Тэд хүссэндээ харийг зориогүйг хэнбугай ч хэлнэ. Саяхан Солонгост ажилладаг нэг иргэн өөрийн цахим хуудастаа бичсэнээс харвал "Солонгост Монголоос очиж ажиллаж байгаа залуус дунд эмч, багш, хуульч, орчуулагч, инженер гээд бүхий л мэргэжлийн хүмүүс байна. Тэд Монголд мэргэжлээрээ ажиллаад 700-900 мянган төгрөгийн цалин авдаг бол Солонгост зочид буудлын цэвэрлэгч хийлээ гэхэд 2-3 саяар нь авч байна. Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багшаа үнэлж байгаа цалин Солонгосын цэвэрлэгчээ үнэлж байгаа цалингаас хэд дахин бага байна. Үнэхээр харамсмаар” гэжээ. Энэ нь гашуун боловч үнэн.
Үнэхээр Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн та эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах гэхчлэн энгийн эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас монголчууд гадны орныг зорьж "боолын хөдөлмөр” эрхэлж байгаа. Гадаад хэргийн яамны Консулын газраас өнгөрөгч 2019 оны эхээр дэлхийн 75 улсад Монголын 144 мянган иргэн амьдарч байна гэж мэдээлж байв. Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсны бүртгэлтэй нь. Цаана нь албан ёсны зөвшөөрөлгүй буюу "хараар” ажиллаж буй хүмүүсийг нэмбэл 200 мянгаас хол давна. Тэдний ихэнх нь ердөө л арай ахиухан цалин хөлс авч, амьдрал ахуйгаа жаахан дээшлүүлэхийн тулд харьд ажилладаг. Өмнөх жилүүдэд буюу 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 543 хүн Монгол Улсын иргэншлээс татгалзаж, харийг зорьсон байдаг. Энэ тоо ч улам өсөхгүй гэх баталгаа үгүй. Учир нь Монголдоо байгаа 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээн хариулсан байдаг.
Тэднийг буруутгах аргагүй. Энгийн эрхүүдийг булаачхаад одоо сонгох эрхийг нь ч булааж, Монгол Улсын иргэншлээс хүссэн хүсээгүй татгалзах сонирхолтой болгож байгаа нь өнөөгийн улстөрчдийн хийж буй үйлдэл, баталж буй хуулиар нь илэрхийлэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаадад оршин суугаа монголчууд саналаа өгөх боломжоор хангагдаж, тэд хэчнээн бахархалтайгаа байгаагаа бусадтай хуваалцаж байсан. Харин энэ удаа тэдэнд боломж үгүй. УИХ-ын гишүүд иргэдэд бус өөрсдөдөө ашигтай хувилбар, хууль баталсан учраас тойрог ч үгүй гэсэн үг л дээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр гадаад улс орнуудаас 7209 иргэн бүртгүүлж баталгаажуулснаас 4816 нь саналаа өгч байсан. Харин энэ удаа холоос ажаад, сураг сонсоод, халаглаад л өнгөрөх нь.
Уг нь тэд улстөрчидтэй адил хулгай, луйвар хийж, концесс, ЖДҮ-гээр түрийвчээ зузаатгаагүй. Харин ч эсрэгээрээ "боолын хөдөлмөр”-ийнхөө хөлснөөс 40 гаруй хувийг гэр бүлдээ илгээдэг. Энэ нь жилдээ 200-300 сая доллар болдог. Гадагшаа бус эх орон руугаа долларын урсгалыг чадлынхаа хэрээр чиглүүлж байна. Тийм байтал энгийн иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг нэг, нэгээр нь хассаар байгаа нь мөдхөн Монголд эх орноо гэсэн сэтгэлтэй хүн үлдэх үү гэх эргэлзээг төрүүлж байгаа юм
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn