Арван жилийн өмнө ба одоо
Монгол Улсын эдийн засаг сүүлийн арван жилд маш их өөрчлөгдсөн. Ингэхдээ гурван том өөрчлөлт гарчээ. Нэгдүгээрт, уул уурхайн эзлэх хувь нэмэгдсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлтэй уялдаатай болсон. Урьд нь гаднын зах зээлд гарах, доллар босгохыг мэдэхгүй байсан. Одоо бол Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, доллар босгох нь иргэд банкаар үйлчлүүлэхтэй л ижил болжээ. Гуравдугаарт, үйлчилгээний салбарын өсөлт хурдацтай нэмэгдсэн. Үйлчилгээний салбарт төдийлөн өсөлт харагдаггүй байсан бол сүүлийн 10 жилд үйлчилгээний салбар уул уурхай дараа орж ирсэн. Энд худалдаа, банк, санхүү гэх мэт бүх салбар багтана. Тодруулбал, арван жилийн өмнө Монгол Улсын ДНБ 4.5 тэрбум ам.доллар байсан. Үүний 20 гаруй хувийг уул уурхай, 20 орчим хувийг хөдөө аж ахуй эзэлж байсан юм. Эдгээрийн дараа буюу гуравдугаарт худалдааны салбар эрэмбэлэгдсэн ч ДНБ-д 10 хүрэхгүй хувийг эзэлж байв. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ДНБ гурав дахин өсөж, 13 тэрбум ам.долларт хүрээд байна. Ингэхээр нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар. Мэдээж арван жилийн өмнөх байдлаар ДНБ-д эзлэх хувиараа уул уурхай тэргүүлж байгаа. Ингэхдээ уул уурхайн эзэлж байсан 20 хувь 30-д хүрсэн. Харин ДНБ-д эзлэх хувиараа худалдааны салбар урагшилж, хөдөө аж ахуйн өмнө бичигджээ. Өөрөөр хэлбэл, энэ оны байдлаар ДНБ-д худалдааны салбарын эзлэх хувь арван жилийн өмнөх уул уурхайн "жинд” хүрсэн байгаа юм. Үүний дараагаар Монгол Улсын ДНБ-д үл хөдлөх, үйлчилгээний салбар (худалдаа, санхүү), тээвэр, боловсрол, харилцаа холбооны салбар жагсах болжээ. Үүнийг "Монгол Улсын эдийн засагт шинэ бүтэц бий болох эхлэл” гэж болно.
Өсөлтөд манлайлагч
Одоогоор хамгийн жинтэй орж ирж байгаа нь өмнө жишээ татсанчлан худалдаа үйлчилгээний салбар юм. Худалдаа, үйлчилгээний салбар нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 38.8 хувийг бүрдүүлж байна. Тоогоор хэлбэл, Монгол Улсад бизнесийн регистрийн бүртгэлтэй 80 орчим мянган аж ахуйн нэгж байхад 35 гаруй мянга нь худалдаа, үйлчилгээний чиглэл гэдэг ангилалтай. Ингэснээр энэ салбарт нийтдээ 204.5 мянган хүн ажиллаж байгаа. Ажиллах хүчний судалгаагаар Монгол Улсад 15- аас дээш хөдөлмөрийн насны 2.2 сая хүн байгаа. Үүний 1.3 сая нь ажиллаж байгаа гэдэг тоо гарсан. Тэгэхээр энэ салбарт ажиллагсад Монгол Улсын хөдөлмөрийн насныхны 10 хувь, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 20 орчим хувьд хүрэх юм.
Худалдааны салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч, үйлчилгээг "үйлдвэрлэдэг”. Тэр утгаараа өнөөдөр Монголд үйлчилгээний салбарын тэсрэлт болж байна гэдэг нэршил хүртэл гарахад хүрээд байна. Энэ нь "E-mart”, "CU”, "Circle К”, "KFC”, "Burger king” болон "Номин”, "Сансар”, "Боса”, "Миний дэлгүүр”, "Макс” "Оргил” гэх мэт дотоодын сүлжээ үйлчилгээний газруудаар баталгаажина. Зөвхөн "Номин” гэхэд жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 13 бөөний төв, 9 хайпермаркет, 14 супермаркет, 11 конвенинс дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сард 1.3 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг гэсэн тооцоо гаргажээ. Тэгвэл "Cirkle K” дэлгүүрийн хувьд 2019 онд 60 салбартай болохоор төлөвлөсөн гэдгээ мэдэгдэж байв. Энэ хэрээр худалдааны дэмжлэгтэй үйлдвэрлэл нэмэгдэх нь мэдээж.
Худалдааны салбар үйлдвэрлэл бий болгохгүй ч, үйлдвэрлэлийг хамгийн их нэмэгдүүлдэг. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт бусад салбараа дагаж өсдөг онцлогтой. Тэгэхээр өсөлтийг нь бусад салбарын өсөлтөөс салгах аргагүй. Мөн цаашдын өсөлтийг нь ч өөдрөгөөр харахад буруудахгүй юм.
Өсөлтөд өрсөлдөгчид
Өнөөгийн ДНБ-д эзлэх хувиар салбаруудыг харвал өсөлтөд манлайлагч нь худалдаа, үйлчилгээний салбар бол өсөлтөд өрсөлдөгч хэд хэдэн салбар байгаа юм. Үүнд, тээвэр, харилцаа холбоо, үл хөдлөхийн салбар багтана. Нэмээд үйлчилгээний салбараас салбарлан санхүүгийн үйлчилгээ. Санхүүгийн үйлчилгээнээс үүдэн технологийн салбар дараагийн 10 жилд уул уурхайн байранд ирнэ гэдэг төлөв ч байгаа юм. Ингээд дараагийн өсөлтөд өрсөлдөгч буюу уул уурхайг орлох салбар юу байхыг доорх хүмүүсийн тодорхойлолтоор хүргэе.
ДАРААГИЙН ТОМ ҮСРЭЛТ, ТЕХНОЛОГИ, КОНТЕНТИЙН САЛБАРТ ГАРНА
Эдийн засагч Ч.Хашчулуун: Уул уурхайг орлох дараагийн салбар бол технологийн хувьсгал байна гэж боддог. Яагаад гэвэл хэдий боловсролын системийг шүүмжилдэг ч манайх улсаараа бичиг үсэг тайлагдалт маш өндөр. Өөрөөр хэлбэл, бичиг үсэг тайлагдалт 90-ээс дээш хувьтай байна. Үүнээс гадна ямар нэгэн гадаадын хэл үзэх эрх нь нээлттэй сайн тал бий. Мөн монголчуудын онцлог гэж хэлж болохоор нэг зүйл нь тоон шинжлэх ухаан, математикдаа массаараа сайн. Энэ хоёр онцлогийг түшиглэхээр технологийн салбар хөгжих боломж байгаа. Технологи хөгжихөөр өргөн уудам нутагтай Монгол Улсад нэн тохиромжтой болж байгаа юм. Энэ салбараа дотооддоо сайн хөгжүүлбэл, дараа нь гаднын зах зээлд гаргаж болно. Яг энэ жишгээр Лэндмн гараагаа эхэлж байна. Өнөөгийн дотоодын төлвийг харвал энэ салбар дараагийн Монголын "уул уурхай” бололтой. Энэ салбараар эдийн засаг нь сайжирсан улсууд олон бий. Жишээлбэл Финлянд улс ганцхан Nokia гар утас гаргаад л дэлхийн өндөр технологитой улсын эгнээнд орж ирсэн. Монгол Улс өдий хүртэл инженерүүдийг хөгжүүлэх арга хэмжээ авсан. Налайхад Оюутолгой компанитай хамтраад уул уурхайн том сургууль нээсэн. МУИС, ШУТИС-д технологийн анги нээсэн. "1000 инженер” төсөл хэрэгжүүлээд Япон гэх мэт гаднын улсад инженерүүдийг сургаж байгаа. Үүний үр дүн өнөөдөр биш гэхэд таван жилийн дараа гарч эхэлнэ. Ингэхээр дараагийн гурав, дөрвөн жилийн том үсрэлт, технологи, контентийн салбарт гарах байх.
ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖОО ХАРАХААР ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ АМАРХАН ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
ВАЛЮТ ОЛДОГ САЛБАРАА ТҮРҮҮЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ