|

Тариаланчдад 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр шатахуун олгож байна

Тариаланчдад 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр шатахуун олгож байна

 

Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.

Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтад 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж иргэн ажиллах бол төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна. Хаврын тариалалтад зориулж, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудай, үр ариутгалын болон ургамал хамгааллын бодис, техник, тоног төхөөрөмж, шатахуун зэргийг хөнгөлөлттэй үнээр олгож, тариаланчдад дэмжлэг үзүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн жилийн нөөцөөс 11327 тонн дотоод үр, 7154 тонн импортын үрийн буудайг 305 аж ахуйн нэгж, иргэнд олгоод байна. Энэ нь нийт 18481 тонн үрийн буудайг дотоодын нөөцөөс олгосон гэсэн үг юм.

Энэ жил гурван сортын 7950 тонн элит үрийг ОХУ-аас худалдан авах гэрээ хийсэн. Үүнээс 4581 тонныг импортлон, 66 аж ахуйн нэгж, иргэнд олгоод байна. Түүнчлэн 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр шатахуун олгож эхэлжээ. Энэ дэмжлэгийг 1375 аж ахуйн нэгж, иргэнд үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 1 литр дизель түлшний үнэ дунджаар 1890 төгрөгийн үнэтэй байна.

Тус сангаас 31 аж ахуйн нэгжид 49050 литр үр ариутгах болон ургамал хамгаалах бодисын дэмжлэг үзүүлж, ОХУ-аас оруулж ирсэн 9 нэр төрлийн 45техник, тоног төхөөрөмжийг 17 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй үнээр олгоод байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.