|

Тариалангийн салбараа унаган байж улаанбуудай импортлох гэсэн улайрлын цаад шалтгаан нь юу вэ

Хаврын тариалалтын өмнө тариаланчид салбарынхаа яамны гадна лоозон барьж жагсацгаалаа. Тэд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны санаачилсан импортоор 160 мянган тонн улаанбуудай оруулж ирэх шийдвэрийг эсэргүүцэж жагссан юм. Салбарын сайд коронавирусаас шалтгаалж хүнсний хангамж хэцүүдэх нь гэсэн утгатай тайлбар хийж байгаад улаанбуудайн импортын асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцүүлснийг уншигчид санаж байгаа байх. Сайддаа албан хүсэлт хүргүүлээд нааштай хариу сонсоогүй тариаланчид Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Хүнсний аюулгүй байдалд албан ёсоор хандаад байна. Ерөнхий сайд, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнөөхөндөө хариу ирээгүй байгаа аж. Тариаланчид чухам ямар шалтгаанаар улаанбуудайн импортыг эсэргүүцсэнийг тоймлоё.

10-50 мянган хүн ажилгүй болж мэдэх нь

ОХУ, Хятадаас 160 мянган тонн улаанбуудай оруулж ирвэл газар тариалангийн салбарт ажилладаг 10-50 мянган хүн цалин орлогоосоо салах нь тодорхой болчихож. 160 мянган тонн улаанбуудайгаар гурил хийгээд зарж эхэлбэл тариаланчдын тарьсан будааг худалдаж авах гурилын үйлдвэр ирэх намар олдохгүй. Гэхдээ шинэ ургацын будааг худалдаж авахыг сонирхохгүй гурилын үйлдвэр гэж байхгүй.

Импортын будаагаар нөөцөө бүрдүүлсэн гурилын үйлдвэрийнхэн шинэ ургацын будааны үнийг навс буулгаж авна гэж гэдийх нь тодорхой. Өчнөөн зардал гаргаж тарьж ургуулсан ургацаа хэн ч зүгээр өгөхийг бодохгүй. Тэгэхээр тариаланчид нэг бол өнгөрсөн жилийнх шиг рапс тарина, эсвэл тариалалт хийхгүй өнжинө. Коронавирусийн үеэр улс орнууд ажлын байраа хадгалж үлдэхийг л  хичээцгээж буй. Гэтэл Монгол Улсын Засгийн газар тэс хөндлөн бодлого явуулж магадгүй байна. 

Засаг шийдвэр гаргаж импортын будааг их хэмжээгээр оруулж ирвэл 10-50 мянган ажлын байраа үгүй хийнэ. Багахан харьцуулалт хийе. Хөдөө, гадаагүй ажилладаг гурилын үйлдвэрүүдэд нийлээд 2000 хүрэхтэй үгүйтэй хүн ажилладаг. Тэдэнд буудай нийлүүлдэг газар тариалангийн салбар шууд ба шууд бус утгаараа 50 мянган хүнийг тэжээдэг. Ер нь хөдөө аж ахуй ажлын байр ихээр шингээдэг салбар л даа. Тэр утгаараа аль ч улсын Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа онцгойлж ханддаг юм. Гэтэл манай засаг коронавирусийн эрсдэлтэй цагт энэ салбараа адалсан бодлого явуулж байна. Хамгийн тод жишээ нь импортын 160 мянган тонн улаанбуудайн асуудал.

Хүнсний аюулгүй байдал хятадуудын гарт орох уу?

Улаанбуудай бол Монгол улсын хувьд стратегийн ач холбогдолтой, хүнсний аюулгүй байдалд хамаарах цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний түүхий эд. Дэлхийг айлгаж байгаа коронавирусийн аюул буухгүй, эрсдэл нь улам бүр өссөөр байна гэсэн анхааруулгыг ДЭМБ өгчихлөө. Байдал хэцүүдвэл Монгол улс хилээ бүрэн хааж таг зогсох нь гарцаагүй. Тэр үед тариаланч, малчид хоёрынхоо хөлс хөдөлмөрийн шимээр бид хямралыг давахаас аргагүйд хүрнэ.

Өнөөдөр адлуулж яваа хэдэн тариаланчийн тарьсан будаагаар хийсэн гурил, халуун халж хүйтэнд хөрч аж төрдөг хэдэн малчдын маань өсгөж үржүүлсэн мал мах л монголчуудын аминд орно. Тэр утгаар нь гурил, будааны асуудлыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл шийддэг юм. Ч.Улаан сайдын оруулж ирнэ гэж улайран зүтгээд байгаа улаан буудайны импортыг Хүнсний аюулгүй байдал зөвшөөрвөл тариаланчид элгээрээ хэвтэнэ. Товчхондоо энэ жил хүнсний улаан буудай тариалах сонирхол хэнд ч төрөхгүй. Ямар ч бизнес ялгаагүй, нэг жил таг зогсолт хийвэл бүрэн дампуурдаг. Дараа жил нь сэргэнэ гэсэн ойлголт байдаггүй.

Банкинд өртэй, өнгөрсөн жилийн будааны үнийн зөрүүгээ засгаас авч чадаагүй яваа  тариаланчдад хятадуудад компаниа зарахаас өөр сонголт үлдэхгүй. Сая онцолсон зүйлийг гэж тариаланчид өөрсдөө хэлж байгаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй хэд хэдэн тариаланч ийм утгатай үг хэлсэн юм. Зовлон асуудлаа яриад  шүүмжилчихээр яамнаас дарамталж, шатахуун, үр бордоогоор нь боож хаагаад эхэлдэг гэнэ.

Хятадууд мянгат малчин болчихсон байна, өчнөөн га талбайд ногоо тарьдаг төчнөөн хятад иргэн байна гэсэн мэдээлэл давтамжттай цацагддаг даа. Тэгвэл удахгүй төдөн мянган га-д тариа тарьсан төчнөөн хятад байна гэсэн утгатай мэдээлэл хөврөхөд гайхах юм алга. Онцолж хэлэхэд тариаланчид эхнээсээ хятадуудад компаниа зараад эхэлсэн гэх мэдээлэл ч чих дэлсэж байна. Хэрвээ улаанбуудайн тариалалт хятадуудын гарт орвол Монгол Улсын Засгийн газар байдал хэцүүдсэн үед тэдэнтэй яриа хэлэлцээ хийхээс эхлээд өчнөөн асуудалтай нүүр тулах нь ойлгомжтой.

Ямар улаанбуудай импортоор орж ирэх вэ?

Ч.Улаан сайдын импортлоно гэж буй улаанбуудай Хятад, Оросоос орж ирнэ. Бүр тодруулж хэлбэл дийлэнх нь хойд хөршөөс ирнэ. ОХУ-ын хувьд 2018, 2019 онд дарааллаад хоёр жил ургац алдсан. Өөрөөр хэлбэл манайх тэднээс будаа авлаа гэхэд 2017 онд хураасан хуучин будаа худалдаж авна гэсэн үг. Шинэ ургац, шинэ талх, шинэ өндөг хэрэглэж байж хүнсний аюул байдал хангагдана гэдгийг захын хэн ч гадарлана. Гурван жил агуулахад дарагдсан шороотой, элдэв хортон шавжтай будаагаар хийсэн гурил хүнсний аюулгүй байдал хангах уу? Өмнө нь ч импортоор оруулж ирсэн улаанбудаанаас хортон шавж, хортой ургамал илэрсэн тухай мэдээллийг мэргэжлийн хяналтаас өгдөг байсан. Одоо орж ирэх улаанбуудай дээр ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Бас нэг том аюул бий. Ч.Улаан сайдын гол шалтгаан болгож байгаа коронавирусийн халдах нэг зам нь ахуйн хавьтал. Амьсгалаар биш ахуйгаар дамждаг аюултай учраас дэлхийн улс орнууд коронавирусийг цар тахал гэж зарлаад байгаа юм. Хойд хөршид коронагийн халдвар гарсан, урд хөрш бол тэр чигтээ аюултай бүс. Улаанбуудай задгайгаар ирдэг учраас энэ халдварын эрсдлийг авчрахгүй гэх баталгаа байхгүй. Хилээ хааж, хүнээ хорионд оруулж байгаа хэрнээ задгайгаар улаанбуудай оруулж ирэх гээд байдаг нь ямар учиртай юм бол. Шуудхан хэлэхэд ХХААХҮЯ цар тахлын үед эрсдэлтэй импорт хийх гэж улайрч байна.

Улаан буудайн импортоос мөнгө завшдаг гэв үү?

Ер нь ХХААХҮ-ийн үе үеийн сайд нар улаан буудайн импорт хийх гэж улайрдгийн цаана ганц том шалтгаан бий гэж учир мэдэх улс өөр зуураа ярьцгаадаг. Тариаланчдаас үнийг нь буулгаж байж тонныг нь дунджаар 450 мянган төгрөгөөр авдаг улаанбудааг тэд гаднаас тонныг нь 800 гаруй мянгад тооцож авдаг. Засгаас ийм хэмжээний мөнгө авчихаад цаад талаасаа хэдэн жил хадгалсан будааг тонныг нь 300 мянгаар үнэлж аваад, зөрүүг нь ашиг болгоод халаасалчихдаг гэсэн барим тавим мэдээлэл дуулддаг.

Өнгөрсөн намар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Түүхэндээ байхгүй их ургац хурааж авлаа” гэж мэдээлж суусныг хэвлэлийн шарлаж амжаагүй хуудаснаас харж болно. Өөрөө тэгж мэдээлчихээд одоо импортын будаа авахаас аргагүй гээд сууж байгаа нь логикийн хувьд ингэж хардахаас аргагүй нөхцөл үүсгээд байна л даа. Сонгууль дөхсөн энэ үетэй давхцаад коронагийн тархалт хөдөлгөх аргагүй болгосон учраас улстөрчид, эрх баригч МАН-ынхан сонгуулийн мөнгөө хаанаас босгох вэ гэсэн түмэн асуултад ээрэгдчихсэн яваа. Тэдэнд тендерээс мөнгө босгох боломж л байгаа, тэр тендерийн нэг нь улаанбуудайн импорт гэж хардах хэсэг ч байна. Нэг тонноос 500 мянган төгрөгийн ашиг унагадаг гэсэн мэдээлэл үнэн бол яалт ч үгүй их мөнгө унахаар тендер л дээ, улаанбуудайн импортын тендер.

Хэр хэмжээтэй улаан буудай импортлох гэж байгааг нь тээврээр жишээлье. Энэ хэмжээний улаан буудайг импортлохын тулд тасралгүйгээр 4-6 сар тээвэрлэж байж оруулж ирнэ хэмээн учир мэдэх улс хэлж байна. Бараг хагас жил тээвэрлэх хэмжээний улаанбуудайн импорт дээр эцсийн шийд гарвал тариалангийн салбар элгээрээ хэвтэх нь тов тодорхой л доо. Тендер дээр нэмж нэг зүйлийг тодотгомоор байна. Гурилын үйлдвэрүүд өнгөрсөн намар худалдаж авсан будааныхаа мөнгийг өгөөгүй гэж тариаланчид хэлж байгаа. Худалдаж авсан будааныхаа үнийг төлж барагдуулж амжаагүй гурилын үйлдвэрүүд 128 тэрбум төгрөг гаргаад тендерээр орж ирэх буудайг худалдаж авна гэдэг үлгэр.

Товчхондоо Ч.Улаан сайдын санаачилсан импортын будааны багаханыг нь гурилын үйлдвэрүүд авах боломжтой. Үлдсэнийг нь мөнгө байхгүй, оруулж ирэх боломжгүй гэж хэлээд улсаас мөнгийг нь гаргах эрсдэл харагдаад байгаа юм. Бүр цаашлуулж хэлбэл иймэрхүү өнгө аястай арга залийг хулгайн тендер гэж тодотгох нь бий. Эцэст нь онцлоход Ч.Улаан сайд үнэхээр гарцаагүй хэрэгцээгээр улаанбуудай оруулж ирж, өнөөхийг нь гурилын үйлдвэрүүд мөнгөө гаргаад авах чадалтай юм бол эхлээд тариаланчдынхаа будааны мөнгийг өгөх хэрэгтэй. Засгийн газрын тогтоосон маш бага мөнгөөр улаанбуудайгаа нийлүүлдэг тариаланчдаа хохиролгүй болгох ёстой. Банкны зээлийн хүү, ам.долларын ханшийн өсөлтөд түүртэж яваа тариаланчдадаа хөлсөө урсгаж ургуулсан буудайных нь үнийн зөрүүг эхлээд төл, салбарын сайдаа. 

Яагаад гурил биш будаа гэж?

Гайхаж эргэлзэх бас нэг өнцөг байна. Хүнсний хангамж тасалдах нь, гурил тасарч магадгүй гэж санаа зовоод байгаа юм бол аюулгүй байдлаа бодоод шууд гурил импортолж яагаад болохгүй гэж. Хүмүүс улаан буудай биш гурил иддэг. Элдэв хортон шавж, ургамалтай, хатаж муудсан будаа оруулж ирснээс гурил импортолвол хамаагүй цэвэрхэн шийдэл болно. Үнэхээр хүнсний хангамжаа бодож байгаа бол Ч.Улаан сайд ийм шийдвэр гаргах ёстой. Заавал газар тариалангийн салбарынхаа "амийг тасалж”, элгээр нь мөлхүүлж байж улаан буудай гаднаас зөөх гэж улайраад яваагийнх нь цаана юу нуугдана вэ? Хариуг нь сурвалжилж хайхаар маш том асуудал гэж бодож байна.

Сайд гурил оруулаад ирвэл гурилын үйлдвэрүүд ажилгүй болно гэж болгоомжилсон юм болов уу. Хэтэрхий өнгөц, цагаахан төсөөлөл ч гэлээ "ХХААХҮЯ маань ингэж болгоомжилжээ” гэж бодъё. Гурилын үйлдвэрт хот, хөдөөгүй нийлээд 2000 хүн ажилладаг гэж өмнө онцолсон. Харин газар тариалангийн салбар 10-50 мянган хүн тэжээдэг тухай мөн л нийтлэлийн эхэнэд дурдсан. Тэмээ, ямаа шиг харьцуулалт байгаа биз. Бас нэг зүйл хэлье, гурилын үйлдвэрүүд ажилгүй болж, таг зогсолт хийнэ гэсэн ойлголт хэтээсээ байхгүй. Эцэст нь нэг л зүйл хэлье, коронавирусийн эрсдэлтэй үед үнэхээр хүнсээр тасарчих гээд сандарч яваа бол гурил оруулж ирэх боломж байна, Ч.Улаан сайд аа. Яг нарийндаа коронагийн үеийн гурилын нөөц тойрсон асуудал ХХААХҮЯ-нд хамаатай зүйл биш. Онцгой байдлынхан мөнгөө гаргаж гурил худалдаж авч нөөцлөхөд л шийдэгдчих асуудал.

Ингээд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-ны гадаах жагсаалд оролцсон тариаланчдын заримынх нь байр суурийг сонссоноо хүргэе.

Ц.Пүрэвдорж: Эдийн засаг өсөлттэй  өнгөрсөн жилүүдэд газар тариалангийн салбар улам уруудлаа

"Шидэт хөрс” компанийн захирал Ц. Пүрэвдорж: Тариаланчид хураасан ургацаа намар гурилын үйлдвэрүүдэд зээлээр өгдөг юм. Гурилын үйлдвэрүүд сар бүрийн сүүлээр цувруулж өгдөг. Ингэж төлсөөр жил тойрсон явдал ч бий. Өнөөдрийг хүртэл тариаланчдын талаас илүү хувь нь гурилын үйлдвэрүүдээс мөнгөө авч дуусаагүй. Гэтэл бид чинь банкны зээл, зээлийн өндөр хүү, ажилчдын цалин, сэлбэг хэрэгслийн зардал, үр, бордоо, шатахууны мөнгө гээд өчнөөн хөрөнгө мөнгөний асуудалтай нүүр тулж явдаг улс.

Зургаан жилийн өмнө 1,000 гаруй төгрөгөөр авч байсан түлшээ өнөөдөр 2,000 хол давсан үнээр авч байна. Ажилчдын цалингаа ч огцом өсгөхөөс аргагүйд хүрсэн. Тэгэхгүй бол сайн ажилчид маань уул уурхайн компани руу явчих гээд байна. Энэ мэтээр өртөг, зардал өссөөр байгаа. Гэтэл өнгөрсөн зургаан жил засгаас тогтоосон улаанбуудайн үнэ өөрчлөгдөөгүй. Засгийн газар тариалангийн салбараа ингэж л дэмжиж байна даа. Та бод доо, МАН сонгуульд өрсөлдөхдөө атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлж атрын дөрөвдүгээр аян өрнүүлнэ гэж амласан. Гэтэл юун дөрөвдүгээр аян, тариалангийн салбараа элгээр нь хэвтүүлэх шийдвэр гаргах гээд сууж байна.

Ам.долларын ханш огцом өссөөр байгаа. Үр, бордоо, техник хэрэгсэл, түлш гээд бүх зүйлээ гаднаас авдаг тариаланчдын хувьд долларын ханшийн өсөлтөд туйлдаж байна. Бид Хятадаас гадна Канад, Америкаас хүртэл импорт хийдэг. Урамшууллын мөнгө гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ буудайны үнийн зөрүүгээ бид өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд аваагүй байна. Үүнээс болоод зээлийн төлөлт хойшилж, банкуудтай харилцахад ч хэцүү боллоо. Техник, хэрэгсэл сэлбэг зэргээ ч захиалж чадахгүй сууж байна. Уг нь сэлбэг хэрэгслээ 12, нэгдүгээр сард захиалах ёстой юм. Тэгж байж тариалалт эхлэхийн өмнө дөрөвдүгээр сард сэлбэг хэрэгсэл маань ирдэг.

Гэтэл энэ жил сэлбэгээ ч захиалаагүй сууж байна. Үнэнийг хэлэхэд тариаланчид гар дээрээ бэлэн мөнгө авч чаддаггүй улс шүү дээ. Орж ирсэн мөнгийг татварынхан, нийгмийн даатгал, банкууд татаад авчихна. Үлдсэн хэдээр нь цалингаа тавьж, амьжиргаагаа залгуулаад дуусдаг. Ингэхээр хаврын тариалалтын үеэр эргэлтийн хөрөнгөгүй болдог зовлон бий. Эдийн засаг өсөлттэй байсан өнгөрсөн  дөрвөн жил газар тариалангийн салбар улам уруудлаа.

Л.Гантөмөр: ХХААХҮЯ тариалан эрхлэх боломжийг минь үгүй хийх гэж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын тариаланч  Л.Гантөмөр: Иргэдийн тариалалтын хувьд өнгөрсөни дөрвөн жил маш хүнд цохилт өгсөн жилүүд байлаа. Салбарын сайд маань жил бүр солигдсон. Жил бүр шинэ сайдын тушаалыг хүлээдэг асуудал зовлонтой нүүр тулж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд зээлээр бордоо, үр, түлшээ авчихдаг байх. Иргэн хүний хувьд тэгж чаддаггүй. Ганцхан ТЭДС-г л хардаг байсан. Гэтэл УИХ-ын гишүүд ЖДҮ идсэнээс хойш энэ сан маань ажиллахаа болилоо. Тариалалт эхлэх дөхлөө, газар тариалан эрхэлдэг иргэд хаанаасаа юугаа авах вэ гээд сууж байна шүү дээ. Хатуухан хэлэхэд манай салбарт шударга өрсөлдөөн, ардчилланы зарчим алдагдаад удаж байна. Атрын дөрөвдүгээр аяныг яаралтай зарламаар байна. Газар тариаланг дэмжих намын бодлого алга болчихож.

Сайдын маань байр суурь хэнд ч ойлгомжгүй болсон. Жишээ хэлье. Хаврын тариалалтын бэлтгэл гуравдугаар сараас эхлэх ёстой юм. Оготно устгал, техник засвараас эхлээд хийх ажил их бий. Гэтэл өнөөдөр иргэн хүнд тариалалтын бэлтгэлээ эхлэх ямар ч боломж алга. Улсад тушаасан үрийн будааныхаа мөнгийг авч байж, урамшууллынхаа мөнгийг авч байж асуудлуудаа шийднэ шүү дээ. Урамшуулал гэж ойлгоод байгаа болохоос яс юман дээр үнийн зөрүү гэдгийг давтан давтан хэлмээр байна. Бид төр засгаас урамшуулал авах гэж ажилладаггүй. Ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг  хангах гэж хөдөлмөрлөдөг. Төр засгаас хайр ивээл хүртэх гэж ажилладаггүй. Улстөрчид урамшуулал гэдэг үгийг одоо болтол хэрэглэдэгт дургүй хүрдэг. Улаанбудааны урамшуулал биш шүү дээ.

Бидний тарьж ургуулдаг бүтээгдэхүүний үнийг төр засгаас барьчихсан. Тэрнийхээ хариуд л өгч байгаа үнийн зөрүү мөнгө. Урамшууллын 100 мянгыг өглөө гэхэд нэгдүгээр сортод л өгдөг. Гурилын үйлдвэрүүд будааг сортыг нь бууруулсаар тариаланчид урамшууллын мөнгө гэж тонн тутамд дунджаар 50, 60 мянган төгрөг л авдаг. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Манай салбарын яам урамшууллын мөнгийг жил дамнуулж бүрэн олгоогүй яваагаас гадна бүх зүйлийн санхүүжилтийг хугацаа хоцруулж өгдөг. 

Ноднин гэхэд тариалалтын түлшийг зургадугаар сард олгосон. Үр бүр байгаагүй. Тариаланчид эрийн сайндаа л энд тэндээс олж тарьцгаасан. Хугацаа хоцроож санхүүжилтээ авахаар хугацаа хоцроож тарьж таарна. Арай гэж тарьтал ургамал хамгааллын бодисын санхүүжилтийг хоцроосон. Ид хур борооны цагаар ургамал хамгааллын бодисоо авсан учраас хамгаалалтаа хийж чадаагүй. Бороотой өдрүүдэд цацаад дэмий, урсчихдаг юм. Энэ жил ч ялгаагүй байна, харин ч бүр тариалан эрхлэх боломжийг минь үгүй хийх гэж байна. 160 мянган тонн буудай импортоор орж ирвэл бидэнд тариа тарих шаардлага байхгүй болно. 

Эх сурвалж: Өдрийн сонин