Мөнгөний дасгалжуулагч, санхүүч, эдийн засагч Ж.Оюуны зөвлөгөө
ХУРИМТЛАЛ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЮУ. Тэгвэл ЯАЖ ХУРИМТЛАЛЫГ БИЙ БОЛГОХ ВЭ?
"БҮХ ТАРИАГАА ИДДЭГ ТАРИАЧИН ТАРИАЛАХ Ч ҮРГҮЙ ХОЦОРДОГ”.
Өнөөдөр та өртэй, өчүүхэн орлоготой байсан ч ЗААВАЛ ХУРИМТЛУУЛАХ хэрэгтэй гэдгийг би 2 гараа өргөн, бүр 3000% хувь дэмждэг ээ.
Мөнгө хуримтлуулах шалтгаан:
1. Тодорхойгүй ирээдүйдээ зориулж хуримтлуулах.
5 жилийн өмнө жирэмсэн болсон ажлын охиндоо: -Төрсөний дараа өөрийн орлогогүй, байнга нөхрийн гар харна гэдэг их хэцүү байдаг, хадгаламж заавал нээлгээрэй гэж захьсан юм. Нөгөө охин маань жирэмсний 5 сартайгаасаа хадгаламж үүсгэсэн. Ингээд жилийн дараа ажилдаа орсон өдрөө надад: -Төрсөний дараа би орлогогүй, нөхөр гэнэт ажлаасаа халагдаж (нөхөр нь төрийн албанд хуульч хийдэг байсан), тэр үед үүсгэж байсан хадгаламж л нөхрийг ажилд ортол буюу бүтэн 6 сарын хугацаанд бидний амжиргааг залгуулж, гэр бүлээ салгалгүйгээр бүрэн бүтэн авч үлдэх боломжийг надад өгсөн. Танд маш их баярлаж явдаг шүү гэж хэлж билээ.
2. Хуримтлал нь одоогийнхоос "ИЛҮҮ ДЭЭР СОНГОЛТ”-ыг бидэнд өгдөг.
Хүүхэд нь Хувийн сургуульд сурдаг нэг бүсгүй. Цалин нь сарын 1,500,000₮. Хүүхдийн жилийн төлбөр 4,200,000₮. Сургууль төлбөрөө цувуулж биш нэг дор хийхийг шаардсан. Бүсгүй бүтэн жил энэ мөнгийг хуримтлуулж чадсан учраас ӨР ЗЭЭЛ тавих шаардлага гарсангүй. Өөр сонголт байгаа л даа. Улсын төлбөргүй сургуульд явуулах. Гэвч ээж нь хүүгээ гадаад хэлийг илүү сайн сураасай, илүү сайн боловсрол эзэмшээсэй гэж хүссэн учраас энэ сонголтыг хийсэн.
3. Бидний холын зорилт, хүсэл мөрөөдлийн биелэх хугацааг ойртуулж, богиносгож өгдөг.
Би 10 жилийн турш Япон явахыг мөрөөддөг байсан. Тэгээд нэг л өдөр зориглож хуримтлуулж эхэлснээр 1-хэн жилийн дотор цуглуулсан мөнгөөрөө Япон оронд аялаад амраад ирсэн. (Дэлгэрэнгүйг "Барак Обаматай уулзаж явлаа” нийтлэлээс минь уншаарай)
4. Орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бизнестэй болоход зориулж хуримтлуулах
Та цалин сайтай ажилд орохын тулд сургалтанд суух, ном авах зардал эсвэл шинээр бизнес эхлэх гэж байгаа бол ажилчдын цалин, оффисын түрээс, утасны төлбөр гээд тэр бизнес ашиг олж эхлэх хүртэл дор хаяж 6-12 сарын хугацаанд гарах зардлыг хажуугаар нь гэр орноо дампууруулчихгүйгээр аваад явах хэмжээний мөнгийг эхэлж хуримтлуулах шаардлага гарч байна.
Тэгвэл МӨНГӨ ХУРИМТЛУУЛАХ нь ийм их ХЭРЭГТЭЙ юм бол бид яагаад хуримтлуулж чаддаггүй юм бэ:
1. Хадгаламжийн хүү бага, ямар ч ашиггүй.
2. Мөнгөний ханш цаг тутам унаж байна, бас л ашиггүй гэж боддог.
3. Сэтгэл хөөрлөөр нэг дор их мөнгийг хуримтлуулах гэж оролдоод шантардаг.
4. Зардлаа төлж дуусаад үлдвэл хуримтлуулна гэж сар бүр боддог, гэвч хэзээ ч тийм үе ирдэггүй.
ШИЙДЛЭЭ, ХУРИМТЛУУЛЪЯ. Харин юунаас эхлэх үү?
1. Орлого, зарлагаа төсөвлө.
2. Эхлээд хуримтлалаа хий, үлдсэнээр нь амьдар.
3. Өртэй ч байсан хуримтлал үүсгэ.
4. Эхлээд хамгийн багаар орлогынхоо 10%-иар л эхэл.
5. Өчүүхэн орлоготой ч хуримтлуулж эхэл. Одоо хуримтлуулаад сурчихвал их орлоготой болох үед илүү амар болно, хуримтлал ч илүү жин дарж асар хурдан өсдөг.
ХЭДИЙГ ОЛСОНООРОО БИШ ХЭР ИХИЙГ ХУРИМТЛУУЛЖ ЧАДСАНААРАА ТА БАЯЛГИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙДАГ