Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр (2019.12.16) Төрийн ордонд боллоо.
Нийтийн сонсголын тухай хуульд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тухайн хууль тогтоомж хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор явуулахаар заасан байдаг.
Мөн Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар хуульчилсан.
Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх нийт 13 журмыг баталжээ.
Авто замын санд 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулгадаа, "Зам барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр 3 жил байхаар хуульчилсан.
Хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 109 зам барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг 3 жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна. Авто зам, замын байгууламжийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох тухайн байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны үндсэн дээр хийгддэг зураг төсөл болон техник, технологийн шийдэл байдаг.
Зураг төсөл болон магадлалын ажилд тавигдах шаардлага, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зорилгоор хуулийн 19.4-д "Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна”, 19.5-д "зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна” гэж зааж өгсөн. Ингэснээр авто зам, замын байгууламжийн чанар, үр ашиг сайжирч байна. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эрхтэй 39 компани байгаа. 2019 онд Зам тээврийн хөгжлийн төвөөс 187 зураг төсөлд магадлал хийсэн” хэмээн танилцуулгадаа дурдав.
Авто замын арчлалт, засварын ажилд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршил их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллага засварлажээ.
Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 19 цэгээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Тус сангийн хөрөнгөөр нийт 6,293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээх ажлыг хийжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2,368, хориглох тэмдэг 1,680, мэдээлэх тэмдэг 2,070, заах самбар 175 ширхгийг байрлуулсан байна.
Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ.
Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан.
Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ.
Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг "хуурай” тоогоор илэрхийлэхгүйгээр бодит нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг хөндөж байлаа. Тухайлбал, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ тус тус байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах болдог.
Түүнчлэн Авто замын зөвлөлийг ажиллуулах боломжийг өргөн хүрээнд нээж, хяналтын тогтолцоог сайжруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.
Дархан - Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явц
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан - Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаарх асуултад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд "Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон.
Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны 6 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.
Энэхүү ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газраар дамжуулан ирүүлэх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн юм.
А.НАМУУН, IKON.MN