|

"ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААР ДОЛДУГААР САРД ДАМЖИН ӨНГӨРНӨ

"ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААР ДОЛДУГААР САРД ДАМЖИН ӨНГӨРНӨ

 

"Торгоны зам” авто раллигийн уралдаан нь 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлээр зохиогддог байв. 2018 онд ОХУ болон БНХАУ гэсэн чигэлэлээр зохиогдсон тус уралдаан 2019 онд Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдоно.

"Торгоны зам" олон улсын авто ралли нь 2019 оны 7 сарын 6-аас 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Орос, Монгол, Хятад 3 улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг гатлах юм. Раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын өргөн уудам нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар 3 өдөр уралдах ба байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, хүн амын нягтаршил бага, нүүдлийн соёл ахуй, зэрлэг ан амьтны хөдөлгөөн зэрэг нь шууд дуранд буух бөгөөд 2017 онд энэхүү уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болоод уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх том боломтой болдог байна. 2019 оны авто ралли ОХУ-ын Иркүтск хотоос эхэлж Хятадын Дунхан хотод дуусах ажээ.

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 02 дугаар сард "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ дагуу "Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах Улсын ажлын хэсгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. 

 

Энэ дагуу өнөөдөр /2019.06.21/ Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж уралдааны үеэр ажиллах "Орон нутгийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г гаргаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.