УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхлээд "Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгаагүй. МХЕГ-ын авлигач нарыг танихгүй гэсэн. Бүр сүүлдээ таниад зогсохгүй бараг хамтрагчид болох шинжтэй. Хэрэг хуучирдаггүй, хээл өмхийрдөг гэдгийг худлаа болгочихоод ичих ч үгүй сууж байна. Найзыгаа аврахын тулд хуульд өөрчлөлт оруулсан болж таарав.
Д.Дамба-Очир Оюутолгойн ажлын хэсгийн нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг Рио Тинтод өгөөгүй гэсэн. Одоо бүр албан бланк дээрээ санал авахаа хүргүүлсэн баримт ил болов. Яг ийм жишээ дээр миний мэдэхээс Цахилгааны Жаргалсайхан, М.Батчимэгийн туслах Пагамжав нар 5-7 жилийн хорих ял авч байсан юм шүү.
Засгийн газраас 10 сая ам.долларын авлигал авсан сайдын нэрийг зарлахгүйгээр гүрийхээр үзэж байх шиг байна. Ингэж болохгүй. Бид авлигач нарыг авгай хүүхэдтэй, хөгшин аавтай гэж өрөвдсөнөөс өнөөдөр ийм болтол нь хүнд хэлбэрт оруулчихсан. Залуучууд төрд ороод авлига авах тухай бодтол нүгэлд дасгав.
Наад зах нь худал хэлж болдог, хулгай хийгээд зүгээр өнгөрдөг, нам хамгаалдаг гэсэн ойлголтууд таслан зогсоох дээр Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар хариуцлагаа чангатган үлгэр дуурайлал үзүүлэн ажлаач. Өндөр ёс суртахуун дээр суурилсан нийгэмд шударга ёс, хууль хэрэгждэг учраас УИХ-ын гишүүд наад нь худал хэлэхээ байх хэрэгтэй Салаавч энэ тэр үзүүлсэн бол "Уучлаарай, уурандаа гаргачихлаа" гэж бай л даа...
Б.Жаргалсайхан