцад хөгийн хөгийн зүйлолноороо илэрч байгаа мэдээлэл бий.

УИХ-ын гишүүдэд хоморголон зээл олгох ажлыг гардан хийсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чуулганы хуралдаан дээр "…Энэхүү зээлийг зорилтот бүлэгт нь олгосон " гэж гүрийгээд л сууж байна. Гэтэл тэрээр жилд өөрөө 22.2 сая, гэр бүл нь  320.6 сая төгрөгийн орлоготой. 3.8 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай. 1.3 тэрбумын үнэтэй хоёр газартай. Хадгаламжиндаа 346 сая төгрөгтэй. Бас таван компанид хувьцаа эзэмшдэг. Ийм хөрөнгө орлоготой Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болдог жилээ хувьцааг нь өөр хүнд шилжүүлсэн, өдгөө эхнэр нь хариуцдаг "Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбумын зээл олгочихсон байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар жилд өөрөө 30.5 сая, гэр бүл нь 242 сая төгрөг олдог. 928 сая төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг орон сууцтай. Зургаан компанийн хувьцаа эзэмшдэг. Түүний эзэмшлийн "Эпато анарваан "компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өөрөө жилд 315.9 сая төгрөг,  гэр бүл нь 14 сая төгрөгийн орлоготой, 1.02 тэрбумын үнэтэй таван орон сууцтай, дансандаа 13.8 сая төгрөгтэй, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Л.Энхболдын охин Э.Мандухайн "Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг олгочихсон байна.

Мөн жилд өөрөө жилийн 22.4 сая төгрөг, гэр бүл нь 92.6 сая төгрөг олдог, 420 сая төгрөгийн гурван орон сууцтай, 18.6 сая төгрөгийн хадгаламжтай, таван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамаарал бүхий "Сапфир стоун” компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Бас өөрөө жилд 2.4 тэрбум төгрөг, гэр бүл нь 14.3 сая төгрөг олдог, 485.5 сая төгрөгийн орон сууцтай, 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 2.8 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр компанийн хувцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын "Газар буудай” компанид 950 сая төгрөгийн зээл олгосон байна.

Түүнчлэн өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүл нь 342 сая төгрөг жилийн орлоготой, 1.08 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг орон сууц, үйлдвэрийн барилгатай, 380.4 сая төгрөгийн хадгаламжтай, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Г.Солтаны "Монгол шаазан” компанид дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл өгчээ.

Жилд өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүлийнх нь гишүүд 1.4 тэрбум төгрөг олдог, 430 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 332.9 сая төгрөгийн хадгаламжтай, 20 компанид хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн "Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Энэ мэтчилэн дурдаад байвал УИХ-ын гишүүн Б.Ундармаа, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Наранхүү, Г.Тэмүүлэн , Б.Баттөмөр нарын гишүүд ийн нэр араас нь цувна. Тэдний хөрөнгө бэл ч тэрбум тэрбумаар яригдана.

Уг нь ЖДҮХС бол "…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм л даа. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн  түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан юм. Түүнчлэн УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан  Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг "…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.

Гэхдээ үүнд "….Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.

Энэхүү "зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь багтах уу?! Мэдээж хэрэг, үгүй.

Тийм байтал энэхүү "ЖДҮ-гийн хэрэг” гээчид нэр холбогдсон гишүүдээс хуулийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээх эр зоригтон гарч ирсэнгүй. Бүгд л өөрийгөө "…Буруугүй” хэмээн мэдэгдэв. ЖДҮ-гээс болж сайдын ажлаа өгсөн Я.Содбаатар хүртэл "…Эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани, эхнэр маань одоо үйл ажиллагаанд нь оролцдоггүй, би энэ зээлийн талаар мэдэхгүй” л гээд байсан. Сүүлд сайдын ажлаа өгөхдөө "…ЖДҮХС-тай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж бараг л "…Хэлмэгдчихлээ” гэх шахав.

Гэтэл "…Мэдэхгүй” гээд байсан "Эпато анарваан” гэдэг эмнэлэг /сувилал/ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Я.Содбаатарын хамаарал бүхий бас нэг компанийн барьсан хотхон дотор хаяг шошгоо хадчихсан үйл ажиллагаагаа явуулж л байна. Бас Дундговиос сонгогдсон Б.Наранхүү гэдэг нөхөр "…Дэргэдээ эрдэнэ байсныг мэдсэнгүй. Дүүгийн маань төсөл улсад 2-3 тэрбум төгрөгийн ашигтай байсан юм байна. Дүүгийнхээ зээлийг ах нь төлчихнө. Нэмээд өөрт нь хоёр тэрбум төгрөг өгчихнө” гэж ярив. Тэр бас л мэдээгүй гэж байгаа юм. Гэхдээ хэнд зориулж, ямар тайлбар өгч байгааг эндээс ойлгож болно. Энэ мэтээр ЖДҮХС-гийн хөрөнгийг тараасан сайд асан, авсан гишүүд гавьяа байгуулсан мэтээр хээвнэг ярих ,хэлэх боллоо.

Ер нь бол ийм маягаар Монголын төр хүчтэй байж, Монгол Улс хөгжихгүй.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зорилгоо болгон тунхаглаад байга шударга ёс ч тогтохгүй.

Тодруулбал, хууль тогтоох дээд байгууллагад шургалсан дээрх мэтийн хууль зөрчиж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг замаас нь авсан тэрбумтан гишүүд ёс суртахууныг уландаа гишгэж, хуулийн дээр сандайлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР