"Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл "Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа.
-Танд "Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ?
-Кинонд тоглох саналыг анх "Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр жилийн өмнө санал тавьсан. Тэд намайг нэг нэвтрүүлэгээс харсан байна лээ.
-Франц хүний хувьд Монгол кинонд дүр бүтээхэд бэрхшээлтэй зүйл тулгарсан уу?
-Хамгийн хэцүү нь хэлний асуудал байлаа. Би франц хүн. Заримдаа франц аялгатай ярьчихдаг. Үүнээс болоод дахиад л зураг авалт эхэлнэ. Хэлний асуудал л хэцүү байсан. Бусдаар бол дажгүй шүү.
-Увсын цэнхэр хязгаарт кино зураг авалт хийгджээ. Үнэхээр сайхан нутаг байгаа биз. Та өмнө нь очиж байв уу?
-Увс аймгийн Тэс суманд бараг хоёр сар амьдарч байсан. Үзэсгэлэнтэй сайхан нутаг шүү. Харин Хяргас нуурын Хэцүү хад гэдэг газарт анх удаагаа очиж үзлээ. Кино зураг авалт хийхэд тохиромжтой сайхан газар байсан. Магтаал, тууль, язгуур урлаг судалдаг учраас Увс, Ховд нутгаар явж, байгалийн сайхныг нь биширч байлаа.
-Гадаад хүн морин хуур тоглож байгааг харахад нүд баясч байлаа. Морин хуурыг хэзээнээс судалж, тоглож сурсан бэ?
-Морин хууртай нөхөрлөөд бараг таван жил болж байна. Анх Францид байхдаа нэг цомог сонссон юм. Тухайн цомогт уртын дуу, хөөмий, морин хуур, язгуур урлагийн аяз багтсан байсан. Тэр үеэс л морин хуур гэх хөгжимд дурлаж, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн дээ. Тэгээд Монголд ирж, Монгол соёлтой танилцаж, энэ хөгжимд улам ихээр дурлаж, татагдах болсон. Одоо ч суралцсаар л байна.
-Таныг киноны салбарын хүн гэж сонслоо. Ямар мэргэжилтэй вэ?
– Би кино найруулагч, гэрэл зурагчин мэргэжилтэй. Гэхдээ одоо компьютер график, монгол соёлын судлаач, морин хуурч, монгол бичиг зэрэгт анхаарлаа хандуулж, олон зүйлийг сурч байна. Ер нь урлагийн хүн гэж өөрийгөө боддог. Олон зүйлд суралцаж, түүндээ хүрэхийн тулд мэрийж ажиллаж байна.
-Монгол Улсад дөрвөн жил амьдарч байгаа гэж та ярьсан. Монгол ёс уламжлалтай хэрхэн танилцаж байна вэ. Манай ямар хоол танд таалагддаг вэ?
-Танай орны агуу түүх уламжлалаас суралцаад л явж байна. Хонины өөхөнд их дуртай. /инээв/ Цагаан сарын ууц их таалагддаг. Цуйвангаас гадна хуйцаа, лапша гээд шөл хоол идэх дуртай. Ер нь Монгол хоол бүгд л сайхан. Түүнээс гадна цагаан идээ маш их таалагдсан. Хөдөө очихоороо өрөм, тараг гээд л бүгдэд дурлан амтархан иддэг.
-Монгол ахуйг харуулсан кино уран бүтээлд дүр бүтээлээ. Таныг морь унаж чадахгүй байсан болохоор тэр зураг авалт хүндрэлтэй байсан гэж ярьсан?
-Тийм ээ. Би морь унаж чадахгүй. Тэр нь үнэхээр хүндрэл учруулсан. Анх удаагаа л морь унаж, кинонд тоглолоо. Гэхдээ хэд хэдэн унаад эхлэхээр дажгүй болсон. Морь унаж байгаа дүрслэлийг бараг таваас, зургаан удаа авахуулсан байх. Тэр хооронд ч зүгээр суугаагүй морьтойгоо танилцаж, сургуулилт хийсээр байсан.
-Тантай хамт тоглосон жүжигчдээс мэргэжлийн зөвлөгөө өгч байв уу?
-Энэ кинонд тоглохын тулд кино зохиолыг бичсэн, жүжигчин Г.Бямбасүрэнтэй зургаас, долоон сар хамт бэлтгэл хийсэн. Гэхдээ бараг жүжгийн чадварт биш хамгийн гол нь монгол хэлний зөв дуудлага, аялга тал дээр илүү ажилласан. Мэдээж текст цээжлэх, жүжиглэх зэрэгт бага зэрэг суралцсан. Би кино найруулагч учраас энэ талын мэдрэмж надад байсан л даа. Кино зураг авалтын явцад багийнхан минь бүгд л нэг нэгэндээ тусалж, дэмжиж ажилласан.
Киногоо үнэхээр сонирхолтой болсон гэж бодож байна. Гүн утга, агуулгатай. Мэдээж хайрын тухай. Гэхдээ хот, хөдөөгийн амьдрал, соёл хамт байх хэрэгтэй. Би судалгаараа язгуур соёлыг дэмжмээр байна. Энэ кино яг энэ замаар явж байгаа учраас дүр бүтээх саналыг маш дуртай хүлээн авсан. Залуучууд энэ киног үзээсэй. Нэг удаа үзэх нь хангалтгүй. Хэд хэдэн удаа давтан үзэж байж хэлэх гээд байгаа тэр гүн утга агуулгыг ойлгоно гэж бодож байна. Аливаа зүйлийн хэлэх гэсэн санааг ойлгоно гэдэг чинь үнэхээр сайхан шүү дээ.
Г.Нараа