|

Үлэг гүрвэлийн яс зарах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо

Үлэг гүрвэлийн яс зарах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо

 

Газар шорооны ажил хийж байгаад түүхийн ховор олдвор олсон бол мэргэжлийн байгууллагад хандах ёстойг иргэд мэддэггүй. Үүнээсээ болж иргэд гэмт хэрэгтэн болох тохиолдол гардаг бол зарим нэгэн нь санаатайгаар түүхийн ховор олдвор зарахыг завддаг байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдврууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирсэнийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд 30 настай эрэгтэй Б, 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 35 саяаас 10 мянган жилийн өмнө хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсний зарим яс болох эрүү, шүд, толгойн ясны хэсэг, эвэрний дугалмай, шилбэний хэсэг зэрэг болох нь Палентологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Тус хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Соёлын өвийг хамгаалах тухай 2014 онд УИХ-аас шинэчлэн баталсан хуулийн 30 дугаар зүйлд "Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн. Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно гэж заасан байгаа нь дээрх хүмүүсийг хариуцлагад татах үндэслэл болж байгаа юм. 

Тиймээс дээрхи нэр бүхий этгээдүүдийг  Эрүүгийн хуулийн 25-р бүлэг Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн тухай заасны  дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 25-р бүлгийн

25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

25.4 дүгээр зүйл.Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх

25.5 дугаар зүйл.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах тухай заасан байдаг.  Эдгээр заалтуудаас дээрхи нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.

Тиймээс иргэд палеонтологийн дурсгалд хамаарах олдвор олсон даруй холбогдох мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэйг анхааруулж байна.

А.Баярмаа

http://dorgio.mn/p/101384?fbclid=IwAR2a29R22xvytIGEK3YLOwroPH0B16ZY-vXfVC-VaukMMSV1bd8kgi6xTxs