Малын эмч, мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үндэслэн Үхрийн сүрьеэ, лейкоз өвчингүй, тайван байдлыг тогтоох ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар "Шинжээчийн баг”-тай хамтран зохион байгуулжээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээний мал, амьтны халдварт өвчний судалгаа, зураглалыг гарган /ArcGIS 2000-2018 он/, батлагдсан аргачлалын дагуу 2019 онд Үхрийн сүрьеэ өвчнийг илрүүлэх шинжилгээнд 8895 толгой, лейкоз өвчний шинжилгээнд 1000 үхрийг тус тус хамруулж, шинжилгээний дүнг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын "Өвчингүй, тайван байдлыг тогтоох тухай” 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/258 дугаар тушаалаар "Үхрийн сүрьеэ, лейкоз өвчингүй тайван бүсээр тогтоож, ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А/40 тоот тушаалаар батлагдсан "Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам”-ын дагуу Дархан-Уул аймгийг улсын хэмжээнд зарлажээ.
Ингэснээр халдварт өвчингүй, тайван байдлыг албан ёсоор баталгаажуулсан аймаг, сум, эрчимжсэн аж ахуйг нийтэд албан ёсоор мэдээлдэг бөгөөд эцсийн үр дүн нь тус бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадагш гаргах, худалдаалах, улмаар малчдын амьжиргаанд нөлөө үзүүлэх ач холбогдолтой аж.
Л.Отгонбаатар