Тавантолгой цахилгаан станц барих болсонтой холбоотойгоор Оюутолгойн ногдол ашиг хүртэх хугацаа 2038 он болон хойшилж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
"Рио Тинто” компанитай хамтран Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах, 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сард багтаан санхүүжилтийн багаа бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ингээд цахилгаан станцын барилгын ажлыг ирэх жил эхэлж, 2023 онд ашиглалтад оруулах төлвөлгөөтэй байгаа гэв. Гэхдээ нэг сая ам.долларын өртгөөр барих уг цахилгаан станцын санхүүжилтийг хэрхэх талаар эцэслэн шийдээгүй байгаа юм. Төслийг "Рио Тинто” болон MCS хамтран санхүүжүүлэхээр санал гаргасан бөгөөд одоогоор хэлэлцээрийн шатандаа явж байгаа юм байна.
Оюутолгой компанийн одоогийн захирал Армандо Торрес "Цахилгаан станц барих зардал бол гүнийн уурхайн санхүүжилтээс тусдаа шүү, энд багтаагүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Тийм учраас цахилгаан сатнцын хөрөнгө оруулалтын эрэлд гарсан ба Монгол Улсыг 34 хувьдаа тохирох санхүүжилтээ гаргах санал тавьж байжээ. Хэрвээ Монголын тал энэ саналыг хүлээж авахгүй, ер нь цахилгаан станц барих болсонтой холбоотойгоор Оюутолгойн ордоос Монголын талын 34 хувьд хүртээх ногдол ашиг хуваарилах хугацааг хойшуулж, 2038 он болгох замаар хөрөнгө оруулалт босгох талаар ярьж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Харин манай талаас анхны гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагч тал өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барих ёстой, энэ нь анхны хөрөнгө оруулалтад орж тооцогдсон гэсэн байр суурийг барьж байгаа аж.
Уг нь бол Оюутолгойн гэрээг 2009 онд хийхдээ Монгол Улс 34 хувьдаа тохирсон ногдол ашгаа 2023 оноос хүртэж эхлэхээр заасан байсан юм. Гэвч УИХ-ын баталсан уг гэрээнд Дубайн төлөвлөгөө гэх баримт бичгээр өөрчлөлт оруулж ногдол ашиг хуваарилах хугацааг 2037 он болгон хойшлуулаад байсан билээ. Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн бүтэн байгуулалтын гэрээг 2015 оны тавдугаар сарын 18-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д очиж байгуулсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санжүүжилтийн төлөвлөгөөний гэрээгээр Оюутолгойгоос монголчууд 2023 оноос ашиг хүртэх байсныг 2037 он буюу бүхэл бүтэн 14 жилээр хойшлуулсан юм. Харин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр ногдол ашиг хүртэх хугацаа дахин хойшилж магадгүй болоод байна.
Оюутолгой төсөл БНХАУ-аас 110мВт-ын эрчим хүч авахад жилд 170 сая ам.доллар зарцуулж байгаа бөгөөд хэрвээ цахилгаан станц ашиглалтад орвол энэ хөрөнгө дотоодод үлдэх боломж бүрдэх юм байна. Дотоодын эрчим хүчээс 20 мВт-ын эрчим хүчийг ирэх оноос Оюутолгойд нийлүүлэхээр болжээ.
Л.Одончимэг
Эх сурвалж: itoim.mn