АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. В.Путин болон түүний бодлогод та урьдын адил шүүмжлэлтэй хандаж байна уу хэмээх сэтгүүлчийн асуултад М.Помпео хариулахдаа, "Бид АНУ, ОХУ хоорондын харилцаа болон цаашид энэ харилцааг хамтдаа хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэж байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш юм. Бид ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Тэд ч мөн ашиг сонирхлоо хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаа” гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар ОХУ-д анх удаа айлчилсан М.Помпеогийн В.Путинтэй хийсэн яриа хэлэлцээ 1 цаг 30 минут орчим үргэлжилжээ. Талууд Сири дэх сөргөлдөөн, Ираны асуудал зэрэг олон улсын асуудал болоод "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй байгаа уулзалтын талаар хэлэлцсэн байна.
Э.Аянзаяа