|

“Идэр” настай АН-ын эмгэнэл

Өнгөрсөн жил монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн ардчиллын 30 жилийн ойг тэмдэглэж байв. Харин өнөөдөр тэрхүү ардчиллыг эхлүүлэгчдийн эвлэлдэн нэгдэж байгуулсан Ардчилсан намын 30 жил. Монголчууд 30 насыг идэр нас гэдэг. Түүнтэй адилтгавал улстөрд багагүй жин дардаг АН идэр байж таараад байна. Өнөөгийн эрх баригч МАН-тай харьцуулахад ч яалт ч үгүй идэр л дээ. Гэсэн хэдий ч 30 жилийн хугацаанд АН залуужих бус анхны гишүүдтэйгээ өтөлж байна уу гэж харахаар, эцэстээ бүр залуусыг эгнээндээ багтаах дур сонирхолгүй "ахмадын золбоо” гэмээр л болж. АН-ын түүхийг цөөн хэдэн хүн бичих ёстой гэр бүлийн ч гэмээр нам болчихож уу гэж бас хардмаар. Улстөрийн хүчний хувьд дотроо фракциудтай байх нь элбэг. Угаас АН ч тийм байсан. Байсан гэдэг нь тэд хэдхэн жилийн өмнө фракциудаа үгүй болгох мэт ярьж явсан ч өдөө бүр далд хэлбэрт орсон бололтой.

Анх ардчилал ярьж, өнөөгийн биднийг үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр "хангасан” эрхмүүд өнөөдөр өөрсдөө "хаан суудалд заларч” эрх мэдлийн цулбуурыг эсрэг намтайгаа ээлжлэн барих сонирхолтой хэдэн хөгшчүүл болж хувирах нь. Түүний тод жишээ нь энэ жилийн УИХ-ын сонгуульд С.Эрдэнэ намаа толгойлж орох гэж буй тактик. Уншигчид санаж байгаа бол 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хэний ч танихгүй шахам шинэ залуус тойрогтоо "эзэн” суусан АН-ын бурхинуудыг "мөргөөд” л гараад ирчихэж билээ. Тухайн үед цочирдом мэдээ, харамсалтай дүр зураг сонгуулийн ялалтын чимээ байсан. Монголчууд улстөрд удсан ч улсөөө хөгжүүлэхэд бус хөрөнгөө зузаатгахад мэрэгшсэн хүмүүсээс үндсэндээ залхчихсан байгаагийн илрэл. Тэгвэл энэ жил ч ялаагүй АН парламентын сонгуулиар бүдэрч мэдэхээр байгаа аж.

Өдгөө АН-аас нэр дэвшихээр горилж буй 120 гаруй хүн бий. Тэдний намдаа тушаах ёстой мөнгө нь залууст хэт хатуудаж, 70-аад оныхон нь бууж өгөх эсэхдээ тулчихсан толгойгоо гашилгаж байгаа аж. Хийж, бүтээх, өөрчлөлт шинэчлэлийн горимыг хэрэгжүүлэх нэгэн үеийн залуус АН-д бий. Ардчилсан Монгол Улс болсны "буяныг эдэлж” алс хол, харь нутагт суралцан, боловсрол эзэмшсэн намдаа, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн залуус олон бий. Харамсалтай нь боловсрол, мэдлэгтэй нь бус мөнгө, хөрөнгөтэйг нь АН өөд нь татаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх атгуулахаар эрхэм дарга С.Эрдэнэ нь шуударчхаад байгаа. Бүр байгаад зарим тойрог өөрийн хүмүүсээ тохоон томилж, санхүүгийн чадамжгүй бол өөрөөсөө нэмэрлэж, туслан багаа бүрдүүлж эхэлжээ. Тиймээс л идэр настай АН идэр залуустай халтай хандаж, С.Эрдэнэ дарга энэ намыг булшлах вий дээ хэмээн зарим гишүүн нь халаглаж сууна.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn