|

АТГ-т ардын багш авлагдах цаг дор

Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргал ажлаа өгөхдөө "33 их наяд төгрөгийн өршөөл үзүүлсэн” гэх хуулийн гэмт хэргийн тухай хэлж байлаа. Олон нийт түүнийг үүгээрээ дараагийн АТГ-ын даргад гэрийн даалгавар өглөө гэж харсан. Гэвч З.Дашдаваа дарга ажлаа авсан даруйдаа төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг төдийгүй зардлыг хянадаг болох хэрэгтэйг онцолсон юм. Энэ байгууллагыг үүсгэн байгуулсан хийгээд, ажилласан хүмүүсийн ярьдгаар бол хүний нөөц тун муутай юм гэнэ лээ.

Хэрэв Монгол Улсын 192 мянган төрийн албан хаагчийн зарлагыг хянах гэвэл хүч нь хүрэх юм болов уу даа. Гэтэл хэдэн өдрийн өмнө өөр нэг "айхтар” ажил эхлүүлснээ зарлах нь, тэр. Товчхондоо, багш нарыг бол болгож тавих юм байна. Хууль бус хандив цуглуулж байгаа сургууль, цэцэрлэгийг АТГ-т мэдэгдээрэй гэсэн зарлалыг өөрийн албан вэб сайтдаа байршуулжээ.

Тэндээ шалгаж байгаа хэргүүдээ бичсэний ихэнх нь өрөвдмөөр өө. Тухайлбал, "Нийслэлийн Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн багш Хишигсүрэн болон бусад багш нар анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна, би Хишигсүрэн багшийн хувийн данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн” гэх гомдол байгаа аж. Мөн "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд шинэ орсон хүүхэд бүрээс 3,000 төгрөг хураан авч байна, шалгалт шүүлгийн үеэр байнга мөнгө хураадаг. Эцэг, эхчүүд бид хүлээн зөвшөөрөөд өгдөг.

Гэхдээ өнгөрсөн жил ой хийгээд цугларсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Зам, талбай нь эвдэрхий хэвээрээ байх юм. Ийм байж 3,000 төгрөг хурааж байгааг нь ойлгохгүй байна” гэх гомдол байгаа аж.

Бас "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг бүх хүүхдээс засварын мөнгө гэж 30 мянган төгрөг авч байна. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний мөнгө авсан боловч засварын ямар ч ажил хийгээгүй байсан. Мөн улирал бүр улавчны мөнгө гэж 12-15 мянган төгрөг авдаг боловч нэг ч улавч өгөөгүй. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргая гэхээр айгаад гомдол гаргаж чаддаггүй. Энэ хандлага дээр багш, ажилтнууд дөрөөлж дураараа мөнгө төгрөг хурааж байгаа асуудлыг шалгаж таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байгаа юм байна. 3,000 төгрөгөөр зам талбайгаа засаагүй байна гэж ямар паланцгаа яриад байгаа юм. Сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг, эхчүүдээс эрхлэгч, захирлууд мөнгө төгрөг авдаг, үдийн цайны мөнгө төгрөгөөс хумсалдаг зэргийг бол шалгах нь зөв. Харин анги засвар, хуримтлал фондны мөнгөтэй АТГ нь зууралдахыг тэгээд ямар ажил гэх юм бэ. Бас сургууль цэцэрлэгийн хүртээмжгүйгээс анги даац хэтрэх, эцэг эхчүүд мөнгө төгрөг барьж гүйх чинь төсөв хуваарилдаг дээд шатандаа ажлаа хийхгүй байгаагаас болоогүй юм уу. Энэ мэтээр АТГ он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байгаа гэнэ. Дахиад ийм төрлийн хандив цуглуулж байвал нэн даруй АТГ-т мэдээлж, мэдэгдэхийг анхааруулжээ.

Тэгэхээр ийм байна. Сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн санхүүжилт ямар байдаг билээ. Хангалттай хүрэлцээтэй байсан бол бүх сургууль гял цал болох байлаа. Гэвч ороод харахад хүүхдийн тохой зулгалчихмаар хуучин модон ширээтэй нь олон шүү. Тийм байхад багш нь мөнгө хураагаад сандал ширээгээ будчихъя гэж бодолгүй яах вэ дээ. Жил жилийн сургууль амарчихсан энэ өдрүүдэд хөөрхий хэдэн багш сургууль дээрээ савтай будаг, замасктай л холилдоод сууж байдаг юм. Ер нь хулгай хийх гэж багш болдог хүн байдаггүй л байхгүй юу. Тийм болохоор л ийм гэнэ сэрэггүй байгаа байх. Харин гомдол, хардлага хаанаас ч олдоно. Тэр нь 1939 оны хэлмэгдүүлэлт дээр бүр тод харагдсан, түүхт зүйл дээ. Сүржигнэж байгаа юм биш. "Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” байдаг орчлонд сэтгэлд нь таарах юмгүй болчихсон хүн зөндөө бий.

Өөр нэг юм нь АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр саяхан мэдээлэл хийх үеэрээ "Анх шударга байдлын судалгааг хийхэд 10 фунт байсан. Гэтэл 2014 онд дөрөв гэсэн фунттэй болж огцом буурсан. Энэ жил 6,500 хүүхдийг хамруулсан судалгааг онлайнаар хийсэн. Судалгааны дүнгээр 3.9 фунт гэж гарсан байгаа. Төрийн албаныхан арван жилийн хүүхдүүдээс шударга байдлаараа муу байгаа нь жил бүрийн судалгаагаараа харагдсан. Энэ нь Төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрд авлигын эрсдэл их байгааг тодорхой харуулж байна” гэхчлэн ярьсан нь мэдээллийн сайтад гарсан байна.

Хоёр өөр сэдэв шиг л байх юм. Дээр нь ийм судалгаанд эерэг хариулт өгөх гэж хүн орох уу. Тодорхой дурдаад яахав, Дамбын нэг сургуулийн багшийн хүүхэд өөрийнх нь ангид явдаг байж. Сурлагатай хүүхэд байсан бололтой. Харин өөрөөс нь тааруу дүн авсан нэг хүүхэд биеэ өмөөрөхдөө эцэг, эхдээ "Манай ангийн тэр ээж нь багш болохоор надаас илүү дүн авсан” гэчихэж л дээ. Эцэг, эх нь сургууль дээр нь очоод "Өөрийнхөө хүүхдэд илүү дүн тавьж миний хүүхдэд доогуур дүн тавилаа” гээд буулгаж өгсөн байгаа юм. Үр дүнд нь багш халагдаж, хүүхэд нь өөр сургууль руу шилжжээ.

Ийм нусан бурантгуудыг шударга бай гэхээр эргээд тийм л үйл явдал болдог юм. Одоо цагт сургууль дээрээ багшаасаа айж, эмээдэг хүүхэд ховор болсон шүү. Ямар ааш араншинтай хүн, хүүхдүүд энэ нийгэмд элбэг байгааг бодох л ёстой. Нэг судалгаанд "Хүүхдүүдийн 49 хувь нь эцэг эх, ах эгчээсээ айж байна. Энэ нь хүүхдийн хүчирхийлэл их байгаагийн тэмдэг” шахуу утгатай адил юм бичсэнтэй ялгаагүй балайрал л болж байна. Тэр дунд муу хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн ч байлаа эцэг, эхээсээ эмээдэг юм. Энийг чинь эрүүл харилцаа гээд байгаа хэрэг.

Одоо байтлаа сургуулиудаар яваад элдэв юм хийгээд байх бололтой юм. Амьдрал гэдэг чинь програмчлаад өгчихсөн видео тоглоом биш л дээ. Ингэж ядарсан багш нарыг айлгаж байхаас өөр ажил АТГ-т их бий. Наад зах нь, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон хүмүүсээ яах гэж байгаа юм. Ихэнхийг нь холбогдолгүй гэж өршөөсөн.

Өнөөдүүл нь би буруугүй гэдгээ нотоллоо гээд л сошиалаар нэг хөөр баяр явж байна. Тэд нь ч яахав тэгээд хуулийн гадна үлдсэн юм байгаа биз. Цаана нь байгаа үнэхээр хэрэг тарьчихсан нөхдөө хэрхэх гэж байгаагаа хэзээ зарлах вэ. Өнөө том загаснуудаасаа барьсан нь хаана байна. Дуулиантай баривчлаад чимээгүй суллачихдаг боллоо гээд хүмүүс бухимдаж эхэллээ. Багш нараар оролдож явдаг бол арай хэтэрнэ шүү. "Шинэ үе” продакшных байх аа. Нэг шоколад авсан багшийг АТГ-аас дуудсан тухай хошин шог байдаг. Одоо ч хошин шог биш болсон явдал болох нь дээ.

Ж.Баяр

Эх сурвалж: Үндэсний шуудан