УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 12-ныг хүртэл түр завсарласан ч ажлын хэсгүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хуулийн төслийн талаар иргэд сонгогчдод тайлбарлан таниулах ажлыг хийж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан, иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа асуудлын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал. Ажлын хэсгийн боловсруулж, УИХ-д өргөн барьсан төсөлд "Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэсэн нь гишүүдийг хоёр хуваагдахад хүрээд байгаа. Үр дүнд нь "УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар бус, иргэд шууд сонгох” заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх тэс өөр саналыг ч нэр бүхий гишүүд гаргаад байгаа.
Өмнөх удаа иргэдээс санал авсан асуудлаар зарчмын зөрүүтэй 10 гаруй саналыг байнгын хороодоор хэлэлцүүлэн зөвшилцөлд хүрсэн гэх авч сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр гацаа үүсээд байгаа тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригч Д.Лүндээжанцан хэлсэн. Харин одоо Ерөнхийлөгчийн өргөн барьсан бас нэг төсөл хуулийн хэлэлцүүлгийг хойш чангааж байна.
Тэнд сонгуулийн тогтолцооны асуудлыг мөн хөндсөн бөгөөд ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, үүний 50 хувийг буюу 54-ийг нь намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн системээр сонгох тухай санал туссан байдаг. Мөн шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах, гүйцэтгэх эрх мэдлийг ҮАБЗ-ийн нэрээр өөрийн Ерөнхийлөгчийн институтэд авчирах заалтууд Ерөнхийлөгчийн төсөлд суусан нь судлаачдын зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Энэ талаар хожим өгүүлэх болно.
Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон сонгуулийн холимог тогтолцоог санал болгосныг судлаачид дэмжих хандлага давамгайлж байна. Энэ нь парламентийг чадавхижуулах, чанаржуулахад чухал нөлөөтэй хэмээн үнэлж байгаа. Харин энэ санал иргэдийн зүгээс дэмжлэг хүлээх магадлал тун бага байна. Ялангуяа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр. Гэвч энэ нь нэмэлт өөрчлөлтийн төсөл чуулганы хоёр дахь, гурав дахь хэлэлцүүлгийг давсаны дараа ард нийтийн санал асуулга дээр ирж ч хагалагдах болов уу.
Харин сонгуулийн тогтолцоонд пропорионалийн элементийг оруулж ирэх буюу холмилог тогтолцоог хуульчлах асуудал парламентын эхний даваа болж байна. Ядаж л 54 гишүүн тойргоос сонгогдоно гэсэн "бооцоон” дээр энэ асуудал дэмжигдэж магадгүй. Тиймгүйгээр одоогийн 76 гишүүнтэй парламентын хувьд энэ бараг л бүтэхгүй санаа. Адгийн тэнэг ч гэсэн эргэж сонгогдох магадлалаа тооцоолоод жижиг 76 руугаа л буцах гэнэ.
Иргэдийн хувьд ч "нам сонгохгүй, хүн сонгоно” гээд байгаа нь улс орны ирээдүйд санаа зовсон гэхээсээ гар дээр нь тавьдаг будаа гурилхан, тав арван цаастай л холбоотой байх нь элбэг. Хэрвээ нөгөөхөө өгөхгүй болж гэмээн илүү амласан нэгнийг дагаад гүйчихнэ. Гэвч "үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гэдэг. Гурав, дөрвөн жил тойргоо тойлсон жаахан мөнгөө ганц удаа гараа сунгаад хэд нугалаад олдог. Жаран тэрбум ч, ЖДҮ ч тэр, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хуваасан 700 тэрбумын концесс ч тэр.
Учир нь хамгийн баян хүн ч, хамгийн шударга нэгэн ч бай хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгөө хэн нь ч биш нэгэнд (түүнийг сонгогч гэдэг) өгөөд, өөрөө хоосон хоцрохыг хүсэхгүй. Ямар ч өгөөмөр, шулуун шударга хүн тодорхой хугацааны дараа "Ингэхэд би яахаараа зүгээр өгөх ёстой юм. Эдэнд зарцуулсан мөнгөө эргүүлээд олох ямар арга зам байна” гэж толгой нь ажиллаж л эхэлнэ. Тэгэхээр хүнийхээ сайн мууд биш, сонгуулийнхаа тогтолцоонд байна аа гэсэн үг.
Товчхон хэлбэл, улстөрчдийн нэр холбогдоод байдаг авилгын эх сурвалж нь угтаа сонгуулийн авилгаас эхтэй гэж болох юм. Цэвэр бодлогоороо, улстөрчийнхөө туршлага, мэргэжлийн раанкаараа өрсөлдөж гарч ирсэн хүн бол арав таван цаас бариад сонгогчийнхоо өмнө очихоос ичнэ. Харин тэр өрсөлдөөнийг бий болгодог тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн систем юм л даа. 30 мянган хүнтэй жижиг тойргийг худалдаж авах, гурван сая хүний дэмжлэг авч УИХ-д суух хоёр огт өөр зүйл.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn