|

Зөвшилцлөөс зайлсхийх заль

Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох саналыг УИХ дахь АН-ынхан дэвшүүлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэгт мэдэгдэл болгон хүргүүлээд байна. Үүний хамт дэвшүүлсэн хоёр саналыг нь хүлээж авахгүй бол Төрийн тэргүүн ахлан ажиллаж буй зөвшилцлөөс гарч, хэлэлцүүлэгт оролцохгүйгээ ч мэдэгдэв. АН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ахалж, тус намын дарга С.Эрдэнэ, парламент дахь гишүүдээ зангидан ажиллаж байгаа Д.Эрдэнэбат гэхчлэн удирдлага нь багтсан ажлын хэсэг, зөвшилцөх үйл явцаас бултах нүхээ сөрөг хүчин ухаж буй нь энэ бололтой.

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх тухай яриа ер нь бол шинэ биш л дээ. АН-ын мэдэгдэлд дурдсанчлан, 2015 онд буюу өмнөх УИХ-д Н.Батбаяр нарын, тухайн үеийн эрх баригч нам (АН)-ын голдуу гишүүд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ийм агуулгатай заалт бий. Тодорхой хэлбэл, тус төслийн 31.4-т "Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн, нууц санал хураалт явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь зөвшөөрсөн хууль гаргана” гэх заалт байсан юм (Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймгаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хоттой байхаар дээрх төсөлд тусгасан бөгөөд аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдахаар боловсруулсан байв). Уг төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр үг, үйлдлээрээ "бэлгэдэл эрхэмлэгч” гэдгээрээ хэдийн танил болсон нэгэн. Алтанд ногдуулсан 68 хувийн татвар, экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл гэхчлэн түүний бэлгэдэл, бэлгэшээлээр бий болсон зүйл бишгүй. Ямар сайндаа л "Эцэг хууль” хэмээн авгайлдаг Үндсэн хуулийг "Эх хууль” гэж нэрийдэхээр тусгасан уг төсөлд Ерөнхийлөгчийг нэг танхим бүхий 99 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь таван жил байх УИХ-аас зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгох заалт оруулсан байв.

Тэр ч бүү хэл, 27 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеэр Ерөнхийлөгчийг парламентаас, эсвэл ард түмнээс сонгох, эсэх талаар хөндөж байсан юм билээ. Үндсэн хуульд "Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай” гэж заасан нь дээрх хоёр хувилбарын хослол гэж "Эцэг хууль”-ийн эхийг баригч Б.Чимид гуай тайлбарласан нь ч үүнтэй холбоотой аж. Нэн ойрын түүх гэвэл, 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар Н.Батбаяр нарын төсөлд тусгасан, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх тухайд оролцогчдын олонх нь дэмжээгүй юм. Нэгэнт зөвлөлдөх санал асуулгаар дэмжээгүй, судлаачид, олон нийтийн зүгээс тохиромжгүй гэж үзсэн учраас эл хувилбарыг өнөөдөр хэлэлцэж буй төсөлд тусгаагүй гэдэг. УИХ-аар эхний хэлэлцүүлгийг нь хийгээд буй буюу гишүүдийн санаачилсан төсөл төдийгүй сүүлд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналд ч үүнийг хөндөөгүй. Төрийн тэргүүний хувьд ийм агуулгатай заалт санаачлах эрх ч, сонирхол ч үгүй.

Чухам "Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийг хөндөх санал дэвшүүлж болохгүй учраас бид хэлж байна” гэж АН-ынхан тайлбарлах ч үүнийг гэнэт яагаад гаргаж ирэв. Өмнө нь энэ талаар огт хөндөж байгаагүй атал Төрийн тэргүүнийг түр эзгүйд, мэдэгдэл хийн, сүржигнэх нь сонирхол татаж байна. Үнэндээ сүржигнэхийн тулд сүржигнэж байгаа гэвэл илүү онож ч мэднэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөлд үл гүйцэлдэх саналыг зориуд тавьж, хүлээн авахгүйгээр нь далимдуулан зөвшилцлөөс зайлсхийх "заль” гэлтэй.

Олон улсын туршлагаас харахад парламентын бүгд найрамдах улсад Төрийн тэргүүн нь гагцхүү улс үндэстнийхээ бүрэн эрхт байдал, эв нэгдлийг илэрхийлэгч байдаг бөгөөд түүнийг хууль тогтоох байгууллагаас сонгодог, Ерөнхийлөгч нь ихэнхдээ хууль санаачлах эрхгүй, Засгийн газрын өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу Монгол Улс парламентын засаглалтай улс ч манай Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх эдэлдэг, бусад хуулиар бүрэн эрхийг нэмэгдүүлсээр буй. Хэдийгээр "Адилхан л ард түмнээс сонгогддог шүү дээ” гэх маягаар УИХ-ын эрх мэдлээс хуваалцаж, хагас Ерөнхийлөгчийн гэмээр засаглалтай болчихсон өнөөгийн тогтолцоог дээрх зарчмаар зүгшрүүлж болох ч хөрс, суурь нь хараахан бүрдээгүй байгаа. Төр, түшээд, улс төрийн нам гээд аль алиных нь нэр хүнд нь навс унаж байгаа энэ үед ядаж УИХ-аа "зөв” хүмүүсээр бүрдүүлчихсэн хойно тэдэнд Төрийн тэргүүнийг сонгох эрх өгч болох юм. Тэр үед нийт ард түмний төлөөлөл болсон парламент нь Ерөнхийлөгчөө сонгох нь Төрийн тэргүүнээ түмэн олноос тодруулснаас ялгаагүй гэж ярихад яах вэ, бас ч гэж. Тэгээд ч 2015 онд Н.Батбаяр нарын төслийн талаар ид ярилцаж байхад "Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгохооргүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн” хэрэг хэмээн шүүмжилж байлаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчиж байна гэх шүүмжлэл ч өрнөж байв.

Ер нь судлаачид уг асуудалд олон талаас ханддаг. Тухайлбал, зарим нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж, УИХ-аас сонгодог болсноор улс төрийн тэмцэл, зөрчил арилж, улмаар Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байх нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Нөгөө талаас дахин сонгогдохгүй Ерөнхийлөгч идэвхгүй, улс төрийн аливаа хямралын үед итгэлтэй, зоримог ажиллаж, шийдэмгий арга хэмжээ авахаас зайлсхийж, улс төрийн бүх эрх мэдэл нэг парламентад олонх болсон хүчний гарт төвлөрөх, хариуцлага, хяналт сулрах эрсдэлтэйн зэрэгцээ тэрхүү Төрийн тэргүүн иргэдийн гэхээсээ илүүтэй нам, бүлэг, фракцынхаа ашиг сонирхлыг илүүд үзнэ гэх байр суурь илэрхийлдэг.

Юутай ч одоогоор Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийн алинд ч Төрийн тэргүүнийг УИХ-аас сонгох тухай заалт байхгүй. Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцээд, оролцогчдынх нь олонх дэмжээгүй учраас хасчихсан эл заалтыг гишүүд төсөлдөө нэмэхгүй нь лав. Ерөнхийлөгч ч үүнийг дэмжихгүй л болов уу. Хэдийгээр Ерөнхийлөгч өөрөө шууд хөндөн, тусгах эрхгүй ч түүний одоогийн бүрэн эрхээс булаах гэсэн бусад саналын эсрэг тууштай байр суурь илэрхийлж байгаа. Ер нь гишүүдийн санаачилсан төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нэлээдийг хязгаарлахаар тусгасан бөгөөд түүнийг тэрбээр дэмжихгүйгээ мэдэгдэж буй. Тухайлбал, шүүх эрх мэдэлд хэт хутгалдаж байна гэх үндэслэлээр түүний эдэлж буй эрхийг олон талаар хязгаарлах саналыг бүхэлд нь дэмжихгүй байгаа. Ийм байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, парламентын эрх хэмжээг нэмэгдүүлэх заалтыг Төрийн тэргүүн дэмжих нь юу л бол. Үүнийг ч АН-ынхан гадарлаж байгааг дахин тэмдэглэе. Үнэмлэхүй олонхтой нийлж, үгсэн хуйвалдсан мэт харагдахгүйн тулд ийн сөрж байгаа нь сөрөг хүчний хувьд авах арга хэмжээ мөнөөс мөн.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин