-Ерөнхий сайд Засгийн газар, УИХ-аа тарах уу-
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг дахин 32:32-оор талцан, нуруу, нуруугаа харсан. Гэхдээ тэдэнд нэг талдаа гарах боломжийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх олгож байна уу гэлтэй шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүний тоог 108 байхаар тусгасан. Гэтэл МАН-ын бүлэг 108 бол их, харин 76 эсвэл 99 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй байгаа. Ердөө л 9 гишүүний асуудал мэт харагдавч 32:32-оороо талцан, өөр өөрсдийн эрх ашгаа хадгалж үлдэх гэсэн санаархал нь ийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гацаачихаад байгаа юм. Харин сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдын гаргаж буй шийдвэрүүд 32:32-оор тэнцээд хайнаа хагалж чадахгүй байсан МАН-ын гишүүдийг олонх, цөөнх болох ихээхэн түлхэц болж байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ сайд нартайгаа хариуцлага тооцно, "толгойтой чинь ярина шүү” гэчихсэн байхад нөгөөдүүл нь хувиа бодож, довоо шарлуулахыг хүсэх нь тодорхой. Угаас бодит байдал дээр Ч.Улаан сайдын хувьд мах, гурилын үнийг тогтвортой барихаасаа өнгөрсөн. Ядахад тариа хураалтын цагаар Дарханы замын бүтээн байгуулалтын ажлаас үүдэлтэйгээр тариаланчид төмөр замын тээврийг сонгохоос аргагүйд хүрсэн. Тэгэхээр тээвэрлэлтийн зардал өсөхөөр гурилын үнэ нэмэгдэх магадлал өндөр. Дан ганц махны үнээ хэрхэх вэ гэж байхад ингээд гурилын үнийн асуудал үүснэ. "Толгой”-тойгоо тооцоо хийлгэж байхаар Ч.Улаан сайд албан тушаалтайгаа үлдэхийн тулд "эсэргүү” 32-той нэгдэх магадлал ч өндөр.
Угаас мань хүн урваж, шарвахдаа гаргууд нөхөр шүү дээ. Нөгөө талд утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй, сайжруулсан гээд байгаа түлш нь өвлийг өнтэй давахад төдийлэн чанарын шаардлага хангахгүй гэдэг нь иргэдийн хэрэглээнээс ил болсон. Тэгэхээр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат ч нөгөө талд кноп дарж мэдэхээр байгаа. Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж "Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсан зөвшөөрлүүдийг цуцалсан.
Тэдгээр нь Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монголгазар" компанийн эзэмшлийн 13 тусгай зөвшөөрөл гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд энэ бол зөвхөн Ц.Мянганбаярынх биш түүний ард УИХ-ын 7-8 гишүүн холбоотой гэдэг асуудал ч яригдаж байгаа. Ингээд харахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн "Үндсэн хуультай холбоотой асуудлаар манай намын бүлэг хоёр хуваагдчихаад байгаа юм байхгүйээ. Бүлэг дээрээ зөвшилцье, дараа нь олонхиороо асуудлаа шийдье л гэж байгаа.” Гээд байгаа нь халхавч болж таарах нь. Харин Ерөнхий сайдтай тэрсэлдэж, Ерөнхийлөгчийн хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийгээд УИХ тарж, дахин сонгуулийн буухиа эхлүүлж мэдэхээр болоод байна.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn