|

Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 30 тоот тогтоолыг баталсан. Үүгээр нийт зургаан орд газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Тэдгээр зургаан ордын нэг нь Нарийн сухайтын нүүрсний орд газар юм.
Стратегийн ангилалд багтдаг уг бүлэг ордын чухам аль хэсгийг стратегийн ангилалд багтааж хил заагийг тогтоох вэ гэдэг асуудлыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Засгийн газар шийдсэн гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулиар орд газрын хил заагийг тогтоох эрх нь Засгийн газарт бий ч УИХ яаж тогтоохыг нь тогтоолд тодорхой зааж өгдөг. УИХ-ын тогтоолдоо тусгахдаа Нарийн Сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг Чинхуа Мак компанитай өмнө нь байгуулсан тогтвортой байдлын гэрээний нөхцөлийн хүрээнд тохирсон хил заагийг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн юм байна.
УИХ ийм тодорхой чиглэлийг тогтоолдоо тусган баталсан байтал Нарийн Сухайтын орд дээр хилийн заагийг дур мэдэн өөрчилж, Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар олборлолт хийсээр байгаа "Сауд Гоби Коэл транс” компанийн лицензтэй талбай болох 153 мянган га газрыг Нарийн сухайтын стратегийн ордын хилийн заагт оруулсан "Хавсралт-1” гээчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Засгийн газрын тогтоолд "шургуулжээ”.
УИХ 2015 онд тогтоол баталж, Тост Тосон бумбын нурууны 893 мянган га газрыг байгалийн нөөцөд төрийн тусгай хамгаалалтад авах, ингэхдээ хилийн заагийг Засгийн газар тогтоохыг даалгасан байдаг. УИХ-ын уг тогтоол батлагдсанаас жилийн дараа буюу 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын газрын хилийн заагийг тогтоохдоо танхимынхаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Сауд гоби коэл транс” компанийн уурхайн лиценз бүхий 153 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байсан.
УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээр давуу эрх олж, байгаль орчныг сүйтгэсэн, хууль бус уурхайн олборлолт эрхэлж байгаа "Сауд гоби коэл транс” компани нь яг өмнөх мэхээ давтаж, энэ удаад Стратегийн ордын ангилалд орж авлаа. Стратегийн орд газарт төр тодорхой хувийг нь эзэмших зохицуулалттай. Тэгэхээр "Сауд гоби коэл транс” компани нь тодорхой хувиа төрд шилжүүлж, төртэй хамтран эзэмших нөхцөл үүссэн гэсэн үг юм.  Говийн эмзэг эко систем Тосонгийн нурууны усны хагалбар дээр олборлолт явуулж байгаа хууль бус үйлдлээ тийнхүү төрийн нэр дор халхавчлах заль сэдсэн байна.
З.Боргилмаа 
Эх сурвалж: zindaa.mn