|

Амны хаалт, гар ариутгагч олон тоогоор нөөцөлсөн хүнийг шийтгэх журам Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ

Шинэ коронавирусийн гамшигтай холбоотойгоор амны хаалт, гар ариутгагчийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлсөн хүнийг шийтгэх түр журам өнөөдрөөс Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ. Ийм төрлийн бүтээгдэхүүний хомсдол тус улсад үүссэнтэй холбоотой уг арга хэмжээг авч байгаа гэнэ. Журмыг зөрчсөн хүнд 50 сая воны ($42,108) торгууль оноох, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэл оноох юм байна. Шинэ журам өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжихээр болжээ.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын дэлгүүр, худалдааны төвүүд иргэдийн амны хаалтны эрэлтийг хангаж дийлэхгүй болоод байгаа. Ажиглагчид энэ хомсдлыг бөөнөөр нь худалдаж аваад онлайнаар үнэ нэмэн борлуулж буй жижиг наймаачид үүсгэж байгаа гэж таамаглажээ. Бас Хятадаас ирж буй жуулчид ихээр авч байж болзошгүй гэсэн таамаг байна. Өмнөд Солонгост саяхан коронавирусийн халдварын 16 дахь тохиолдол бүртгэгдсэн юм.      
 
Э.Сэмүүн
Эх сурвалж: Korea Herald