Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан гэнэ. АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ "Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин хуралдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эдгээр асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана” хэмээж байв. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т ирүүлсэн гэдгийг эх сурвалжууд баталлаа.
Шалгалтаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталж буй гэнэ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин