Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт коронавирусний шинжилгээг хийдэг боллоо. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2010 онд вирус судлалын лаборатори байгуулсан. Тус лаборатори нь томуугийн вирусийг шинжилдэг байсан бол одоо коронавирусийг шинжлэх боломжтой болсон талаар ЭМГ-аас мэдээлэв.
Энэ нь ХӨСҮТ-д байгаатай адил коронавирусийн оношилгоо хийх хүчин чадалтай лабораторитой аж. Хойд хилээр орж ирж буй иргэд болон ойрын аймгуудын иргэдийн шинжилгээг хийхэд зориулсан тус лабораторид өнөөдрийн байдлаар 10 иргэний шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй аж. Тус лаборатирийг байгуулахаас өмнө тусгай мэргэжилтэн сургаж оношлуурыг хуваарилжээ.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 224 иргэн ажиглан тусгаарлах байранд байна. Нэг удаад 46 иргэний шинжилгээг хийх боломжтой бөгөөд 24 цагийн дотор хариу нь гардаг ажээ. Шаардлагатай гэж үзвэл ХӨСҮТ рүү илгээж давтан шинжлэх боломжтой. Одоогоор нэг эмч, нэг лаборант ажиллаж байгаа бөгөөд халдвар хамгааллыг сайтар ханган ажиллах болохоор нэмж тусгай ариутгагч, лаборант хоёрыг ажиллуулах хүсэлтээ эмнэлгийн удирдлагуудад хүргүүлжээ.
Нөгөөтэйгүүр тулгамдаж байгаа асуудал нь лабораторид хэрэглэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувцас хэрэглэл бүгд нэг удаагийнх байдаг. Тиймээс нэг удаагийн хувцас хэрэглэлийн хангамжийг нэмэгдүүлж өгөхийг хүссэн аж. ХӨСҮТ-ийн тухайд Зөвхөн Дархан-Уул аймагт бус Дорнод, Ховд аймагт илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэл хангаж байгаа ажээ.
Л.Отгонбаатар