|

Хятадын баян мужийн дефолт хөрөнгө оруулагчдыг сандаргав

  • Олон улсын гол гурван компани зээлдэгчийн зэрэглэлийг хараахан өөрчлөөгүй байгаа ч хөрөнгө оруулагч нар нь түгшсэн хэвээр

БНХАУ­ын хамгийн баян мужид сүүлийн гурван сард хувийн зургаан том компани өрөө төлж дийлэхгүй зарим нь дефолт зарлаж, үлдсэн нь зарлахдаа тулаад байна. Шаньдун мужийн эдгээр зургаан компанийн төлөх нийт өр 68.1 тэрбум юаньд хүрсэн нь хашир туршлагатай хөрөнгө оруулагчдыг хүртэл сандаргав. Хүндрэлийн шалтгаан дефолтдоо ч байгаа юм биш. Бусад мужуудын байдал бүр ч дор. Шаньдун мужийн компаниудын дунд нэг нь нөгөөгийнхөө зээлийг батлан даах нь нийтлэг байдаг. Компаниуд өр зээлээ нийтэд зарладаггүйгээс хөрөнгө оруулагчид аль нь хэр хэмжээний өр зээлтэй, хэр хүнд байдалд байгааг мэддэггүй. Хүчирхэг эдийн засагтай гэгддэг мужийн хувийн компаниудын хоорондох учир битүүлэг холбоо бүгдийг нь арагш чирэх аюул ёрлож байна. Ердөө хэдхэн жилийн өмнө огт байгаагүй дотоодын дефолт 2019 онд 126.7 тэрбум юань буюу 18 тэрбум ам.доллар хүрсэн нь үнэт цаасанд хөрөнгө оруулагчдад тулгараад буй, шийдвэрлэх ёстой олон бэрхшээлийн нэг болж хувирлаа. Шаньдун болон бусад мужид засгийн газар ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхой бус. Сул компаниудыг унагаах бодлого тодорхойлогчдын сонирхол ихэссэн ч эдийн засгийн өсөлт, зах зээлийн тогтвортой байдлыг хангах дарамт шахалт бас бий. Тус улсын төрийн өмчийн бус компаниудын дефолтын хувь хэмжээ 2019 оны эхний 10 сард үнэмлэхүй буюу 4.5 хувиар өссөнийг Fitch Ratings 12 дугаар сарын гурванд нийтэлсэн тайландаа тооцоол­сон. Зээлдэгчдийн зарим нь клирингийн танхимаар дамжуулалгүй бонд эзэмшигчтэй хувиараа арилжаа явуулдгаас шалтгаалан дефолтын бодит жинхэнэ хэмжээ үүнээс илүү их ч байж болзошгүй хэмээн Fitch үзэж байна. Харин банкуудаас санхүүжилт авдаг, засгийн газрын дэмжлэгтэй төрийн өмчийн компаниудын дефолтын хувь хэмжээ ердөө 0.2 хувьтай байгааг Fitch тайландаа дурджээ. Шаньдун мужид хөрөнгө оруулагчдын айдас тун хачирхалтай байдлаар илэрчээ. Энэ 10 дугаар сарын сүүлээр мужийн үр тариа, ган төмөрлөгийн конгломерат (олон салбарт бизнес эрхэлдэг томоохон компани) хоорондоо хэлхээ холбоогүй байж таарах лавтай хоёр ч хөрш компанийнхаа бондыг арагш чангаав. Өөр компаниудын өрийг дааж байгаа нь тодорхой болсон хөнгөн цагаан үйлдвэрлэгч China Hongqiao Group Ltd, хүнсний Shandong Sanxing Group бондын үнэ үнэмлэхүй унагасаны хариуцлагыг хүлээж таарна хэмээн хөрөнгө оруулагчид үзсэн юм. Hongqiao бусдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгүй гэдгээ зээлдүүлэгчдэдээ тайл­барласан, зээлжих зэрэглэлийн олон улсын гол гурван компани зээлдэгчийн зэрэглэлийг хараахан өөрчлөөгүй байгаа ч хөрөнгө оруулагч нар нь түгшсэн хэвээр. БНХАУ­ын эдийн засгийн эртний төвийн нэг, худалдаагаар анх хөл дээрээ боссон Шаньдун муж өдгөө хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэлийн томоохон төв болж хувирсан юм.

Шаньдун мужийн эдийн засгийн чухал төв – Чиндао хот

ЗГМ