|

Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож шинэчилнэ

Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож шинэчилнэ

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийн асуудлыг шийдсэн. Тодруулбал, үүнийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон юм. Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөж байна. Ингэж Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар холбогдох асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна. Харин баяр наадам, цагаан сараар зорчигчдын урсгал нэмэгддэг. Оргил ачааллын үедээ өдөрт 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ зам бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их аж. Энэ ачаалал нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөлийг алдагдуулж, эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Харин түр зам гаргаснаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолж, ажлаа яаралтай эхлэхийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод үүрэг болголоо.