|

Улсынхаа нэрийг өндөрт өргүүлэхийн тулд дипломат эрх олгодог байлтай

-ХБНГУ-д гурван дипломатч шалгуулж байна-

"Цагаан тахал” хэмээн дэлхий нийтээрээ нэрлэж, тэмцлээ улам эрчимжүүлж байгаа энэ цаг үед мансууруулах бодис тээвэрлэн борлуулах ажилд Монгол Улсын дипломатчид холбогдсон нь олны анхаарлыг татаад байна. Туркийн Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг герион албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хил, гаалийнханд өнгөрсөн сарын 3-нд баригдаад буй билээ. Уг хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ "ГХЯ хэрэг гарсан даруйд мэдээллийг Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан.

Хилийн чанадад монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, саатуулагдсан тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцын дагуу бидэнд мэдэгддэг юм” гэж мэдээлсэн. Мөн манай улсын 180 орчим иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 53 нь хар тамхи зөөж тээвэрлэсэн хэрэгт холбогдсон гэдгийг нэмж хэлсэн билээ.

ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ "2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсны дагуу ТЕГ, ГХЯ хамтран ажиллаж, шалгаж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. Монгол Улс Германтай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй тул уг хэрэг тус улсын хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамхи нийлүүлэв гэх зэргийг тодруулах шаардлагатай. Б.Баттүшигийн хувьд өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган тус яамнаас томилогдсон ажилтан” хэмээсэн юм.

Монгол Улсын дипломат ажилтнуудын хэрэглэдэг паспорт ашиглан, гадаад орнуудад хууль бус наймаа хийж байсан шуналдаа хөтлөгдсөн дипломатчдын улс орныхоо нэрийг боддоггүй, амин хувийн эрх ашгийг илүүд үзсэний тод жишээ энэ болж, Монгол, ХБНГУ төдийгүй, дэлхий даяар уг хууль бус үйлдлийн талаар хэвлэлүүд нь мэдээлж байна. Монголчууд "Нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ. Гэтэл Монгол Улсын нэр хүнд, нүүр царай болж, дипломат албанд зүтгэхдээ үнэнч шударгаар ажиллахаа амласан хүмүүс ийнхүү эх орныхоо нэр нүүрийг барж байна. Эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн алтан аргамж болж ирсэн дипломат албаны үүрэг чиглэл, зорилго, хийдэг ажил өөрчлөгдөж, олон хүн хууль бус үйлдэлд холбогдсоны сүүлчийнх нь дээрх хоёр хүн болов. Дипломат эрх ямба эдлэн, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, контрбандын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын балгаар Монгол Улсын дипломат албаны нэр хүнд гадаад ертөнцөд навс унаж байна.

Б.БАТТҮШИГ, С.ЭРДЭНЭБАЯР НАРААС ГАДНА ДАХИАД НЭГ ДИПЛОМАТЧ ГЕРМАНД ХОРИГДЖЭЭ

Германы Дрезден хотод баригдсан хоёр хүний нэг, дипломат дугаартай автомашины жолооч С.Эрдэнэбаяр Гадаад харилцааны яаманд нэлээд удаан ажиллаж байгаа нэгэн. Үе үеийн сайд нарын жолоочоор ажиллаж байгаад өнөөгийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын дэмжлэгээр Истанбул дахь Ерөнхий консулын газарт томилогдсон гэдгийг өнгөрсөн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хангалттай бичиж буй. Дипломат албанд томилох хүнээ манай ГХЯ сайтар судалдаггүй, хэн нэгэн эрх мэдэлтний ах дүү, садан төрлийнхний гуйлгаар гадаадад томилдгийн тод жишээ нь энэ гэж зарим хүн ярих юм билээ. С.Эрдэнэбаярын хамаарал бүхий хүн нь бас хууль сахиулах байгууллагынханд спиртийн контрбандын хэрэгт холбогдон шалгуулж байсан гэх мэдээлэл бий. Мөн зарим мэдээллийн хэрэгслээр ээж нь Гавьяат хуульч гэдгийг ч дурдсан байв.

Харин Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшигийн тухайд 2018 оны долдугаар сарын 1-нээс уг ажлыг хийж эхэлсэн нэгэн. Аав нь Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэдгийг хэвлэлийнхэн бас мэдээлж буй билээ.

Дипломат албаны нэр, паспортаар халхавч хийж, улс үндэстэн дамнасан хар тамхины наймаа өдүүлсэн энэ хоёр хүн гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи зөөсөн үйлдлээсээ гадна өмнө нь долоон удаагийн үйлдлээр 521 кг героин зөөсөн талаараа мэдүүлсэн гэх. Тэгэхээр энэ хоёр хүн Монголын дипломатчид дотроосоо хар тамхи маш их хэмжээгээр тээвэрлэсэн гэдгээрээ олны анхааралд илүүтэй өртөж байгаа юм.

Дээрх хоёр хүнээс гадна ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын эрх бү­хий ажилтан М гэдэг хүн хэдэн сарын өмнө ХБНГУ-ын хууль сахиулах байгууллагынханд саатуулагдан шалгуулж буй гэдгийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр бас л багагүй хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан аж. ОХУ-д дээд сургууль төгсөж инженер мэргэжил эзэмшээд хойд хөршийнхөнтэй бизнес эрхэлж байгаад сүүлд дипломат албанд орсон тэрбээр өнгөрсөн өвөл баривчлагдсан юм байна.

Түүнийг баривчлагдсаны дараахан Европын зарим оронд монгол иргэд тамхины хууль бус наймаа эрхэлж байж болзошгүй гэх мэдээлэл ГХЯ, тагнуулын байгууллагынханд ирсэн байдаг. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 25-нд ГХЯ-наас Тагнуулын ерөнхий газарт хаягласан албан бичигт "Дипломат ажилтнууд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодистой хууль бус ачааг дипломат ачаа нэрээр хил нэвтрүүлэх оролдлого хийж байгаа учраас хянан шалгана уу” гэж байж. Тиймдээ ч манай тагнуулынхны оролцоотойгоор Истанбулд суугаа манай дипломат ажилтнуудын автомашиныг шалгасан гэх мэдээлэл цацагдаж байна. Эзэн Чингис хаанаас улбаатай, Монгол төрийн албан аргамж болсон дипломат ажилтнууд улсаа төлөөлж, гадаадын оронд оччихоод, асар их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэн, хар тамхины мафийн гар хөл болж явна гэдэг байж боломгүй үйлдэл. Тиймээс улсын, дипломат албаны нэр сүрийг шавартай хутгасан хүмүүс, яамныхантайгаа хатуу хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.

Улсаа төлөөлөн гадаадын улс оронд сууж буй албан тушаалтнууд тухайн улсаасаа эх орондоо хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны эргэлтийг сайжруулах үүрэг хүлээдэг. Гэтэл гадаад худалдааны эргэлтийг сайжруулах бус, мансууруулах бодисын хууль бус наймааны эргэлтийг сайжруулахаар дипломат эрх ямба, эд зүйлээ ашиглан хүчин зүтгэж буй нь харамсалтай. Тэдний ийн зүтгэж буй нь барагддаггүй шуналаас нь үүдэлтэй гэдгийг дахин онцолъё. ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан Истанбул дахь дипломат төлөөлөг­чийн газрын ажилтнууд болох Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр, Эрхүүгийн консулын газрын ажилтан М нар бол хүний дор орохооргүй, ар гэрийнх нь ахуй амьдрал тартагтаа тулсан хү­мүүс биш. Цалин ахуй хангамж нь ч боломжийн. Ийм байтал хил дамнасан контрбандын хэрэгт холбогдоод буй нь тэдний шуналтай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.

1-har tamhi-3

УЛСЫНХАА НЭРИЙГ "БУЗАРЛАСАН” ДИПЛОМАТЧДЫН ЖАГСААЛТЫГ ДЭЭРХ ХҮМҮҮС ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

Монгол Улсын нэр хүнд, дипломат албаны ёс жудгийг гутаан доромжилсон, хувийн эрх ашгийг илүүд үзсэн дээрх хүмүүс монгол хүний эрхэм чанар, нэр төрийг давхар хугалаад зогсохгүй бидэнд итгэх гадаадынхны итгэлийг хөсөрдүүлчихлээ. Эх орныхоо нэрийг шавартай хутгасан дипломат эрх мэдэлтнүүд дээрх хүмүүсээр тогтохгүй. Европын орнуудад Монголын дипломатчид тамхины наймааны хэрэгт нэг хэсэг холбогддог байсан. Тэр үед нь л ГХЯ онцгойлон анхаарч арга хэмжээ авалгүй явж даамжруулсаны харгайгаар өдгөө үндэстэн дамнасан хар тамхины сүлжээнд дипломатчид хүчин зүтгэх боллоо. Тиймээс бид улс орны нэр хүндийг унагаж, тамхины болон мансууруулах бодисын контрбандын хэрэгт холбогдсон дипломат эрх ямба эдэлж байсан хүмүүсийг энд дахин сөхье.

  • Олон улсын хууль сахиулах байгууллагынхны хараа хяналтад байдаг "Блэк Морган” гэх бүлэгтэй холбоотой байсан, манай улсаас Болгар улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж асан Д.Шатарбал 2004 онд 200 орчим кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдсан билээ. Түүний тээж явсан "бараа”-ны үнэ нь 23 сая ам.доллароор тооцогддог. Д.Шатарбалд холбогдох хэргийг 2006 онд эх оронд нь шилжүүлэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн ууч­ лалаар суллагдсан түүхтэй.
  • Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай мэдээ 2005 онд дуулиан тарьж байлаа. ХБНГУ, ОХУ-д суугаа манай ЭСЯ-ны ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн нийлсэн 12 дипломатч тамхины наймаа хийж байсан гэдэг. Тэднийг Монголын нэгэн дипломатчийн гэргий тэргүүлж, дипломат дугаартай автомашин, үнэмлэхээр халхлан тамхиа Болгар, Украйнаас Европын холбооны орнууд руу татваргүй нэвтрүүлдэг байсан. Өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг ийнхүү татваргүй нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон ч өдгөө уг үйл явдлыг хүмүүс мартжээ.
  • Алтансайхан, Баялаг-Эрдэм, Баярхүү зэрэг хүмүүс 2001-2003 онд ХБНГУ, Франц, Бельгид дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа их хэмжээний тамхины наймааны хэрэгт холбогдож байсан бол Москвад Элчин сайдаар ажиллаж байсан, сүүлд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд болсон эрхэм ч тамхины хууль бус наймаанд нэр холбогдож байв.
  • 2016 оны зургадугаар сард Украйн, Румын улсын хилийн Дьяково боомтоор Будапешт дахь ЭСЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр "дипломат шуудан” гэх наалт ашиглан их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдсан бөгөөд ГХЯ-нд хураалгах ёстой дипломат паспортаа өгөөгүй байсан гэдэг.
  • Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан С.Эрдэнээ Австри улсад ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа бас ХБНГУ-д тамхины хууль бус наймааны хэрэгт сэрдэгдэн хоригдож, шалгуулж байв. Мөн Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баярхүү Англид 2003 онд тамхины наймаа хийж яваад нь саатуулагдсан бол, Унгарт суух ЭСЯ-нд ажиллаж асан Цэрэнсодном тамхины наймааны хэргээр мөн онд баригдаж байв.
  • "Болгар” хэмээх Ганболд ОХУ-д суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх байхдаа эхнэрийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдаж, гэргий нь тэнд ял эдэлсэн түүхтэй.
  • Элчин сайд Б.Даваадорж тамхины хууль бус наймааны хэрэгт шалгуулж байсан агаад тухайн үедээ "Монгол Улсын Элчин сайдын яам дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлсэн гэдэг. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэж байсан ч тэгсхийгээд намжсан билээ.
  • Женевт Элчин сайдаар сууж асан Х.Бэхбат, Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан Д.Далайжаргал, Б.Санжмятав, С.Цоггэрэл, ОХУ дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан хошууч генерал А.Баатарцогт, дипломат ажилтан Г.Дашдаваа, Энхбат, Х.Болдбаатар гээд тамхины наймаанд холбогдсон хүмүүсийн жагсаалт хөвөрнө.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин