|

25 иргэн ажиглан тусгаарлалтаас гарлаа

Алтанбулагийн боомтоор орж ирж буй иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиглах байранд тусгаарлаж байгаа. 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-аас ирсэн 2 иргэнийг /эмэгтэй/ тээвэрлэн авч ирж Дархан-Уул аймагт тусгаарласан байна. Харин өнөөдөр өглөө 25 иргэн ажиглалтаас гарч байгаа аж. Ингэсэнээр нийт 150 иргэн тусгаарлалтад үлдэж байгаа юм. Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, халуурсан хүн байхгүй гэж Эрүүл мэндийн газраас мэдээлэв.  Тусгаарлах байруудад нийт 6 эмч, 7 сувилагч, үйлчлэгч 7, тогооч 2 бүгд 22 хүн ажиллаж байна.

Ажиглан тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн 7 алба хаагч, 4 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ажиглалтаас гарч буй иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж ажиглах юм. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлэх зэргээр эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагах аж. Нийт иргэддээ улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Л.Отгонбаатар