|

Олон хүн халдвар авсан сүмийн удирдагчдыг шүүхэд өгнө

Сөүл хотын эрх баригчид өнгөрсөн ням гарагт "Шинчонжи сүм” шашны бүлэглэлийн 12 удирдагчийг хүний аминд хүрсэн, бусдад хор хөнөөл учруулсан, халдварт өвчний тархалтад хяналт тавих хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлжээ.

БНСУ-д коронавирусний халдварын дэгдэлт Дэгу хотоос эхэлсэн юм. Харин энэ хотод тус шашны бүлэглэлийг дагагчид шашны зан үйл хийх үеэрээ бие биедээ коронавирусний халдварыг тараажээ. Удалгүй вирус орон даяар тархаж эхэлсэн байна.

Прокурорын газарт гомдол мэдүүлсэн нь улс орон энэхүү шашны бүлэглэлийг улам жигшин зэвүүцэж байгааг харуулж байна хэмээн "Би-би-си” телевизийн сурвалжлагч Лора Бикер ярьжээ.

Эрх баригчид энэ шашны бүлэглэлийн 230 мянган хүнд үзлэг хийхэд 9 мянга орчимд нь коронавирусний шинж тэмдэг ажиглагджээ. Өдгөө 88 настай шашны бүлэглэлийн удирдагч Ли Ман Хи коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд одоогоор шинжилгээний хариу нь гараагүй байгаа аж.

"Covid-19” вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон БНСУ-д бүх католик сүмийг хаажээ. Түүнчлэн олон  нийтийн арга хэмжээнүүд, тэр дундаа алдарт "BTS” хамтлагийн тоглолтуудыг цуцалсан байна.

БНСУ-д католик сүмд цуглардаг хүмүүсийг нийтэд нь авч үзвэл 5.8 сая орчимд хүрдэг бөгөөд католик шашин нь тус улсад хамгийн олон хүнийг хамардаг шашнуудын нэг аж.

Коронавирусний  тархалттай холбоотойгоор нийт 1734 сүмд мөргөл хийх өдрүүдийг 3 дугаар сарын 7 хүртэл цуцлаад байгаа аж. Энэ нь БНСУ-д католик шашнаа шүтэж ирсэн 236 жилдээ тохиож байгаагүй явдал юм. Үүнээс гадна өөр олон шашны газрууд тодруулбал, протестант болон буддын сүмүүд ням гарагийн үйлчилгээнүүдээ цуцалжээ.

Коронавирусний өвчний дэгдэлтийн тоогоор БНСУ Хятадын араас жагссан юм. Тус улсад Өвчний халдварын 4212 тохиолдол бүртгэгдсэнээс 21 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн тал гаруй хувь нь Шинчонжи сүмийн сургаалийг даган баясагчид аж.

"Шинчонжи мөргөлийн сүм” гэж юу вэ?

БНСУ-ын номлогч Ли Ман Хигийн 1984 онд байгуулсан шашны урсгал

Өдгөө 88 настай Ли өөрийгөө Библид гардгаар Иисустэй хамт ирдэг номлогч гэжээ

Түүний сургаалийг дагагчид Ли Ман Хиг Есүсийн хоёр дахь дүрээр ирсэн хүн хэмээн ярьдаг байна.

Шинчонжи хэмээх үг нь "Шинэ тэнгэр ба шинэ газар” гэсэн үгний товчлол аж.

Библи нь нууцлал бүхий зүйрлэл хэлээр бичигдсэн бөгөөд түүний жинхэнэ утга учрыг өөрөө болон дагагчид нь л ойлгох боломжтой хэмээн Ли Ман Хи мэдэгдэж байжээ

Эхлээд энэхүү хөдөлгөөн нь зөвхөн БНСУ-д дэлгэрсэн бол одоогоор бусад оронд ч түгээд байгаа аж.

Тус байгууллагын үйл ажиллагаа олон оронд шүүмжлэл дагуулдаг байна

Их Британид нөхцөл байдал

Их Британид "Covid-19” вирусний халдвар авсан өөр 12 тохиолдол ням гарагт бүртгэгдсэн байна. Эдгээр 12 хүний 3 нь өмнө нь энэ вирусний халдварыг авсан хүнтэй ойр хавьталтай байжээ.

 

Халдвар авсан хүмүүсийн нэг нь сүүлийн хугацаанд хилийн чанадыг зориогүй байна. Түүнчлэн эмч нарын ярьж байгаагаар, тэрбээр бусад өвчтөнтэй ойр хавьталтай байгаагүй учир яаж энэ өвчний халдварыг авсан тодорхойгүй байгаа аж. Үлдсэн 8 хүний хувьд 6 нь Италиас ирсэн бол хоёр нь Иранаас ирсэн байна.

Одоогоор Их Британид коронавирусний нийт 36 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн ням гарагт Их Британийн Гадаад хэргийн яам Техран дахь Элчин сайдын яамнаас ажилтнуудаа нутаг буцаах гэж байгаагаа мэдэгджээ. 

Франц

Парис хотод эрүүл мэнддээ санаа зовнисон Луврын музейн ажилтнууд ажилдаа явахгүй байхыг нэгэн дуугаар дэмжсэний дараа Луврын музейг хаажээ.

Луврын музей бол дэлхийн хамгийн олон хүн үзэж сонирхдог музей юм. Өнгөрсөн бямба гарагт Францын Засгийн газар 5000 гаруй хүнийг нэг дор цугларахыг хориглох шийдвэр гаргасан байна. Луврын музей хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Тус улсад "Covid-19” халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн бол 2 хүн энэ өвчний улмаас нас баржээ. 

Бусад улс оронд нөхцөл байдал ямар байна вэ?

 

"Worldometers” цахим хуудасны мэдээлснээр,  дэлхийн 67 улсад коронавирусний нийт 89075 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.  Нас баралтын тоо дэлхий дахинд 3053-т хүрсэн бөгөөд эдгээр тохиолдлын дийлэнх нь БНХАУ-аас бүртгэгджээ.

Коронавирусний улмаас нас баралт бүртгэгдсэн орнуудын тоонд өнгөрсөн ням гарагт Автсрали болон Тайланд шинээр оржээ. Тодруулбал, Тайландад коронавирусний халдвар авснаас гадна хумхаа өвчинтэй байсан 35 настай эр нас барсан байна. 

Харин АНУ-ын Вашингтон муж улсын Кинг тойрогт "Covid-19” вирусээр халдварласны улмаас нас барсан анхны тохиолдол бямба гарагт бүртгэгджээ.

Францад томоохон арга хэмжээнүүд явуулахыг хориглосон байна. Өнгөрсөн ням гарагт болох ёстой байсан олон арга хэмжээ тус улсад цуцлагджээ.

Итали улс "Covid-19” дэгдэлтийн хор уршигтай тэмцэхэд зориулж 3.6 тэрбум еврог зарцуулахаа мэдэгджээ. Одоогоор Европын улсуудаас коронавирусний халдвараар хамгийн их шаналж буй улс нь Итали юм. 

Япон улсад Токио хотод болсон марафон гүйлтийн тэмцээнийг цуцлаагүй хэдий ч тэмцээнд оролцох 38000 хүний оронд зөвхөн мэргэжлийн тамирчид өрсөлдсөн байна.

 

Иранд ням гарагт коронавирусний халдварын 385 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд одоогоор тус улсад коронавирусний халдварын нийт 978 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

 

Э.Аянзаяа