|

Хуурамч эв нэгдэл зөвхөн ажил албан тушаал авсан удирдлагад л ашигтай

Дархан-Уул аймгийн МАН-ын дэд дарга асан, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.БАТБОЛД

ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ ТАНЫ ГАРГАСАН МЭДЭГДЭЛ ДАРХАНД УЛС ТӨРИЙН ХУВЬД НЭЛЭЭН ШУУГИАН ТАРЬЖ, АНХААРЛЫН ТӨВД БАЙЛАА. МЭДЭЭЖ ЭНЭ НЭЛЭЭН БОДОЖ ГАРГАСАН ШИЙДВЭР БОЛОВ УУ?

Тиймээ. Тэгэхээр энэ талаар тайлбарлахаасаа өмнө залуу хүний хувьд яагаад намд орсон гэдгээсээ эхлээд яръя. Миний бие олон нийтийн чиглэлээр, үйлдвэрчний байгууллагад ажиллаж байсан. Энэ нь угтаа хүний л төлөө ажил. Ажилчин хөдөлмөрчин хүний төлөө би юу хийж чадах вэ гээд явж байхдаа аливаа асуудал төр засгийн түвшинд очиж байж л шийдвэрлэгдэж байгааг харж байв. Төр засагтайгаа ойлголцож байж л, үйлдвэрчин хүний эрх ашгийг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, хүний төлөөх тэр бодлого, чиглэл, шийдвэрүүдийг хэн гаргаж байна гэхээр сонгуулийн үр дүнгээр олонх болж засаг барьж буй намууд л юм. Дэлхийн жишиг ч ийм. Тиймээс асуудал дунд илүү гүн оролцоотой байж, нийгмийн идэвхи гаргаж санасан бодсоноо хэрэгжүүлье гэвэл намын дотоод системд ажиллах нь зөв юм байна гэж үзээд 2011 онд НАМЗХ буюу намын дэргэдэх бүтцийн байгууллагаар дамжин энэ намд орсон. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан журмын нөхөд, залуучууд бид бүгд л Дархан хотоо сайхан болгочихье, энд ажиллаж амьдарч байгаа хүмүүстээ сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлье гэсэн хүсэл тэмүүллээр ажиллаж, сэтгэлгээний өөрчлөлт авчиръя гэсэн итгэл сэтгэлтэй, ийм л уур амьсгалтай ажиллаж ирсэн. 2016 оны сонгуулийн үр дүнгээр иргэд сонгогчид манай намд бүрэн итгэл хүлээлгэж, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх өргөн боломж ч бий болсон. Намын удирдлага, тэргүүлэгчдээс намайг намаа, нийт гишүүдээ манлайлан ажиллах боломжтой хэмээн үзэж, аймгийн намын хорооны дэд даргаар томилсон. Би энэ ажлыг гуйж аваагүй. Удирдлагуудын, намын томоохон зүтгэлтнүүдийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, зүтгэл гаргаж, хичээж ажилласан. Үүнийг миний ажлын үр дүн хэлнэ. Дархан-Уул аймгийн МАН-ын аймагтаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилт хангалттай сайн хэрэгжээд явж байгаа. Гэхдээ, ийнхүү ажиллах хугацаандаа намын бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг, ажил албан тушаалд очсоноо хувийн эрх ашгаа хамгаалах газар мэт ойлгодог байдал манай намд байгааг олж хараад, тодорхой шат дараатайгаар шаардлагуудыг тавьж ирсэн юм. Хавраас хойш олон ч удаа анхааруулж, хэлж ярилаа. Ер нь бүр анх гурван жилийн өмнө намын дэд даргын албан тушаалыг авч байхдаа ч санхүүгийн хувьд асуудалгүй, намын үйл ажиллагаа төлөөлөгч нараа дэмжсэн, удирдлагын үйл ажиллагааны хувьд зарчимтай ажиллая гэдгийг хэлж байсан. Гэвч өөрчлөгдсөнгүй. Зарчмаа зөрчөөд удаан явахаар хүн сүүлдээ аргаа бардаг юм байна. Хүнийхээ хувьд "Дарга минь ээ...” гэж нэг ярина. "Та ингэж болохгүй” гэж бухимдаж нэг хэлнэ. Сүүлдээ энэ нь зүгээр нэг яриа болоод албажихгүй байхаар, албажуулж албан бичгээр ч шаардлага тавьж үзлээ. Гэтэл дээшээ, доошоо бичиг цаас өглөө, даргыгаа давж харьцлаа гэх шүүмжлэлд өртөөд, тэр нь яван явсаар сая намайг ажлаас чөлөөллөө. Дотроос нь өөрчилье, зөв болгоё, сайн сайхан болгоё гэсэн зорилго, зарчмын санал маань явцуу эрх ашиг, хувийн сонирхлоо хамгаалах гэсэн улс төрийн тоглолттой нүүр туллаа. Манай нам төвдөө авилгал, албан тушаал, улс төрийн хувийн эрх ашгаас ангид байх ажлуудыг хийж, намын дарга У.Хүрэлсүх ч тодорхой бодлого гаргаад тэмцэж байгаа. Намыг муухай харагдуулж байгаа шудрага бус байдал, авилгач, албан тушаалтнуудаасаа салах гэж тодорхой ажлуудыг хийж байна. Гэтэл энэ бүхэн зөвхөн Улаанбаатарт биш, орон нутагт, манайд ч байна. Төв намаас гаргасан энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж хэлж ярихаар, урвагч нэртэй болголоо. Энэ бүхэн манай намд дотоод ардчилал огт байхгүй болсныг харуулж байгаа юм.

ТАНАЙ НАМ ГАДНААСАА ИХ ЦУЛЛАГ, БҮХЭЛ ХАРАГДДАГ ШҮҮ. ГЭТЭЛ...

- Яахав, таны хэлдгээр гаднаас нь харахад нягтарчихсан, эв нэгдэлтэй юм шиг байвч, ийм хуурамч эв нэгдлээр урагш явахгүй ээ. Би энэ талаар зөндөө ярьсан. Ийм хуурамч эв нэгдэл хэнд ашигтай вэ гэхээр, зөвхөн ажил албан тушаал авсан удирдлагад л ашигтай.

ТЭГЭХЭЭР, ОДОО ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХУВЬД НАМД ДОТООД АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ШААРДЛАГА ТАВЬСАН ЗАЛУУС НЬ ДАЙСАН БОЛООД БАЙГАА ЮМ БАЙНА?

Өөрөөр хэлбэл нам дотор, удирдлагын гаргасан шийдвэр буруу байна, болохгүй байна, олон талаас нь хармаар байна гэж санал шүүмжлэл хэлсэн хүн урвагч, дайсан болдог болж. Уг нь бид чинь нэг нам. Нэг журмын итгэл үнэмшилтэй, нэг үнэт зүйлтэй хүмүүс. Ерөөсөө манай орон нутгийн намын удирдлага шүүмжлэлд маш эмзэг болчихож. Ажил хэрэгч санал шүүмжлэлд үнэхээр дургүй. Энэ юуг харуулж байна гэхээр "БИ”-гээр өвчилсөнийх. Хүн "би”-гээр өвдөөд ирэхээрээ л хэнд ч шүүмжлүүлэх ёсгүй мэт, цор ганц ухаантан мэт болдог. Тэгээд "түрийний бөөс толгойд гарлаа” гэнэ. Манай зарим удирдлага ингэж хэлсэн шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг вэ? Бид нар тэдний өмнө бөөс мэт болж байна уу? Адилхан л хүн. Адилхан л намын төлөө зүтгэж байгаа. Намд олдож байгаа бодлогын боломжийг, шийдвэрийн боломжийг хамтдаа халуун тогоондоо, олон талаас нь ярьж, шийдлээ зөв гаргаад явбал энэ нам чинь цаашдаа бат тогтвортой, мөнх оршино. Улс орны хөгжилд ч хувь нэмрээ оруулна. Ингэж итгэж үнэмшээд явж байгаа залуучуудынхаа асч байсан урам дээр ус хийж унтрааж байна. Тэгээд өөрсдөө мөнх байх юм шиг... Манайх ямар хаант засагтай, феодалын нийгэмтэй улс уу. Зарим нэг нь бүр яг феодал сэтгэлгээтэй. Үнэтэй хөөрөг бариад л, үнэтэй эмээл хазаартай морь хөтлөөд, үнэтэй дээл хувцас булган дах өмсөөд л... Ийм хүнийг юу гэж ойлгох уу. Яг л феодал. Тэгээд тэр хүмүүсийн л үр хүүхэд дарга болдог, сайн сургуульд явдаг. Бас олигархжсан нэг хэсэг бий. Тэдний хувьд нам зүгээр л мөнгө. Намыг мөнгөөр худалдаад авчихсан. Мөнгө хаяж байгаад бодлогоо хэрэгжүүлдэг, мөнгөөр өөрийнхөө бизнесийн эрх ашгийг хамгаалдаг. Ийм олигархжсан төрөл бас байна. Залуучууд бид энийг хүсээгүй. Нийгмийн ардчилсан үзэл санаа буюу олуулаа баян чинээлэг, олуулаа цалингаараа сайхан амьдардаг тийм л нийгмийг хүсч байгаа.

ТАНАЙ НАМЫН НӨХӨД, ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ЯМАР БОДОЛТОЙ БАЙГАА БОЛ? ТАНЫГ ДЭМЖИХ ХҮН ХЭР ИХ БАЙГАА ВЭ?

- Та миний нийгмийн сүлжээнд тавьсан мэдэгдлийг харсан бол ямар олон хүн дэмжиж, ямар олон хандалт цуглуулж байгааг анзаарсан байх. Магадгүй миний мэдэгдэл Дарханд хамгийн олон лайк, шейртэй болоод байгаа байх шүү. Тэгэхээр би дэмжиж байна гэж харж байгаа. Зүгээр эргэн тойрноо харахад л маш олон залуус дэмжиж байна. Гэхдээ тэд нэг л юмнаас, эрх мэдэлтнүүдээс айж байна. Тэдэнд амьдралаараа тоглуулахаас, дарамтлуулахаас айж байна. Угаасаа айдаг болчихож. Анх энэ асуудлыг би ганцаараа тавьсан юм биш. Зөв байна гээд маш олон залуучууд гарын үсгээ зураад, намын даргадаа асуудал тавьсан. Гэтэл тэр залуучуудыг бүгдийг нь дарамталсан, бүгдийг нь шантаажилсан. Бүгдийг нь хязгаарласан. Бүгдийнх нь ажил, амьдралын эрх ашиг нурсан. Үнэхээр асууж тодруулъя гэвэл би дараа хэлж болно. Гэхдээ өнөөдөртөө ингээд ерөнхийлөөд орхисон нь дээр. Энэ тухай ярих, сөрөх хэцүү, амаргүй. 

ТҮҮХ ЯРИВАЛ 2015 ОНД ИЙМЭРХҮҮ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙСАН. ДАРХАНЫ МАН 10 ЗАЛУУГАА НАМААСАА ХӨӨЖ, ТЭД УДААН АЖИЛГҮЙ ЯВСАН. ЭНЭ ЕРӨНХИЙДӨӨ ТӨСТЭЙ ХАРАГДААД БАЙХ ЮМ?

- Агуулгын хувьд, тавьсан асуудлуудын хувьд төстэй. Гэхдээ явсан зам нь өөр. Бид бол нам доторх асуудлуудыг тавьсан. Харин манай тэр залуучууд шууд засгаасаа эхлүүлсэн. Засаг даргаа огцруулаад, Иргэдийн хурал буюу бүр төр засгаасаа шинэчилье гэж байсан. Тэгээд тэр дүйвээнд асуудал нь бүр өөр тийшээ эргээд, явж явж тухайн үед намын дарга байсан, одоо намын дарга байгаа хүн маань тэр үеийн залуучуудыг яаж харлуулж, хэн ч биш болгож чадах вэ гэдэг маневрийг их мундаг хийсэн дээ. Одоо ч над дээр хийж байна. Энэ бол чадах юм нь. Би одоо хамгийн адгийн новш, урвагч болоод л байж байна. Зүгээр жишээ хэлье. Би үйлдвэрчний сонгуульт ажилтай байлаа. УИХ-ын гишүүний биет төлөөлөгч байлаа. Бас намын дэд дарга байсан. Ингэж олон ажлыг хавсран ажиллах чадвартай хүнийг өндөр хөгжилтэй улс оронд бол чадварлаг, нөөцтэй боловсон хүчин гэдэг. Гэтэл намайг гурван ажил хийлээ, олон орлоготой байна гэх асуудал ярьж, янз бүрээр "хатгасаар” болиулсан. Залуу хүн амьдралаа авч явахын тулд өөрөөр тэгээд яахав. Тендер авах юмуу, хууль бус бизнес хийх юмуу. Яах юм?? Залуучууд тийм сонголт хийхгүй. Харин оюуныхаа хөдөлмөрийг, тархиа өөрийнхөө хүчин чадлыг ашиглаад гурван газар ажиллаж чадаж байсан. Гэтэл улс төрийн идэвхитэй ажил хийдэг гэдгээр нь чөлөөлөөд, сонгуулиудыг нь аваад, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөс нь хүртэл улс төрийн шалтгаанаар чөлөөлөөд, үйлдвэрчний ажлыг ч гэсэн гишүүдийг нь турхирч байгаад болиулсан. Хүнийг ер нь эдийн засгийнх нь хувьд хамраар нь газар шаалгаж байгаад энэ хүнтэй яривал энэ бууж өгнө, тэмцэл нь зогсч магадгүй гэж хардаг шиг байгаа юм. Тийм биш шүү. Эдийн засгаараа боолголоо гээд залуу хүнийхээ итгэл үнэмшлээс ухарна гэж байхгүй. Ажлаас буулгасныхаа дараа "Чи өргөдлөө өгчих. Чамд ийм ажил албан тушаал өгье” гээд ярьж байна билээ. Би "Уучлаарай, та таарч тохирохгүй байна гээд намайг чөлөөлсөн. Тэгтэл яагаад өөрийнхөө харъяа агентлагт тавих гээд байгаа юм. Логикийн зөрчилтэй байна. Тийм юм байхгүй. Би намаас ажил, албан тушаал авах гэж энэ ажлыг хийгээгүй. Уучлаарай” гээд гарсан. Хүн хэзээ ч итгэл үнэмшлээ тийм юмаар худалдаж болохгүй.

САЯЫН ЭНЭ АЖЛААС ЧӨЛӨӨЛДӨГ ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА ЮУ?

- Тийм. Яг саяын хурлын дараа. Нэгдүгээр сарын 14-нд намын хорооны тэргүүлэгчид хуралдахад, дэд даргаа чөлөөлөх асуудлыг намын дарга нь өөрөө гэнэт оруулж ирсэн. Тэгээд 15-нд намын хорооны хурлаар хэлэлцээд, чөлөөлчихөж байгаа юм. Үүнийг юу гэж харж байгаа вэ гэхээр... За яахав, эд сонгуулийн эрх ашиг, нам хагарах, дотоод тэмцэл шуугиан гарахгүй бол нам нь амжилттай сонгуульд орчих юм шиг яриад байгаа. Үгүй шүү. Харин ч нам дотроо байгаа, бугшаад байгаа зүйлсээ гаргаж чадахгүй бол ард түмэн нүдтэй. Олон нийт, сонгогчид нүдтэй. Тэд харж байгаа. Хэн ямар албан тушаалд очоод, юу хувьдаа завшаад, яаж боломжийг өөртөө бий болгоод, хэрхэн хувийн амьдралаа дээшлүүлээд байгааг. Албан тушаалыг өөртөө ашигтайгаар эргүүлж байгааг, намын нэр хүндийг яаж унагааж байгааг бүгдийг харж байгаа. Мэдэж байгаа. Зүгээр, тэрийг нь хамгийн түрүүнд зоригтой илэрхийлснийхээ төлөө амьдралаараа хохирч байгаа нь л би болж байна. Тэгэхдээ хохирлоо гээд яахав. Би ингэх л гэж улс төрд орсон. Залуучууд ийм эрсдэл хийхгүй л юм бол яаж Дархан хотыг хөгжүүлэх юм. Яаж энэ "ах нар” гээд байгаа 60 тэрбум, МАНАН-гаас бид салах юм.

ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫН ДОТООД АРДЧИЛАЛ СУЛ БАЙХ НЬ ТУХАЙН НУТАГ ОРНЫ ХӨГЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ БОЛ?

- Хортой. Маш хортой. Өнөөдөр бид ямар нийгэмд байгаа билээ. Чөлөөт ардчилсан нийгэмд байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх маань хуулиар хамгаалагдсан. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь энэ гээд анархизмыг дэврүүлж байгаа юм биш. Анарх байна гэсэн үг биш шүү. Боловсорсон, хөгжсөн, төлөвшсөн тэр сэтгэлгээгээрээ үзсэн харсан, дуулсан туршлага дээрээ суурилаад бид асуудалд прагматик хандах ёстой. Бодитой хандах ёстой юм. "Түрийний бөөс толгойд гараад байна” гэдэг чинь юу гэсэн үг юм. Намд бид нас хүйсийн хувьд л ялгаатай болохоос биш намын бодлого барих түвшинд гараад ирсэн бол бие биенийхээ дуу хоолойг ижил түвшинд сонсож, ижил тэгш байх ёстой биз. Тэгэхэд намын дэд дарга нь буюу намын тогооны бодлого барьж байгаа хүн "намын бодлого ийм байна шүү” гээд хэлж байхад яагаад сонсохгүй байгаа юм. Намын дарга, дэд дарга нар төв намаас болон орон нутгийн намын нийт гишүүдээс гарсан бодлого, батлагдсан мөрийн хөтөлбөрийг илэрхийлж, манлайлж, түүчээлж явах үүрэг хариуцлагыг адилхан хүлээдэг. Нэг нь намынхаа бодлогыг засгийн түвшинд хүргэж, нөгөө нь намын гишүүд болон дэмжигчид дотроо бодлого шийдвэрийг ойлгуулж хэрэгжүүлж ажилладаг. Энэ хоёр хосолж байж намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгждэг. Гэтэл алдагдчихаад байна.

НАМАР, ТА ХЭСЭГ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХАМТ НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ ГАДАА ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ БАЙСАН. ЭНЭ ТУН ЭМГЭНЭЛТЭЙ ХАРАГДАЖ БАЙСАН ШҮҮ...

- Тийм л юм болсон. Үнэн. Утасных нь бичлэг ч байгаа. Хэвлэлийн албаны даргадаа "Оруулж болохгүй” гэж хэлж байна билээ. Бид тэгээд арга буюу гадаа хэвлэлийн хурал хийсэн. Яагаад, иргэдийг төлөөлдөг хүн нутгийн удирдлагын ордон дотроо ороод, өнөөдөр явж байгаа төсөв санхүү зөв яваад байна уу, буруу хөрөнгө оруулалт хийгдээд байна уу, гүйцэтгэл нь ямар шатандаа байгаа юм, зогссон бол яагаад зогсов, шалгаан нь юу байв гэх мэтийг мэдэж чадахгүй байгаа юм. Бид тийм эрхтэй шүү дээ. Гэтэл мэдэх эрхэнд маань халдаад зогсохгүй, иргэд, сонгогчиддоо мэдүүлэх эрхэнд маань ч халдсан. Сүүлдээ явж явж асуудал тавьсан маань улс төрийн шантааж мэт болоод, буруу зөрүү ойлголт яваад өнгөрсөн. Гэтэл өнөөдөр иргэд, орон нутгийн удирдлагынхаа иргэдийн хурлын үйл ажиллагаа, батлагдсан төсвийн хүрээнд тамгын газар, түүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт өмчийн байгууллага юу хийж байгааг, санхүү төрийн сан нь юу хийж байгааг мэдэхийг хүсч байгаа. Бид ч мэдэхийг хүссэн. Гэвч, харамсалтай нь чадаагүй. Маш олон удаа хурал зарласан ч сүүлийн хурал дээрээ хагас дутуу орж ирээд, "бид та нарт мэдээлэл өгөх албагүй” гээд гараад явсан.

ИРЦ БҮРДЭЭГҮЙ ГЭХ ТАЙЛБАР ӨГЧ БАЙСАН?

- Тэр бол шалтгаан биш. Яс юман дээрээ ажлын хэсэгт орсон төлөөлөгчдөөс заримынх нь нэрийг зориудаар татуулаад тийм шалтгаан хэлж байсан. Уг нь хуваариа гаргаад тохирчихсон бол тэд нэг төлөөлөгч ч байсан ажлаа тайлбарлах ёстой. Гэтэл орж ирээд мэдээлэл өгч байснаа ялих шалихгүй шалтгаанаар маргаад л гараад явчихсан. Тэгээд, бид тэр хүрээнд дүгнэлтээ гаргаад Иргэдийн хурлынхаа даргадаа өгсөн. Гэвч Иргэдийн хурлын дарга маань одоо болтол чимээгүй, нам дарчихсан.

ТЭР ДҮГНЭЛТЭНД ЮУ ГЭЖ БАЙСАН ЮМ БЭ?

- Биднийг тодорхой чиглэлийн хүрээнд үзэх, харах боломжоор хангасангүй. Байгаа мэдээллийнхээ хүрээнд дүгнэхэд ажлын явц хангалтгүй, учир дутагдалтай байна гэсэн. Шаардлагатай бол таньд өгч болно.     

ТУХАЙН ҮЕД БИ, ТӨЛӨӨЛӨГЧ НАР ИНГЭЖ МЭДЭЭЛЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХАД ИРГЭДЭД БОЛ БҮР ХААЛТТАЙ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙЛАА. ЕР НЬ СЭТГҮҮЛЧ НАДАД Ч БАС ЗАРИМДАА ХҮНД БАЙДАГ ШҮҮ...

- Залуучууд бид ийм нийгэмд амьдрахыг хүсээгүй шүү дээ. Нээлттэй, шударга баймаар байна. Тэгээд шудрага байсныхаа төлөө яагаад амь амьдралаараа хохирох ёстой юм. Өнөөдөр намайг гудамжинд гаргачихсан. "Батболд гуйгаад ирнэ. Албан тушаал авах гээд ирэх байх” гэж бодож байж магадгүй. Үгүй шүү. Би тэгэхийн төлөө зүтгээгүй. Харин ч үнэн шудрагын төлөө зүтгэнэ. Ард түмэн нүдтэй. "Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх С.Зориг агсны хэлсэн үгэнд би маш итгэл үнэмшилтэй байдаг. Манай Дарханы МАН 7000 орчим гишүүнтэй. Тэр олон гишүүд намайг ажлаас чөлөөлөөгүй. Ердөө намын хорооны 46-хан хүн л "Даргатайгаа таарахгүй байгаа бол боль” гэсэн. Энэ харьцангуй тоо биз. Би таарахгүй биш, таарч ажиллах гээд, зохицож ажиллах гэж өнгөрсөн хугацаанд чамгүй л ажиллаа. Миний ажлыг намын хорооны энэ хурал хангалттай сайн гэж дүгнэсэн шүү дээ. Тэгсэн атлаа тэр ажлаа сайн хийсэн хүнийг даргатайгаа таарахгүй байна гээд чөлөөлчихсөн. Уг нь логикоор бол ажлаа сайн хийсэн хүн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх ёстой биз.

ТИЙМ ШАЛТГААНААР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ БАЙДАГ ЮМ УУ?

- Намд л, намын даргад л байдаг юм байна \инээв\. Энэ бол уг нь дүрмийн бус үйл ажиллагаа. Би намын нэг ч дүрэм зөрчөөгүй. Ёс зүйн ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Ийм хүнийг ажлаас халах үндэслэл байдаг юмуу. Даргад л таалагдаагүй болохоос би намдаа, жирийн гишүүддээ таалагдаж байгаа. Үүнд бүрэн итгэл үнэмшилтэй байдаг. Төв намынхаа бодлогыг би хэрэгжүүлсэн. Намын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, зарчим болгоод явсан.

ТА НАР НАМАР МЭДЭЭЛЭЛ ХИЙХДЭЭ НЭГ СОНИРХОЛТОЙ КЕЙС ЯРИАД БАЙСАН. ОДОО БОЛОМЖ ГАРЧ БАЙГАА ДЭЭР АСУУЯ. "МИНИЙ МОНГОЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТОГЛООМ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРТ ДӨНГӨЖ БАЙГУУЛАГДСАН КОМПАНИ ЯЛСАН БАЙНА ГЭЖ БАЙСАН. ҮҮНД ТОДОРХОЙ ТАЙЛБАР АВЧ ЧАДСАН УУ?

- Үгүй. Засаг дарга тухайн үед тендерт шалгарах өөр компани олдоогүй, тэгээд шууд гэрээ хийсэн л гэж хэлсэн. Энэ шалтгаан биш л дээ. Яагаад, бүхэл бүтэн Монгол улсад паркийн тоглоом оруулж ирэх чадвартай компани байдаггүй юм. 1.2 тэрбум төгрөгөөр шүү дээ. Энэ тоглоомын төсөв 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Тэгтэл тэр тендерт ялсан "ТиЭсЖиЭл” гэх компани 2018 оны нэгдүгээр сарын 01-нд байгуулагдсан байсан. Энэ их эргэлзээтэй. Яг тэр ажлыг бүр зохион байгуулалттайгаар бэлдсэн юм шиг. Би ингэж харддаг. Tender.gov.mn-д мэдээлэл нь байгаа. Бас тэр тоглоомын үнэ өртөг ч эргэлзээтэй. Миний сонссоноор, олон улсын хүүхдийн тоглоомны стандартаас хасагдсан тоглоом гэж юм мэддэг хүн надад хэлсэн шүү. Тэгэхээр яг тэр үнэ өртөгтөө байсан уу гэдэг бас эргэлзээтэй. Би эргэлзэх эрхтэй шүү. Магадгүй гааль татварынх нь үнийг төлөөд, бэлгэнд аваад ирсэн ч байж мэднэ. Үүнийг Цагдаагийн байгууллага, АТГ шалгаж, тогтоох хэрэгтэй.

ЭНЭ МЭТЧИЛЭН, МАГАДГҮЙ ОЛОН ЗҮЙЛ БИДЭНД ХААЛТТАЙ БАЙНА УУ ДАА?  

- Одоо би таньд хэлье. Шарын гол сумын нутагт ажиллах бичил уурхайг дэмжиж байна гээд, аймгийн ИТХ-ын ээлжит хуралд газрыг бичил уурхайн зориулалтаар олгох асуудлыг хэлэлцэх гэж байсан...

ТИЙМ...

- Би аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч хэвээрээ байгаа. Энэ асуудлыг аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд, аль эрт хурлын хуралдаанд оруулахгүй гэсэн байсан юм. Олон удаа хойшлуулсан юм шүү. Оны өмнөхөн болсон тэр төсөв хэлэлцсэн хуралдаанд ч оруулах гэхэд нь, хэлэлцэх асуудлаас бүр хасуулсан. Тэнд яг ямар асуудал байна гэхээр, орон нутгийн иргэдийн хурлын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж, тэр координат бүхий газруудад бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авах гээд байгаа юм. Гэтэл Шарын голд энэ газруудыг аль эрт, зунжин ухчихсан. Яг тэр цэгүүд дээрээ. Энэ шудрага уу??? Аймгийн иргэдийн хурал нь зөвшөөрөөгүй, хэлэлцээ ч үгүй байхад... Гэтэл үүнийг нь Засаг дарга мэдээгүй мэт. Яагаад өөрийнх нь аймгийн газар нутагт хууль бусаар алт ухаад байхад чимээгүй байгаад байгаа юм. Яагаад зөвшөөрлийг нь хожуу авах гээд байхад үл мэдэгч болоод байгаа юм. Уг нь Засаг дарга хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх эрх, үүрэгтэй биз. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байна. Энэ асуудлаараа мань хүн огцрох ч эрсдэлтэй шүү.

ТИЙМ...

- Энийг нь цухуйлгасны төлөө энэ...

ҮҮНИЙГ ТАНАЙ НАМЫН ОЛОН ГИШҮҮН МЭДЭЖ БАЙГАА ЮУ?

- Хэвлэлээр зөндөө явсан шүү дээ. Би олон сайтуудаас харсан. Би өөрөө мэдээлэл дунд нь явсан учраас буруу юм хийгээд байна гэж харж байсан. Манай намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд хууль бус алт олборлогчидтой, хууль бус бичил уурхайчидтай тэмцэнэ гээд Сэлэнгэд томоохон ажиллагаа зохион байгуулсан. Та үүнийг мэдэж байгаа. Тэгээд ч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл өгөөгүй. Зүгээр, ашиглаж болох юм байна гэж л дүгнэсэн байгаа. Өөрөөр хэлбэл "Ашиглах боломжтой газар” гэх "Ашиглаж болно. Зөвшөөрлөө” гэх нь хоёр өөр асуудал. АМХЭГ-аас энэ газарт ямар нэгэн давхцал байхгүй, бичил уурхайгаар ашиглах боломжтой байна гэснийг нь зөвшөөрсөн мэт яриад байгаа. Тэгээд Иргэдийн хурлаараа дэмжүүлчихвэл АМГ-аас зөвшөөрөл авчихна гэж тооцоод аль эрт ажлаа эхэлчихсэн. Ийм л юм болоод байгаа. Ийм хууль бус юмыг харсаар байгаад дэмжээд явж байгаа Засаг дарга бол шууд огцрох ёстой. Энэ асуудлыг нь тавъя гэхээр бид нөгөө 2015 оны залуучууд шиг болох гээд байна. Тэгэхээр эхлээд намын шинэчлэлийг ярихаас өөр аргагүй. Ингэж хууль бус юм хийгээд байгаа дарга нартайгаа хариуцлага тооцож байж, дараа дараагийн засгийн асуудлыг ярих ёстой.

ОДОО ТАНЫГ СОНГУУЛЬ ОЙРТСОН БАЙХАД НАМЫН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА Л ГЭЖ БАЙГАА БАЙХ ДАА?

- Угаасаа намайг тэгж шүүмжилж байна. Манай намын дарга У.Хүрэлсүх "Би өнөө маргаашийн сонгуулийн эрх ашиг харж улс төрийн шинэчлэл хийдэг хүн бишээ” гэж хэлсэн. Би ч тэр үгийг хэлмээр байна. Өнөө маргаашийн сонгуулийн эрх ашгийг харж, хуурамч эв нэгдлийн дор ялалт байгуулахын тулд, хэдэн цөөн дарга нарын ажил албан тушаалыг баталгаажуулахын тулд сонгуульд явдаг нам манай нам биш. Улс төрийн анхдагч намынхаа хувьд бид улс төрийн анхны том том соёлуудыг бий болгох ёстой. Хуйвалддаггүй, хулгайлдаггүй, ажил албан тушаалын асуудалд хутгалддаггүй, шудрага, зарчимтай, судалгаа шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаанч бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө хөгждөг ийм л намтай байхыг хүсч байна. Ийм намыг бий болгох гээд дээд удирдлага маань ч ажиллаж, бодлого гаргаад байхад орон нутгийн намын дэд дарга нь "Манай ах нар л болж байвал, би дуугай байя” гэж болохгүй биз дээ.

ДАРХАНД ТАНАЙ НАМ "БОСОО”ШҮҮ ДЭЭ...

- Ард иргэд бол итгэл үнэмшил үзүүлдэг. Гэхдээ удирдлага нь ийм увайгүй байвал энэ итгэл үнэмшил яваандаа мөхөх аюултай. Шудрага биш, хувийн эрх ашигтаа үйлчлээд байвал, "нам бол би юм” гэж бодоод байвал...

ОДОО ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БУЮУ МАНАЙ АЙМГИЙН ПАРЛАМЕНТАД ТАНАЙ НАМ ДАВУУ ОЛОНХИЙН СУУДАЛТАЙ БАЙГАА. ЭНЭ НЬ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ МАШ ТОМ БОЛОМЖ. ГЭТЭЛ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ЭНЭ МЭТ АЖЛУУД БАЙГААГ СОНСОХООР ДАРХАНЧУУД БИД ЭНЭ ХУГАЦААНД ЮУ АЛДЧИХАВ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА Л ДАА?

- Аймгийн төсөв нь улсын төсөв, аймгийн төсөв, аймгийн орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, байгаль орчныг нөхөн сэргээх сан гэх мэт хэд хэдэн сангуудаас бүрддэг. Татвар төлөгчдөөс бүрдүүлсэн энэ хөрөнгийг бид маш үр дүнтэй зарцуулах ёстой юм. Түрүүнд дурьдсан 1.2 тэрбум төгрөгийг бид паркд тоглоом авахаар тавьчлаа. 2020 онд ч гэсэн бас дахиад тэр дайны мөнгийг төсөвт суулгуулсан. Энэ яг хэнд ашигтай юм, хэнд ямар үр дүн өгөх юм гэдэг асуулт байна. Мэдээж, хүүхдүүдийнхээ эрх ашгийг харалгүй л яахав. Гэхдээ засаг барьж, үүрэг хүлээсэн хүмүүс, төсөв буюу олон түмний татвараас бүрдсэн хөрөнгийг хамгийн бага зардлаар, хамгийн үр ашигтай ажиллуулах ёстой биз. Энд төрийн хүний ухаан байх ёстой. Гэтэл бид хамгийн бага үр дүнтэй ажилд маш их хэмжээний хөрөнгө зараад явна гэдэг зөв үү??? Энийг л бодох ёстой юм. 1,2 тэрбум төгрөг бага мөнгө биш шүү. Үүгээр маш олон байрны дээвэр, зоорийн давхрыг засч, гэр хороололд гэрэлтүүлэг, зам тавьж болно. Мөн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж болно. Эсвэл ажлын байр нэмэгдүүлэх бодлогын хөрөнгө оруулалт хийж, олон хүнийг ажилтай болгох арвижих хөрөнгө оруулалт бий болгож болох байсан. Гэтэл жилийн дөрвөн улирлын ганцхан улиралд нь, тэгээд арчлалт хамгаалалт нь маш тодорхойгүй байдлаар явах гэж байгаа зүйлд хөрөнгө оруулна гэдэг зөв бодлого мөн үү? Бас энэ мөнгийг яагаад заавал төсвөөс гаргах ёстой юм. Надтай хоёр гурван ч япон, солонгос хөрөнгө оруулагч уулзаж, төсвөөс огт мөнгө авахгүйгээр танай паркд 100%-ийн хөрөнгө оруулъя гэх саналыг ярьж байсан. Яг ийм чиглэлээр гэрээ хийгээд ажиллая гэсэн санал зөндөө ирж байсан юм билээ. Тэд зүгээр л газрын, дэд бүтцийн боломжийг шийдэх бодлогын дэмжлэг өгчих л гэдэг. Тэдгээрт ямар ч хариу өгөөгүй байдаг. Магадгүй хувьд нь ашиггүй болохоор тэр биз. Японы хүүхдийн тоглоомын чиглэлээр бизнес хийдэг компани, чамд хувьд чинь 100 саяыг өгье гэж хэлэхгүй нь тодорхой. Тэд яг л зарчмаараа л явна. Тэгэхээр эрх мэдэлтнүүдэд ашиггүй. Тиймээс 1,2 тэрбумыг төсөвт суулгаад, өөрсдөө компани байгуулаад, өөрсдөө тоглоомондоо яваад, өөрсдөө авчраад, өөрсдөө угсраад мөнгийг авах нь тэдэнд ашигтай. Ямар ч мэргэжлийн биш байгууллага, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулаад, яаж хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангана гэж бодож байгаа юм бол. Ер нь аливаа бизнесийг, аливаа үйл ажиллагааг төсвөөс мөнгө гаргаж хийдгийг л болимоор байгаа юм. Чи хуучнаар 18-р дэлгүүрийн тэнд нэг нийтийн жорлон барьсныг санаж байна уу?

ТИЙМ. ОДОО АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА...

- Би тэрийг Дархан сумын төлөөлөгч байхдаа Дархан сумын Засаг даргад "Танай багийн нутаг дэвсгэр дээр болохоор та хөрөнгө оруулах гээд байгаа байж болох юм. Яахав, үнэхээр заавал хийх гээд байгаа бол наадах чинь зах дээр илүү хэрэгтэй. Гэхдээ, зарчмын хувьд, газрыг нь зөвхөн нийтийн жорлон байгуулахаар хувийн эзэмшилд олгоод, татвараас нь чөлөөлчих юм бол бизнесийнхэн өөрсдөө хөрөнгөө оруулаад л хийчихнэ дээ” гэж хэлж байсан. Төр ингэж бизнесийг дэмжиж явдаг болохоос, өөрөө бизнесийн урдуур орж, төсвийн мөнгөөр үхмэл хөрөнгө бий болгоод байж болохгүй ээ. Ийм тогтолцоо байж огт болохгүй. Миний яриад байгаа зарчим энэ. Хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай ажлыг хийх ёстой. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг өөрөө халааснаасаа гаргаж байгаа юм шиг ямар ч үр ашиггүй цацаад л, би тойрогтоо л юм хийж байвал болоо гээд байвал...

"ТОЙРГОО УСЛАХ” ГЭЖ ЯРЬДАГ...

- Тийм, тойргийнхоо иргэдэд л таалагдаж байвал тэр хөрөнгө үхэж байна уу, устаж байна уу, надад хамаагүй гэж болохгүй. Би гадаа нь тууз хайчилж л байвал болоо гэж сэтгэж ажилладаг төлөөлөгч нар, тийм сэтгэлгээтэй намын удирдлага байх юм бол уучлаарай, Дарханд хөгжил ярих боломжгүй. Ийм өрөвдөлтэй юм зөндөө бий. Угтаа төр бизнесийнхэнд боломж олгож байх ёстой юм. Жишээ нь, газрыг нийтийн халуун усны газрын зориулалтаар өгч, дэд бүтцийг нь татах мөнгийг төсөвт суулгаж, тэгээд чи энэ халуун усны газрыг байгуул, хүмүүсийг ариун цэврийн байгууламжаар ханга, усанд оруулах, соёлжуулах ажлыг хий, үүний төлөө чамаас орон нутгийн хувьд татвар авахгүй гэвэл бизнесийнхэн ороод л ирнэ. Энэ бол төрөөс өгч болох хамгийн сайн дэмжлэг. Гэтэл төр өөрөө халуун усны газар мөнгө цохиж байгуулаад л, төрөөс нэг хүнийг цалинжуулаад л, нийгмийн даатгалыг нь төлөөд л, тэрний урсгал зардлыг шийдээд л... Тэгээд дээр нь тэнд ажиллаж байгаа хүн хамаатан саднаа үнэгүй усанд оруулж, усны үргүй зардал гаргаснаас бий болсон өрийг нь дарах гэж дахиад төсвөөс мөнгө зараад л... Энэ өрийг төлөхгүй бол болохгүй гээд л.... Манай ихэнх орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд ингэж л ажиллаж байгаа. Ингэж явж болохгүй ээ. Байж болох, хуримтлуулж болох, хэмнэж болох, хөгжилдөө, ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж болох зардлаа бид зүгээр л нэг барилга байшин, үхмэл хөрөнгө болгоод байвал энэ татвар төлөгч нар сүүлдээ залхана шүү дээ. Хайран мөнгө. Гэртээ авч тавьдаг сувинер шиг ийм байж болохгүй биз дээ.  

ТҮРҮҮНД ЯРЬСАН СЭДЭВРҮҮГЭЭ ЭРГЭЭД ОРЪЁО. НУУЖ, ДАЛД БАЙЛГАЖ БАЙГАА БҮХЭН ХАРДЛАГА ДАГУУЛЖ БАЙДАГ НЬ ЖАМ ЮМ. УГ НЬ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХААС БУСАД БҮХ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИРГЭД, ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ. ТЭР ТУСМАА ИРГЭД, СОНГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ТА НАРЫН ХУВЬД...

- Тийм. Уг нь асуудал байхгүй бол нээлттэйгээр энэ компани ингээд шалгарсан гээд хэлж болно биз дээ. Яагаад тэр компани паркийн тоглоом худалдан авах тендерт шалгарсан юм. Ойлгомжтой үзүүлж харуулаад тайлбарлачих хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямар ч тодорхой хариулт өгөөгүй. Хэдийгээр би аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэр дундаа хурлын тэргүүлэгч хэдий ч нарийн учрыг мэдэхгүй, мэдэх боломжгүй тохиодол олон байна. Асуудлыг хуралд Засаг дарга оруулж ирээд, иргэдийн хурлын тэргүүлэгчид олонхоороо түрээд л батлаад явчихдаг. Бид ерөнхийдөө бодлогынхоо хувьд л зөв харагдаж байвал, энэ нь зүйтэй юм гээд дэмжээд байгаа болохоос, яг нарийн цаад мэдээлэл нь хаалттай байна. Тэгээд бүр мэдье гэхээр мэдүүлэхгүй гээд байгаа нь асуудал.

ТЭГЭХЭЭР ТӨЛӨӨЛӨГЧ НАР ЯГ ИЙМ МЭДЭЭЛЭЛ ДУТУУ ХУРАЛД ОРЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?

- Дутуу. Хамгийн их хуралддаг хурлын тэргүүлэгчид ч бүрэн мэдээлэлтэй биш байна. Ийм байхад улиралдаа, магадгүй хагас жилдээ хуралддаг төлөөлөгч нар ямар байх вэ. Бидэнд зөвхөн хуралдаан болохын өмнөхөн, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд мэдээлэл өгдөг.

НААДАХ ЧИНЬ ИХ СОНИН АСУУДАЛ БАЙНА ШҮҮ. ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ЯАЖ САНАЛ ӨГӨӨД БАЙНА?

- Хурлаар ийм асуудлууд орно гээд хурлын ажлын албанаас бэлтгэж өгсөн материалуудын хүрээнд л хэлэлцдэг гэсэн үг. Тэгэхээр нь тэндээс "үгний бөөс түүнэ” гэдэг шиг харж байгаад, амьдрал дээрх практик туршлага дээрээ суурилаад асуулт асууж, мэдэж авах юмаа мэднэ үү гэхээс асуудлын процесс яаж яваад, яаж шороогоо ухаад яаж трубагаа тавиад байгааг бид мэдэхгүй. Тийм учраас Иргэдийн хурлаас хяналтын хороодууд гарч чиглэл чиглэлээрээ улиралдаа нэг удаа явж ажлын явцтай танилцдаг юм. Үнэхээр бидний баталсан төсвийн дагуу тухайн компани ажлаа хийж байна уу, явц нь яг бодитоороо ямар байна гэдгийг газар дээр нь үздэг. Энд би нэг юмыг магтаж хэлмээр байна. Энэ иргэдийн хурал хэдийгээр дийлэнх олонхид суурилсан ч гэсэн ажил хэрэгч талдаа, батлагдсан төсвийнхөө хүрээнд хяналт тавьж ажиллах талдаа маш чармайлттай ажиллаж байгаа шүү. Иргэддээ асуудлыг нээлттэй байлгах гэж, мэдээлэл авах гэж, бүтээн байгуулалтын ажлуудтайгаа танилцах гэж шахаж шаардахдаа маш идэвхитэй байгаа. Үүнийг би бардам хэлж чадна. Гэхдээ л асуудалтай. Бидэнд хана мөргөх юм их байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН НЭГ ХУРАЛДААН ДЭЭР Т.БАТЖАРГАЛ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ С.НАСАНБАТ ДАРГА "БҮЛГИЙН ХУРАЛДАА СУУГААГҮЙ БАЙЖ, ОДОО ИЙМ ЮМ ЯРИЛАА” ГЭЭД ЗАГНАЖ БАЙСАН. ТА НАР НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛ ДЭЭРЭЭ БҮХ АСУУДЛАА ШИЙДЧИХЭЭД ОРООД ИРДЭГ ЮМ БИШ ҮҮ?

- Ер нь бол одоогийн нөхцөлд ИТХ-д манай нам дийлэнх олонхи байгаа учир бид бүлэг дээрээ нэлээн ярьдаг. Гэхдээ л төлөөлөгчид тойрог дээрээ байгаа хөрөнгө оруулалтуудаа л шахаж шаардах, асуудал нь юу байна гэдгийг ярьдаг болохоос, томоохон төсөвтэй холбоотой зарим нарийн ширийн юмыг ярих боломж үнэндээ гардаггүй. Ерөнхийлөөд л орхичихдог. Дээр нь бүлэг дээр хэн нэг нь нэлээн түлхүү ярихаар нөгөө шүүмжлэл чинь ирнэ. "Дайсан” болчих гээд... \инээв\. Энэ юу гэхээр, нөгөө л дотоод ардчилал хумигдмал байгаагийнх. Уг нь эндээ л бид сайн ярьж авах ёстой. Асуудал орж ирэхээр нэгэнт "хайрцаглачихсан”, энийгээ эвдэхгүй гэсэн хамгаалах зарчмаар л яваад байхаас биш, тусгаж аваад хүлээн зөвшөөрөөд өөрчлөх нь бага шүү. За яахав, арван асуултаас нэгийг нь л хүлээж авах жишээтэй. Ерөнхийдөө гал унтраах маягтай. Уг нь төлөөлөгч нэг бүртэйгээ төсөв захиран зарцуулагч нь уулзаж "танай дээр ингэе, ямар асуудал байна” гэж яриад, дараа нь төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүстэйгээ төсвөө "боогоод”, бүлэг дээрээ оруулж ирвэл асуудал өөр. Тэгээд яг хурлын хуралдаанаар бүлэг дээр ярьчихсан гээд бас хайрцаглачихдаг. Энэ бол нөгөө миний яриад байгаа хэтэрхий дотоод ардчилалгүй, шударга бус, нэг хүн хэтэрхий мэдээд байгаагийнх. Зөвшилцөхгүй, зөвлөлдөхгүй байна. Асуудал ярихаар өөр юм болгоод байна. Яахав, үнэхээр хуралдаа ирдэггүй, хариуцлагагүй хүмүүс байдаг. Бас мэдээж, бүлгээрээ ярьж олонхийн шийдвэр нэгэнт гарсан үед хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл тэс хөндлөн юм ороод ирэхээр, энэ чинь нэг нам гэж явж байгаагийн хэрэг юу билээ.

ХААЛТТАЙ Л БАЙНА ГЭСЭН ҮГ...

- Удирдлагын менежментийн хувьд ардчилалтай болмоор байна гээд байгаагийн нэг нь энэ. Ингэхгүй бол цаашдаа бид болохгүй ээ. Хувиараа нэг хүн амладаг, тэрүүгээр нь бүх юм явдаг. Иргэдийн хуралтайгаа зөвшилцдөггүй. Ер нь Засаг дарга яагаад иргэдийн хуралтайгаа ярихгүйгээр төсөв дээр амлалт өгчихдөг юм. Одоо энэ Хараагийн Дарь эхийн сүмийн хажууд байгаа Шашны сургуулийг байгуулахад 2017 онд төсвөөс 300 сая төгрөг гаргасан. Нэг өдөр Шашны төв, сургууль байгуулна гээд ороод ирсэн. Би шүүмжлэлтэй хандаж "Хүүе, даргаа шашны төв барьж байхаар худаг ус гэх мэт өөр үр ашигтай юманд зарцуулъя” гэхэд "Амлачихсан. Би чинь Дархан-Уул аймгийн Шашны төвийн тэргүүн” гэсэн. Гэтэл төр төлөөлж байгаа хүн яагаад нэг шашинд илүү үйлчлэх ёстой юм.

ХАРИН ТИЙМ???

- Ингээд л шудрага биш юм байгаад байгаа байхгүй юу. Би шарын шашинд, дарханы гандан хийдэд хөрөнгө оруулж байгааг буруу гэж байгаа юм биш. Гэхдээ яагаад төсвөөс гаргаад байгаа юм. Энэ л буруу. Ард түмний эрх ашиг хаана нь байна. Үүний оронд эмнэлэгт яагаад хөрөнгө оруулахгүй байгаа юм. Тэгэхэд 50 ортой төрөх эмнэлэг байгуулагдаагүй байсан. Би эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж байсан тэр үед. Тэгээд, үгүй энэ төрөх эмнэлгийнхээ тохижилтонд зориулчихаач ээ, ор хэрэгтэй байна. Манай эрүүл мэндийн салбарт мөнгө хаяач ээ, өрхийн эмнэлэгт юм юм хэрэгтэй байна гээд хэлж л байсан. Уг нь тэр нь ард түмэнд илүү хэрэгтэй байхгүй юу. Гэтэл нэг нөхөр "би амлачихсан” л гэсэн. Яахаараа иргэдийн хуралтайгаа зөвшилцөхгүйгээр түрүүлж амлаж байдаг юм. Одоо манайд ийм жишээ олон байна. Асуудлыг шийдчихсэн хойноо араас нь хууль ёсны болгох гэж бичиг баримт нь орж ирдэг. Би энийг хамгийн их шүүмжилдэг. Иргэдийн хурлийн тэргүүлэгчдийн хуралдаан бүхэн дээр би хэлдэг. Жишээ нь, орон нутгийн өмч дээр хоёр байгууллага хооронд автомашин шилжүүлэх асуудал байхад аль эрт нөгөө өмч хөрөнгө нь биетээрээ шилжээд нөгөө эзэндээ оччихсон байдаг. Аль эрт шийдчихсэн асуудлаа тэгүүлэгчдийн хурлаар оруулж ирдэг. Яагаад зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргачихаад, чи батлахгүй гээд яах юм гэсэн байдалтай байгаа юм. Уг нь ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд, гар өргөөд дэмжсэн тохиолдолд л шилжих ёстой биз. Гэтэл шилжүүлэх нь тодорхой гээд ороод ирдэг. Энэ л болохгүй байгаагийнх. Энэ шудрага биш. Энийг л эсэргүүцээд байгаа юм. Ер нь бол төрийг нэгэн том нуур юм гэвэл, түүнд цутгадаг гол горхиуд нь намууд юм. Нуурыг бохир байна гэж бид хичнээн шүүмжлээд, цэвэрлэх гэж хичээвч, цутгаж буй гол горхи нь бохир байвал тэр нуур цэвэршихгүй. Тиймээс төр гэх нэгэн том нуурынхаа эх булаг намыг эхлээд бид цэвэрлэх ёстой. Тэгж байж нуурт цэвэр ус цутгана. Тэгж байж нуурын ус тунгалагжиж, загас жараахай нь эрүүл орчинд амьдрана. Тогтолцоо эрүүл бус, зарчим буруу байхад нуурыг хичнээн гаднаас нь шүүмжилж, өмхий гэж хэлээд ч цэвэршихгүй. Тиймээс төрийн шинэчлэлийг хийхийн тулд намын шинэчлэлийг л хийхээс өөр аргагүй. Намын шинэчлэлийг хийхийн тулд залуучууд бид өөрсдөө намд орж, идэвхитэй байж, шударга биш байна, болиороо гэж хэлж чаддаг байж төрөө, нийгмээ өөрчилнө.  

2020 оны нэгдүгээр сарын 24