|

Яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү, Ерөнхий сайд аа

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос яг 14 хоногийн өмнө Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг юм. Тэрээр "…Төрд хууль гэж байдаг гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл!” гэсэн. Энэ нь орон даяар мэдээллийн бүх шугамаар тарж, Ерөнхий сайдын энэ үгийг нийтээрээ сонсоцгоов.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа "Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар авч байгаа арга хэмжээг Ерөнхий сайдын үгтэй холбох хандлага гарч л байна. Гэтэл хууль гэж байдгийг ойлгуулж, яс маханд нь мэдрүүлмээр хүн Ерөнхий сайдын яг дэргэд байгааг олон нийт яриад эхэллээ.

Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм. Цагтаа Лүнгийн замыг там болгож, төсвийн зуу зуун сая төгрөгийг тарааж явсан энэ эр УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Ийм том асуудалтай хүн яагаад Их хуралд сонгогдоод байдгийг ойлгодог хүн ховор байлаа.

Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Д.Дамба-Очирын төрд залардаг нууцыг олж мэдсэн гэхэд болно. Товчхон хэлэхэд, Д.Дамба-Очир гэдэг нөхөр хэргээ хэзээ ч хүлээдэггүй юм байна. Түүний арга, бас мэх нь ердөө л энэ. Бодоод байх нээ, Лүнгийн зам бол там биш гээд л ярьсаар байгаад улсаар засуулаад хэл амыг дарж байсан байдаг юм.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэгээр тодорсон. Энэ тухай мэдээлэл эхэлж гарч байхад "…Намайг гүтгээд байна” гээд гүрийсэн. "Зууны мэдээ” түүний тухай мэдээллийг анх дэлгэж байв. Дараа нь яллагдагчаар татагдсан эхний тавын нэг болсон юм. Гэсэн ч мөнөөх гүрийдэг зангаараа гүрийсээр л байна. Уг нь мань эр ЖДҮ-д холбогдсоныг АТГ байтугай захын нэг сурвалжлагч мань мань мэт нь тогтоочихмоор тодорхой эд байгаа юм.

2019 оны эхээр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын байнгын хорооны хурал дээр "…Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан.

Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм” гээд "…2018 оны тавдугаар сарын 14-нд "Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд "Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан "улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

Тэр үед мань Д.Дамба-Очир "…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямар ч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарласаар бүрэн эрхтэйгээ үлдсэн.

Удахгүй яллагдагчаар татагдсан. Тогтоолд гарын үсгээ ч зурсан. Гэсэн ч "… Ердөө л намайг нөлөөлсөн байж болзошгүй гээд байгаа юм билээ. Бусад гишүүд өөрсдийн компанидаа авсан юмнууд байгаа ш дээ. Би сая прокуророос асуулаа. Яахаараа 30 хэдэн гишүүн бичиг хийж өгсөн, бүгд прокурорт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг яахаараа оруулж ирдэг юм бэ. Бүгдээрээ. Ямар учраас оруулж ирж байгаа юм бэ, үүнийг юу гэж ойлгох юм бэ. Юу ч дуугарахгүй суугаад л байна лээ ш дээ. Ингэж болохгүй ш дээ. Би чинь УИХ-ын гишүүн хүн, сонгогчидтой хүн, гэр бүлтэй, олон ах дүү хамаатан садантай хүн” гэж ирээд л бусадтайгаа барьцаж гүрийсэн байдаг юм. Нөхөр Д.Дамба-Очир АТГ, прокурор хоёрыг ингэж даапаалаад л сууж байна.

Тиймээс яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү гэдгийг Ерөнхий сайдад дуулгая. Монголын төрд хууль байдгийг, шударга ёс яаж тогтдогийг ингэж л харуулна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ