Энэхүү хуулийн төсөлд жижиг бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрт (Paycheck Protection Program) 300 гаруй тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан компаниуд авсан зээлээ ажилчдынхаа цалин, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү, мөн түрээсийн төлбөр, нийтийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан тохиолдолд буцааж төлөхгүй байж болох аж. Өмнө нь Конгресс энэ хөтөлбөрт 350 тэрбум ам.доллар хуваарилсан боловч дөрөвдүгээр сарын дунд гэхэд санхүүжилт нь дуусжээ. Үүнээс гадна, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих өөр хөтөлбөрийн хүрээнд 60 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгасан байна.
Түүнчлэн эмнэлгүүдэд 75 тэрбум, коронавирус илрүүлэх шинжилгээний хөтөлбөрт 25 тэрбум ам.доллар гаргах аж. "Америкийн ажилчид болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд нэмж 320 тэрбум ам.доллар хуваарилах миний уриалгыг хүлээж авсанд би Конгресст талархаж байна. Америкийн олон иргэн эдийн засгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй тулгарсан энэ үед жижиг бизнес эрхлэгчид сая сая ажилтнаа ажлын байранд нь үлдээж, цалингаа өгөхөд энэ арга хэмжээ тус дэм болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимын санал хураалт дууссаны дараа мэдэгджээ.
Д.Жаргал