|

Украины зүүн нутагт гал зогсоохоор тохиролцлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Украины зүүн нутагт гал зогсоох дэглэмийг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Тэд өчигдөр Франц, Германы зуучилсан Парисын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна.

"2020 он гарахаас өмнө гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, гал зогсоох тухай хэлэлцээрийг иж бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхээ талууд амласан” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн Герман, Францын удирдагчдыг оролцуулсан дөрвөн талын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд энэ онд багтаан бүх олзлогсдыг солилцох ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.  

В.Путинтэй анх удаа ганцаарчилсан уулзалт хийж байгаа В.Зеленский эн тэргүүний зорилтуудынхаа нэг болох Украины зүүн нутаг дахь мөргөлдөөнийг ийнхүү зохицууллаа.  

"Энэхүү уулзалт нь Украины зүүн нутагт 2015 онд байгуулсан энхийн хэлэлцээрийг бэхжүүлж байна” хэмээн Германы канцлер Ангела Меркель Франц, Украин, ОХУ-ын удирдагчидтай хамт оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Э.Аянзаяа