|

САЙХАН ТҮҮХ: “Ээж ээ, би таныг орхихгүй”

"Ээж ээ, би таныг орхихгүй”. Энэ бол хайр. Цахим сүлжээнд олон хүний хайрыг татаж байгаа эхийгээ хайрлан тэвэрсэн коалагийн түүхийг өгүүлье. Лиззи, Фантом гэх эдгээр эх, хүү коалаг 2018 оны арванхоёрдугаар сард Австралийн амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдын эмнэлэгт эмчилжээ.

Лиззи болон түүний баяр баясгалан болсон бамбарууш Фантом машинд дайруулсан байв. Ослын дараа тэднийг Австралийн амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдын эмнэлэгт яаралтай авчирсан байна. Аз болоход зургаан сартай бамбарууш ямар ч бэртэл гэмтэл аваагүй ч эх коала нь уушгиндаа хүнд гэмтэл авч, мэс засал хийх шаардлага гарсан юм. Мөн түүний нүүр гэмтжээ. 

Мэс заслын үеэр зургаан сартай бамбарууш эхийгээ тас тэвэрсээр байсан гэдэг. Тэднийг хооронд нь наалдуулснаар тайтгарал өгнө гэж үзсэн малын эмч нар мэс заслын үеэр Фантомыг эхээс нь холдуулаагүй юм. Хайраар дүүрэн түүний тэврэлтийн ачаар мэс засал амжилттай болсон тухай хожим эмч нар дурсан ярьсан байдаг.

О.Чанцалдулам
Эх сурвалж: Zindaa.mn