Дархан-Уул аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Мэндхүү
-"Дарханы хөгжил” Олон улсын форумд зориулсан тусгай дугаарт оролцож цаг зав гарган бидэнтэй ярилцаж байгаа таньд баярлалаа.
-Юуны өмнө Дарханчууддаа болон "Дарханы хөгжил” олон улсын форумд оролцохоор бэлтгэж буй эрхэм зочид төлөөлөгчиддөө Дархан-Уул аймгийн ХАҮТанхимын нийт гишүүд, хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт хүсэн мэндчилье.
Дархан ХАҮТанхим нь аймгийн ЗДТГазартай хамтран дэмжигч байгууллагуудын туслалцаатайгаар 2010 онд "Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган”, 2012 ондорон нутагт анх удаа "Тулгуур хотын хөгжилд хамтдаа...” ДАРХАН Эдийн засгийн чуулганыг тус тус зохион байгуулж байсан.
-Өнөөгийн Дархан–Уул аймгийн бизнесийн орчны талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Дархан-Уул аймаг маань газар зүйн байршил, зам харилцаа, мэдээлэл холбоо дэд бүтэц, хүн амын нягтаршил, үйлдвэрлэл,үйлчилгээний тоо, хүмүүсийн амьдрах орчин нөхцөл байдлаараа ихэнх аймгуудаас давуу боловч бизнесийн орчны хувьд харилцан адилгүй юм.
Дархан ХАҮТанхим жил бүр гишүүн байгууллагуудаас авдаг сэтгэл ханамжийн судалгааны бизнесийн орчны талаарх асуултанд олон тулгамдсан асуудлуудыг дурьдсан байдаг боловч санхүүжилт хөрөнгө оруулалт, хүний нөөц, хууль эрх зүйн орчин, төрийн зөв бодлого зохицуулалт зэрэг асуудлууд эрэмбээрээ эхний байруудад байрлалаа сольж жагссаар байна.
Өнгөрсөн жил нийт гишүүн байгууллагуудын төлөөлөл 60 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудтай 4 удаагийн фокус хэлэлцүүлэг хийхэд нийт оролцогчдын 75 % нь эдийн засгийн хямрал, 61% нь төрийн буруу бодлого, 45% нь санхүүгийн болон зээлийн хүндрэл хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэж хэлж байсан.
Түүнчилэн валютын ханшны өсөлттэй холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудын борлуулалт эрс муудаж, санхүүгийн хямралд өртөх эрсдэл нэмэгдсэн. Ижил төстэй үйлдвэрлэгч, ЖДБЭрхлэгчид хамтарч хоршиж ажиллах, орон нутагтаа бүтээгдэхүүнээ борлуулах мөн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, экспортод гаргахад төр засгаас болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа талаар саналууд их ирж байсан.
Монголын "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн жил тутам гаргаж байна. Энэхүү судалгааг хийх үйл ажиллагаанд хамтрагчаар МҮХАҮТанхим болон түүний 21 аймаг дахь салбар танхимууд хамтран ажилладаг. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс боловсруулж дэлхий дахинаа олон нийтэд хамгийн ихээр зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадварыг хэмжих аргачлал болох эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлэг 180 илүү шалгуур үзүүлэлтээр энэхүү судалгааг хийдэг.
Дархан-Уул аймаг Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 2013 онд 5-рт, 2014 онд 3-рт, Засаглалын үр ашиг үзүүлэлтээр 2013 онд 12-рт, 2014 онд 9-рт, Бизнесийн үр ашиг үзүүлэлтээр 2013 онд 8-рт, 2014 онд 2-рт, Дэд бүтэц үзүүлэлтээр 2013 онд 1-рт, 2014 онд 2-рт, 21 аймгийн Өрслдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2013 онд 3-рт, 2014 онд 2-рт тус тус жагссан байдаг.
-Дархан-Уул аймгийн эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн 2015 онд МҮХАҮТанхим болон 21 аймгийн салбар танхимууд аймгийнхаа ЗДТГазартай хамтран тухайн аймгийн ЖДҮйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, аймгийн брэнд бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн зах зээл, түүнчилэн аймагт хөгжүүлэх хэрэгцээтэй ЖДҮ-дийг тодорхойлж,тодруулах зорилгын хүрээнд "Үйлдвэржилт Үндэсний хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс аймгийн хэмжээнд цаашид хөгжүүлэх ЖДҮйлдвэрийн жагсаалт, төрөөс бодлогоор зохицуулах хууль эрх зүйн болон бусад асуудлуудыг тодорхойлж, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, ЖДҮ-ийн хуулийн төсөл ба ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулахаар Аж Үйлдвэрийн Яаманд явуулсан.
Түүнчилэн Дархан ХАҮТанхимын санаачилгаар, ГОУХАНийгэмлэгийн БНЭЗДХөтөлбөрийн дэмжлэгтэй аймгийн ЗДТГазартай хамтран эрдэмтэд судлаачид төр, ТББайгууллага, Хувийн хэвшлийн төлөөлөл бүхий ажлын хэсэг гаргаж "Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх санаачилга” бодлогын баримт бичгийг боловсруулсан. Тус бодлогын баримт бичигт Хөнгөн, Хүнс, ХАА газар тариалан, Барилгын үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хөгжлийн төлөв өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийг тодорхойлсон.
-Дарханы Хөгжил Олон улсын форумын ач холбогдол болон энэхүү үйл ажиллагаанаас та ямар хүлээлттэй байна вэ?
Тус форумд манай аймгийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах салбар салбарын төслүүд танилцуулгаа хийж байгаа тул орон нутагт гадны орны хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ бий болох, тэдэнтэй хамтран ажиллах бодит ажлууд хийгдэнэ гэж найдаж байна.
Баярлалаа. Таньд амжилт хүсье.