УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг батлав.
Тогтоолын төслийн 2 дахь заалтад "зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, "ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх”, ”санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 6, 7, 8 дахь дэд заалт нэмэхээр төсөлд тусгажээ.
Мөн тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг "мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж, тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг "Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.
Монголбанкны ерөнхийлөгч болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13-15 хувь байгаа нь гадаад валютын хадгаламжаас өндөр байгаа бөгөөд энэ нь төгрөгийн өгөөж валютынхаас өндөр буйг харуулж буй үзүүлэлт аж. Банкны систем дэх чанаргүй зээл 10 хувь байгаа гэлээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 12 хувь, өнгөрсөн онд 11 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт бага багаар буурч байгаа ч төдийлөн хангалттай хамжээнд хүрэхгүй байгааг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан үүсч, шүүхийн шатанд зээл төлүүлэх ажиллагаа 5-7 жилээр үргэлжилдэг гээд энэ бүхэн хууль эрх зүйн орчинтой ч холбоотой гэдгийг дурдсан.
Ингээд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм. Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, байгаль орчныг бохирдуулан, энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 2017 оны тоогоор улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж бүртгэгдсэнээс хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м бохир ус байгальд шууд хаягдаж байгаль орчныг бохирдуулдаг байна.
Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгаа аж. Тухайлбал, УСУГ хоногт 150-160 мянган м ус олборлон түгээж, 160,0-180,0 мянган м бохир ус татан зайлуулдаг бол хур тунадас ихтэй зун, намрын улиралд 230 орчим мянган м ус цэвэрлэдэг бөгөөд үүний зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй үлдэхийн зэрэгцээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна.
Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болжээ.
Дээрх хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ус хангамж, ариутгах татуургын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар хариуцлагыг дээшлүүлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийслэлээс гадна зарим аймаг, сумдын иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус хэрэглэн, эрүүл мэндээр хохирч байгаа талаар онцолж байлаа.
Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, экологийн цэвэр усаар иргэдээ хангахын тулд хяналтын механизмыг сайжруулах, энэ чиглэлээр улсын байцаагч ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Мөн хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтуудыг бусад хуульд тусган шийдвэрлэх боломж бий гэдгийг мөн тодруулан хэлсэн.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр, Үндэсний их баяр наадам нь Монгол Упсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Монгол Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан цагаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна гэлээ.
Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.
Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, хурдан морины уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг оруулжээ.
Хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн түүхэн уламжлал болон өнөөгийн нөхцөлд хурдан морь уяж, уралдуулах нь малчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суухад түлхэц үзүүлэх нэгэн төрлийн ажлын байр болсон зэргийг харгалзан үзэж, ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.